Есөн сартай нярай хүүхдээ вакцин хийлгэснээс болж алдлаа гэсэн ээжийн мэдээлэл иргэдэд тэр дундаа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд эргэлзээ, айдас төрүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ- ийн вакцин, биобэлмдэлийн захиалга төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн н.Уранжаргал болон Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар дараах тайлбарыг хийлээ.

МУ –ын хэмжээнд 0-15 насны хүүхдийн заавал хийх вакциныг ЗГ –ын 2009 оны 185 тоот тогтоолын дагуу 13 төрлийн халдварт өвчний эсрэг зургаан нэр төрлийг вакциныг НҮБ –ийн хүүхдийн сангийн шугамаар дамжуулан худалдаж авч хийдэг. Манай улсын ЗГ өөрийн санхүүжилтээр заавал хийх дархлаажуулалтын вакцинаа худалдаж авч хийдэг ба тусламжийн вакцин хэрэглэдэг гэдэг нь ташаа ойлголт.

НҮБ –ийн хүүхдийн сангийн хангамжийн хэлтэст байгаа вакцинууд Англи, Япон, Солонгос, Болгар, Нидерланд, Энэтхэг зэрэг улс орнуудад үйлдвэрлэгдсэн вакцинууд байдаг.

Вакциныг хадгалах, тээвэрлэх явцын тухайд сайдын тушаалын дагуу нарийн хяналтын дор бүх үйл ажиллагаа явагддаг. Манай улсын Чингис хаан нисэх буудал хүртэлх хүртгэлт хадгалалтыг НҮБ –ийн хүүхдийн сан хариуцаж, Чингис хаан нисэх буудалд бууснаас хойш ХӨСҮТ–ийн ажилтнууд мэргэжлийн нөхцөл, төхөөрөмжтэйгээр тээвэрлэж хадгалдаг.

Манай улсын хувьд галзуугийн вакциныг ОУ –ын шаардлага хангасан үйлдвэрээс худалдаж авдаг. МУ –ын хүний эмийн зөвлөлөөр хуралдуулаад эмийн бүртгэлд бүртгэгдсэн вакциныг авдаг.

Хүүхдийн заавал хийлгэх товлолт вакцин:

Хүүхэддээ вакцин хийлгэхдээ эцэг эхчүүд анхаарах зүйлс:

-Вакцин хийлгэхэд халуурах, тарьсан хэсэгт хавдах, хөндүүрлэх улайх шинж тэмдгүүд илэрдэг. 38 хэм хүртэл халуурч байвал айх шаардлагагүй. Харин 38 хэмээс дээш халуурч байвал эрүүл мэндийн байгууллагад заавал хандах хэрэгтэй.

-Вакцин хийлгэхээс өмнө эмчийн үзлэгт заавал нарийн оруулах ёстой ба вакцин хийлгэ гэсэн өдөрт нь вакциныг хийлгэх ёстой. Эрүүл хүүхдэд л вакцин хийх ёстой.

-Вакцин хийж байгаа сувилагчаас ямар өвчний эсрэг вакцин хийх гэж байгааг асуух

-Тухайн вакциныг шинээр задлаад, шинэ зүү тариурыг хэрэглэж байгаа эсэхийг эцэг эхчүүд өөрсдөө сайн хянах

-Хугацаа болон үйлдвэрлэгчийг сувилагч танилцуулах ёстой ба танилцуулаагүй тохиолдолд шаардаг эрхтэй

-Вакцины дулааны нөлөөллийг харж болно.

-Тухайн вакцины шошгон дээр дулааны нөлөөлөлд орсон бол түүнийг илтгэх идикатор бий. Мөн тухайн вакцин ямар хэмд хадгалагдаж байсныг бүртгэлээс нь хянаж болно.

Зарим үед эмчийн үзлэгээр гардаггүй төрөлхийн гажигтай, тархины гэмтэлтэй, бөөрний эмгэг нууц үедээ байх үед вакцин хийсэн тохиолдолд тухайн өвчин вакцины дараах урвалтай давхцан илрэх тохиолдол 1000 -д хоёр орчим гардаг тул эцэг, эхчүүд таны хүүхэд хэзээ ямар зовиур шаналалтай, удамшлын өвчин байх боломжтой эсэхийг сайтар анзаарч эмчтэй зөвлөх ёстой юм. Мөн өмнөх тунг хийхэд илэрсэн урвалыг ярилцах хэрэгтэй.

ХӨСҮТ- ийн вакцин, биобэлмдэлийн захиалга төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн н. Уранжаргал:

-Есөн сартай хүүхэд вакцин тариулаад нас барсан уу?

-Вакцин тариулаад хүүхэд нас барсан тохиолдол байхгүй. Тухайн хүүхэд үжлийн шокор нас барсан байх магадлалтай. Өнөөдөр эцсийн хариу нь гарна.

-Үжлийн шок гэж юу вэ?

-Нас барсан хүүхэд маань идээт үрэвслээр өвдөж байсан байх магадлалтай. Вакцины өмнөх үзлэгээр илрээгүй бөгөөд вакцины дараах урвалтай зэрэгцэж илэрсэн байх

-Вакцины дараах урвал хүндрэл хэр элбэг вэ?

-Вакцины дараах урвал хүндрэлын тухайд 100,000 хүүхдэд хийхдээс 1-2 хүүхдэд хүнд урвал өгнө гэсэн дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн үр дүн байдаг. Уг урвал хүндрэл вакцинаас төдийлөн шалтгаалдаггүй. Ихэнх тохиолдолд тухайн хүүхдийн генетикийн онцлогоос хамаардаг. Сүүлийн үед харшилтай холбоотойгоор урвал хүндрэл нэмэгдэж байх магадлалтай байгаа.

-Хувийн эмнэлэгүүд вакцинаар бизнес хийдэг үү?

-Хувийн байгууллагууд ашиг олох зорилгоор вакцин оруулж ирэх ямар ч боломж байхгүй.

-Вакцин хийлгэх гэж байгаа хүүхдийг үздэг эмч хайнга хандах, анзаарахгүй өнгөрөөснөөс болж вакцины дараах урвал хүндрэл хүндэрсэн тохиолдол хэр олон бэ?

-Вакцины өмнөх үзлэг оношлогоонд эцэг эхчүүд өөрсдөө маш хянамгай, хүүхдэд нь ямар зовиуртай байсан болон байгааг сайтар хэлж өгөх хэрэгтэй. Вакцины өмнөх үзлэгт энэ маш чухал үүрэгтэй. Бид мөн эмчийн үзлэгийг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн мэдээгээр бол жилдээ 10-15 орчим тохиолддог. Хүнд хэлбэрийн урвал жил болгон тохиолдоггүй.

-Хүүхэд вакцинаас татгалзвал ямар хор хөнөөлтэй вэ?

Хэрвээ хүүхэддээ вакцин хийлгэхгүй бол улаан бурхан, сахуу, татран, хөхүүл ханиад, гепатит зэрэг 13 төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн