Оспан: Алтайд Казах үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтлана

Баруун хилийн ялалтын 70 жилийн ойд 1930-аад оны эхээр БНМАУ-ын баруун, зүүн хил дээрх гадаад, дотоод цагийн байдал хүндэрсэн үеэр Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-ын Засгийн газрын урилгаар 1934 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 2-ны хооронд Москвад айлчилж, Сталин, Молотов нартай уулзсан билээ.

Энэ уулзалтаар хоёр тал цэргийн довтолгооныг урьдчилан зайлуулах, түүнээс сэргийлэх хэрэгт бие биеэ бүх талаар харилцан дэмжинэ…” гэсэн агуулгатай аман хэлэлцээрийг байгуулав.Үүнээс хойш тун удалгүй дэлхийн олон улсын цэрэг-улс төрийн байдал нэн хурцадсан тул Зөвлөлтүүд Монголтой байгуулсан аман хэлэлцээрээ албан ёсны болгож баталгаажуулахыг яаравчилж байв. Ийнхүү 1936 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо ЗХУ, БНМАУ-ын хооронд “Харилцан туслалцах гэрээ” байгуулагдав.

Монголын талаас А.Амар, П.Гэндэн, Зөвлөлтийн талаас бүрэн эрхт төлөөлөгч Таиров нар гарын үсэг зуржээ. Уг гэрээний 1 ба 2 дугаар зүйлд “…Хоёр этгээд нь хэрэв ямар нэг гурав дахь этгээдээс ЗСБНХУ болон БНМАУ-ын нутаг дэвсгэрт довтлох аюул тохиолдох аваас бие биедээ элдэв тусламж, түүний дотор цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх явдлыг харилцан үүрэг болгон авч байна…” гэж заажээ. Энэхүү гэрээний цаад агуулга нь БНМАУ-ыг ЗХУ өөрийн эрх ашгийн үүднээс хамгаалахдаа Япон, Манж-Гогоос Зөвлөлтийн Сибирь, Алс Дорнодод учруулж болзошгүй аюулаас сэрэмжлэн хамгаалахад чиглэгдэж байв.

Уг хэлэлцээрийг ЗХУ БНМАУ-тай байгуулмагц Гоминданы Хятадаас хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байлаа. Гоминданы Засгийн газар 1936 оны 4 дүгээр сард ЗХУ-ын Засгийн газарт хүргүүлсэн нот бичигтээ: Гадаад Монгол бол Бүгд Найрамдах Хятад Улсын салшгүй хэсэг тул гадаадын ямар ч улс орон түүнтэй ямар нэгэн хэлэлцээр байгуулах эрхгүй гэж эсэргүүцэн мэдэгдэв. Үүний хариуд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын газраас Хятадын хэргийг түр хамаарагчид өгсөн нот бичигтээ “…Зөвлөлт, Монголын хэлэлцээр нь гагцхүү СССР ба БНМАУ түрэмгийлэлд өртөж, өөрсдийн нутаг дэвсгэрийг өмгөөлөн хамгаалахад хүрэх нөхцөлд хэрэгжих учир гуравдагч орны ашиг сонирхлын эсрэг хандаагүй болно.

Зөвлөлт Засгийн газар Хятадын Засгийн газрын эсэргүүцлийг ор үндэсгүй гэж няцаахад хүрэв” гэж хариу мэдэгдсэн байна. Протоколын дагуу БНМАУ ЗХУ-аас цэрэг, зэвсгийн тусламж авснаар тус орны зүүн хязгаараар өнгөлзөж байсан Япон-Манж-гогийн эсрэг 1939 оны Халхын голын дайнд хамтран тулалдаж, ялалт байгуулсан нь баруун хязгаараар зэвсэгт түрэмгийлэл өдөөж байсан хасгийн болон Гоминданы Хятадын аюул заналыг түр боловч саармагжуулж чадсан билээ.

БНМАУ-ын гадаад бодлогод 1930-аад оны сүүл 1940-өөд оны эхээр хилийн гадна болоод хил орчмын нутаг дэвсгэрт амьдардаг үндэстэн ястны асуудал онцгой байр суурь эзэлж байсан юм. Үүний нэг илрэл нь БНМАУ-ын хасаг, торгууд, захчин, урианхай иргэд болоод зэргэлдээх Шинжаан мужид суурьшсан тэдний нэг угсаатан хоорондын харилцааны асуудал байв. Маршал Х.Чойбалсан 1939 оны 12 дугаар сард Москвад айлчлах үеэрээ ЗХУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын орлогч В.Г.Деканозовтой уулзаж энэ тухай ярилцсан байдаг.

Тэрээр БНМАУ-д хасаг ястан 25.000 гаруй байдаг ба одоо хүртэл бие даасан засаг захиргааны тусгай нэгж байдаггүй тул тэдний ахуй байдлыг сайжруулах үүднээс манай Засгийн газар казах-урианхайн аймаг байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн байна. Гадаад хэргийн Ардын комиссариатын орлогч В.Г.Деканозов үндэсний тусгаар ийм аймаг байгуулах нь танай улсын баруун хязгаарын тогтворгүй байдлыг намжаахад тус болно хэмээн маршал Х.Чойбалсанд зөвлөсөн байдаг.

Дээрх зөвлөгөөний үр дүнд 1940 оны 6 дугаар сард хуралдсан Улсын VIII их хурал, МАХН-ын X их хурлын шийдвэр, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 37 тоот тогтоолоор Ховд аймгийг хувааж хасаг, урианхайн шинэ аймаг байгуулах тухай Засгийн газрын комиссыг байгуулжээ.

Засгийн газрын төлөөлөгчдийн шууд удирдлагад орон нутгийн нам, захиргааны байгууллагуудын сонгуулийн хурлууд болж, аймгийн анхдугаар их хурал 1940 оны 8 дугаар сард хуралдан шинэ аймгийг “Баян-Өлгий” гэж нэрлэж, аймгийн төвийг Ховд голын хөвөөн дэх Өлгий гэх газар суурьшуулахаар тогтжээ. Ингэж Баян-Өлгий аймаг “…10 сум, 71 баг, 7063 өрх, 32301 хүн ам…” бүхий хасаг, урианхай үндэстний аймаг болов.

Нам, төрөөс хил хязгаараар дүрвэн ирэгсдийг тогтвор суурьшилтай, амар амгалан байлгах зорилгоор Баян-Өлгий аймгийн төв, Алтанцөгц, Баяннуур, Толбо, Цагааннуур, Цэнгэл зэрэг сумдад хүн эмнэлэг болон сургууль, соёлын төвүүд барьж, улмаар 8-14 насны бүх хүүхдийг бага сургуульд хамруулах зорилт дэвшүүлэн Зөвлөлтийн Казахстанаас мэргэжлийн 10 гаруй багш урьж, ажиллуулсан бөгөөд баруун хязгаарт оршин суугчдыг ахуйн өргөн хэрэглээний бараа таваараар тусгайлан хангаж, тэдэнд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг үзүүлж байв.

Гэвч Баян-Өлгий аймгийн Хужирт, Цагаан гол, Улаан хус, Цагааннуур, Баяннуур, Цэнгэл, Дэлүүн, Толбо, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган зэрэг хязгаар нутгийн сумдад зарим этгээд ард олонд Шинжаан руу нүүн суурьшихыг элдэвчлэн ухуулж, бөөн цөөнөөр гэр орон, мал хөрөнгийн хамтаар БНМАУ-ын хил давуулан нүүлгэх ажлыг зохион байгуулж байв. Үүнээс гадна эл явуулгыг эсэргүүцэн тэмцэгсэд, үл дагагсдыг өшин хохироох, алж талах, орон нутгийн нам, захиргааны байгууллагын үйл ажилпагааг хутган үймүүлэх, ард олны сэтгэл санааг тогтворгүй болгох цуу яриа тархаах, бүс нутагт үймээн дэгдээхийг оролдсон ажил, явуулга олон удаа хийж байв.

Үүнтэй холбогдуулан БНМАУ-ын Засгийн газар тус орон нутгийн байдалтай газар дээр нь нарийвчлан танилцаж зохих арга хэмжээ авах асуудлаар удаа дараа хэлэлцэж, 1943 оны 10 дугаар сард Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн сум, орон нутагт нөхцөл байдлыг судлуулахаар Намын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Янжмаагаар удирдуулсан ажлын хэсгийг томилон явуулжээ. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо С.Янжмаагийн “Баруун аймгуудад ажилласан тухай” мэдээллийг 1943 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сонсоод “Баян-Өлгий аймагт бий болсон хасаг үндэсний зарим асуудал ба аймгийн нам, улс төрийн ажлыг дээшлүүлэх тухай” тогтоол гаргажээ.

Уг тогтоолд: “…Баян-Өлгий аймгаас иргэд бөөнөөрөө дүрвэж байгаа нь тус аймагт хувьсгалын эсэргүү бүлэг байгаагийн илрэл бөгөөд энэ нь өөрийн үйл ажиллагаандаа казах хүн амын шашны зан үйл, бусад онцлогийг хортойгоор ашигласны үр дүн юм. Энэхүү хувьсгалын эсэргүү бүлгийн үйл ажиллагаа гарах шалтаг нь нам, улс төрийн ажилд гарч байгаа ноцтой алдаа завхрал мөн. Хасаг олон түмний үндэсний онцлогийг үл харгалзсан, тэдний дотроос боловсон хүчнийг дэвшүүлэн ажиллуулах асуудлыг орхигдуулсан явдалтай шууд холбоотой гэж дурджээ.

Тогтоолын төгсгөлд БНМАУ-ын цөөнх болох хасаг, урианхай үндэстэн ястнуудын амьдралыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай нутаглуулах, өргөн хэрэглээний бараа таваараар хангах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгажээ. Түүнчлэн 1940 оны эхээр Зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгч А.И.Иванов Гадаад Яамны Ардын комиссариатын газрын даалгавраар Алтай, Ховдын хязгаар нутгаар явж, нөхцөл байдлыг судлан удирдлагадаа илтгэж байжээ.

Тэрээр, “Ховд аймгийн хасаг, урианхай, торгуудуудын дотор тусгаар тогтнох гэсэн үзэлтэй хүмүүс нэлээд байгааг анхаарахгүй байж үл болно. Иймэрхүү үзлийг Юльбарс, Килим, Урианхай Да лам Чүлтэм, Галдан мэтийн нөлөө бүхий цагаачид хилийн чанадаас өдөөн дэвэргэж байгаа бөгөөд бие даасан улс байгуулах зорилгоор зарим нэгэн бэлтгэл ажил хийгдэж байна.

Зарим хувьсгалын эсэргүү элементүүд үндэсний үзэлтэй удирдах хүмүүсийг энэ ажилдаа татан оролцуулах оролдлого хийсээр байна” гэж мэдэгдэж байсан нь Зөвлөлтийн Монголын баруун хязгаар болон хилийн чанад дахь Шинжааны асуудалд онцгой анхаарал хандуулж байсны баримт юм. 1940-өөд оны эхэн үеэр баруун бүс нутагт бий болсон улс төрийн нөхцөл байдлаас үүдэн БНМАУ-ын төрөөс баримталсан бодлого нь өвөрмөц онцлогтой хэрэгжсэн юм.

Шинжааны бүс нутгийн талаар ЗХУ болон АНУ өрнөдийн гүрнүүдийн баримталсан бодлого нь тэрхүү бүс нутагт өөрсдийн нөлөөний хүрээг тогтоох, эрх ашгаа хамгаалан бэхжүүлэхэд чиглэж байсан бол БНМАУ-ын хувьд тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын аюулгүй байдлаа бэхжүүлэхийг чармайж байв. Баруун хил хязгаарын гадаад цагийн байдал хүндэрсэнтэй уялдуулан Монгол, Зөвлөлт улсаас Оспанаар толгойлуулсан казахын босогчдыг Гоминданы Хятадын эсрэг нэлээд зохион байгуулалттай ашигласан байна.

Оспантай холбоо тогтоох ажлыг ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын комиссариатын Тагнуулын газрын дарга, хошууч генерал Лонфанг, Хязгаарын цэргийн зөвлөх С.Попов, Цэргийн яамны зөвлөх Рубин, Өвөр Байгалийн цэргийн тойргийн командлагч Ковалев, БНМАУ-д суугаа Бүрэн эрхт Элчин төлөөлөгч Иванов нар шууд гардан удирдаж, манай талд зааварчилгаа, чиглэл өгч байв.

Үүнээс дүгнэн үзэхэд Шинжаан болон Монголын баруун хязгаарын асуудалд ЗХУ хэрхэн ач холбогдол өгч байсан нь тодорхой. Учир нь Шинжаан мужид Зөвлөлтийн засаг өөрсдийн үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэх, улс төр, эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлэх, уул уурхайн баялгийг нь хяналтдаа байлгах бодлогыг баримталсан байдаг. Энэхүү бодлого, үйл ажиллагаагаа Шинжаанд хэрэгжүүлэхдээ Зөвлөлтийн зүгээс өөрсдийн эрх ашгаа тэргүүн ээлжинд тавихын зэрэгцээ Монгол Улсын баруун хязгаарт үүссэн 1930-1940-өөд оны нөхцөл байдлыг ашигласан байна.

1930-аад оны сүүлч, 1940-өөд оны эхээр өөрсдийн тусгаар тогтнол, эрх чөлөө, шашин шүтлэгийнхээ төлөө тэмцэж буй Оспаны зэвсэгт бүлэглэлүүд Гоминданы Хятадын цэргийн мөрдлөг, цохилтоос дүрвэн уул хадаар бүгэн тэнүүчилж байлаа. Тэд хоол хүнс, зэвсэг, галт хэрэгслээр дутагдан гачигдахаараа БНМАУ-ын Ховд, Алтай аймгййн хил орчмын сумдын нутаг дэвсгэр дэх ард иргэдийн мал, эд хөрөнгө рүү зэвсэглэн халдаж, дээрэм, тонуулын аргаар хүчээ сэлбэх болсноор тус улсын баруун хил хязгаарт түгшүүртэй байдлыг үүсгэсэн байна.

Хязгаарын цэргийн тагнуулын мэдээнээс үзэхэд Оспаныхан Гоминданы цэрэгт шахагдаж, газар нутгаар хавчигдан манай хилийн ойролцоо нутаглаж, Гоминданы цэргийн агт морьд, эд хогшлыг удаа дараа дээрэмдэж байсан учир хятадууд тэдэнд нааштай хандана гэдэгт төдийлөн итгэхгүй байв. Үүний зэрэгцээ тэд идэх хоол, өмсөх хувцас, зэр зэвсгийн нөөцгүй учраас бүхий л зүйлээр гачигдан, цаашид яахаа ч мэдэхгүй болсон байсныг Ховд аймгийн Тагнуулын тасгаас илрүүлэн тогтоосон нь маш чухал байлаа.

1943 оны 6 дугаар сард Маршал Х.Чойбалсан, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал нар Дотоод явдлын яамны сайд Б.Шагдаржав, орлогч сайд Б.Дүйнхоржав, Хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын дарга Б.Дорж нарыг зөвлөхүүдтэй нь хүлээн авч уулзаад баруун хязгаарт үүссэн цагийн байдалтай уялдуулан яаралтай авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахыг даалгаж, хэрхэн ажиллах талаар санал бодлоо солилцсон байна. Энэ үеэс эхлэн баруун хязгаарын хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагаа эрчимжсэн ажээ.

Төлөвлөгөөний дагуу Гоминданы Хятад, Оспаны хоорондын зөрчлийг ашиглан нэгийг нь нөгөөгөөр цохиулах зорилт тавьж, Оспаныханы тэмцэлд дэмжлэг үзүүлэх, тэдэнтэй яаравчлан холбоо тогтоох үүргийг ДЯЯ-ны орлогч сайд, хурандаа Б.Дүйнхоржавт маршал Х.Чойбалсан даалгасан байна. Энэ үүргийн дагуу Б.Дүйнхоржав БНМАУ-ын Засгийн газраас холбоо тогтоохыг сонирхож буй агуулга бүхий захидлыг 1943 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 3 хүнээр Оспаны байрлал руу илгээсэн байна.

Гэтэл хятад цэргийн мөрдлөгөөс болж байрлалаа байнга сэлгэж байсан Оспаныхныг тэд олж уулзаж чадалгүй эргэн иржээ. Иймд даруй тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй 3 хэсгийг тагнуулын мэдээнд үндэслэн тэдний байршин байж болзошгүй чиглэлээр дахин илгээсэн байна”. 1943 оны 9 дүгээр сарын дундуур Баян-Өлгий аймгйин Дэлүүн сумын ард керей овгийн хасаг ястан У.Хамхаашийн ахалсан хэсэг Оспаныг олж уулзсан байна.

Оспан болон Монголын албан ёсны төлөөлөгчдийн анхны уулзалт 1943 оны 10 дугаар сард болов. Эл уулзалтыг манай талаас санаачилсан бөгөөд БНМАУ-ын Засгийн газрын зөвлөх Пахомов, ДЯЯ-ны орлогч сайд Б.Дүйнхоржав нар тусгай элч зарж даалимба, цай, дуран зэргийг Оспанд бэлэг болгон илгээж, Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Хайртын даваа гэдэг газар уулзах санал тавьжээ.

Уг саналыг Оспан хүлээн авч 1943 оны 10 дугаар сарын 5-ны өдөр өөрийн шадар 40 орчим хүн дагуулан товлосон газар ирж, Пахомов, Б.Дүйнхоржав тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзсан байна. Уулзалтаар Оспан “Бид Хятадыг Алтайгаас цэвэрлэж, Алтайд казах үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтална.

Бидний явуулж байгаа тэмцэл нь өөрсдийн зан заншил, мусульман шашны их үйл хэргийн төлөө Алтайн казах ардуудыг тусгаар тогтнуулах зорилгоор Хятадыг эсэргүүцэн тэмцэж байгаа үндэсний эрх чөлөөний бослого…” хэмээн ярьсан бөгөөд Оспанаас Монголын Засгийн газарт хандан хэд хэдэн хүсэлт тавьсан байна.

Үргэлжлэл нь дараагийн дугаарт ХХЕГ-ын Хилийн цэргийн төв архив, түүхийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Рh.D), дэд хурандаа Н.ДАВААДОРЖ

Эх сурвалж: “Соёмбо” сонин

3 thoughts on “Оспан: Алтайд Казах үндэстнийг тусгаар тогтнуулах зорилгыг хатуу баримтлана

  1. зочин 2018-08-16 18:59 at 18:59

    зайлуулч наад хасагуудаа

    Хариулах
  2. зочин 2018-08-17 08:39 at 08:39

    казакстан руугаа яваа тэнд чинь танай улс байгаа

    Хариулах
  3. zochin 2020-05-27 11:40 at 11:40

    хасаг новшнуудыг зайлуулах хэрэгтэй

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн