ЗТХЯ-ны даргын аминд хүрсэн 48 настай М-д Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

 Өчигдөр орой  22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны хэлтэсийн дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан.  Энэ асуудлаар дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.Тэрбээр “Өчигдөр буюу 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам, тээврийн хөгжлийн яамны байрны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийж ажиллалаа.Урьдчилсан байдлаар Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г-ийн амь насанд мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга, 48 настай М халдсан болохыг тогтоон, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Талийгаач Г-ийн үхлийн шалтгаан шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болно. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан хугацааны дотор гардаг. Сошиал орчинд албан тушаал булаалцалдсанаас болж ийм хэрэг болсон гэх ташаа мэдээлэл гарсан. Энэ хэрэг нь Г, М нарын хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн нь тогтоогдсон. Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдох боломжтой” гэв.Зарим эх сурвалжийн мэдээлснээр Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд тус яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурсны улмаас маргалдаж зодолдон, улмаар нэгнийхээ аминд хүрсэн байна.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.