Хиймэл зүрх зохион бүтээсэн Австрали залуу ирээдүйн тэрбумтан

Австрали залуу Даниель Тимм бага наснаасаа механикийн салбарыг ихэд сонирхон судлах болжээ. Учир нь түүний эцэг, эх нь хоёулаа механикийн мэргэжилтэй хүмүүс байдаг аж. Тэрээр 23 настайдаа Австралийн Брисбан хотын Куинсландын их сургуульд механикийн мэргэжлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ үеэсээ эхэлж зүрхний дутагдалтай хүмүүст зориулж зүрхний амьсгалыг хиймлээр дэмжих төхөөрөмжийг зохион бүтээхээр сэтгэл шулуудсан байна.

Даниелийн зохион бүтээсэн авсаархан хиймэл амьсгалын төхөөрөмжийг эрдэмтэн судлаачид нэг төрлийн хиймэл зүрх хэмээн тодорхойлжээ. Учир нь зүрх шилжүүлэн суулгах олон цагийн хүнд хагалгааны үеэр уг төхөөрөмж нь зүрхийг орлож, хагалгааны туршид өвчтөнийг яг л зүрхнээсээ салаагүй байгаа мэтээр амьсгалуулан амьдруулж чаддаг ид шидтэй юм.

Зөвхөн насанд хүрсэн хүн төдийгүй бага насны хүүхдийн зүрхийг ч хэд бол хэдэн цагаар орлох чадвартай нэг төрлийн хиймэл зүрхийг Австралийн зарим эмнэлгүүдэд амжилттай туршаад эхэлчихсэн гэнэ. Хиймэл зүрхний ажиллах зарчим нь маш энгийн бөгөөд яг амьд зүрх шиг их хэмжээний цусыг шахаж, бас гадагшлуулж чаддаг юм.

Жил бүр 300 мянган австрали хүн зүрхний дутагдалд ордог аж. Даниелийн аав нь ч бас 55 насандаа яг ийм оноштойгоор нас барсан юм. Судалгаагаар 2030 он гэхэд тус улсад зүрхний дутагдалд орж нас барагсдын тоо 25 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ.

Тиймээс авьяаслаг инженер Даниель Тиммийн зохион бүтээсэн зүрхний үйл ажиллагааг дэмжих төхөөрөмж буюу хиймэл зүрх нь ирээдүйд тун ч эрэлт хэрэгцээтэй байж, эзэндээ олон саяын ашиг авчрах бүтээл болж чадсан хэмээн мэргэжлийн хүмүүс онцолж байна. Гаднаас нь харахад хэн ч зүрхний үйл ажиллагааг орлож, дэмжих зорилготой төхөөрөмж хэмээн хэлэхээргүй цэвэрхэн дизайнтай энэ бүтээлийг нобелийн шагналд нэр дэвших хэмжээний том бүтээл болж чадсан хэмээн Австралийн зарим хэвлэлүүдэд бичжээ.

Эх сурвалж: Australia Unlimited 

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.