Талийгаач хүү сургалтын төлбөрөө олох гэж барилга дээр ажиллаж байжээ

Хан уул дүүргийн 11-р хороонд байрлах Хүннү хорооллын барилгын талбайд өчигдөр 19.00 цагийн орчимд осол гарч 17 настай хүү амь насаа алдсан байна. Ажилдаа барилгын туслахаар ороод 14 хонож  байсан хүү хүний оронд түр ажиллаж байгаад ийм байдал үүсч харамсалтайгаар амиа алджээ.

Гэр бүлийнхэндээ дэм болж, сургалтын төлбөрөө олохын тулд наадмаас хойш тухайн барилга дээр ажиллаж байгааг түүний төрсөн ах нь хэлсэн юм. Талийгаач У нь хөдөлмөрч хичээнгүй хүүхэд байсныг ар гэрийнхэн нь ярьж байна. Хийх ёсгүй ажлаа хийж, аюултай нөхцөлд ажиллаж байсан хүүхдээ алдсан гэр бүлийнхэн гомдолтой байна. Тэрээр өдрийн 25 мянган төгрөгийн цалин авч байгаа гэж гэрийнхэндээ ярьж байжээ.

Энэ талаар харьяа цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу шалгахад чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч, 17 настай У гэх эрэгтэй толгойн тус газраа цохиулсан байна.

Сурталчилгаа

Хэрэг гарахад дэргэд нь байсан эх сурвалжийн мэдээлснээр 17 настай хүү 40 тоннын чингэлэгийг краны дэгээнд бэхэлсэн. Гэтэл аюулгүй байдлаа хангаагүй байхад нь чингэлгийг өргөж эхэлсэн байна. Улмаар краны тросс тасарч, дэгээ төмөр талийгаачийн толгой дээр унажээ. Дээрх ослоос хэд хэдэн зөрчил харагдаж байна.

Нэгдүгээрт, кранд ачаа бэхлэх болон кранистад дохио өгөх ажлыг мэргэжлийн хүн хийх ёстой. Хоёрдугаарт, эрсдэлтэй ажил хийж байгаа хүний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын малгай өмсүүлэх учиртай. Гуравдугаарт, насанд хүрээгүй хүүхдээр ажил хөдөлмөр эрхлүүлэхгүй байх хууль бий. Гэвч эдгээр дүрэм журмыг мөрдөөгүйн улмаас 17 настай хүүхэд амиа алдаад байна.

Энэ нь сард 22 хоног ажиллана гэж үзвэл 550 мянган төгрөг гэсэн үг. Тросс нь тасарсан кран өөрөө дээд тал нь 20 тонн жинтэй ачаа өргөх чадамжтай байжээ. Гэвч осол гарах үед өргөж байсан ачаа нь 25 тонн байсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага урьдчилсан байдлаар тогтоосан. Хууль хяналтын байгууллага хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

7 сэтгэгдэлтэй

  1. эвий дээ. үнэхээр харамсалтай байна. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Манай улсад хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, хяналт, хариуцлага гэж үнэхээр алга. Барилгын салбар бол хамгийн их анхаарах ёстой газар шүү дээ.

    Хариулах
  2. Ийм ч хайхрамгүй ажил олгогч байх ч гэж дээ. Шүүх дээр ажил олгогч 100% буруутай тийм болохоор ар гэрт нь хотын төвд 3 өрөө байр авч өгсөн ч багадна.

    Хариулах
  3. Удаа дараа барилга дээр янз бүрийн осол гарч байгаа ямар арга хэмжээ авсан нь ард түмэнд мэдэгддэггүй эзэнгүй төр болсон шүү

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.