Төрснийхөө дараа өөртөө анхаарал тавиарай

Төрсний дараах үед эмэгтэй хүний сэтгэл санаа тогтворгүй байна. Өөртөө анхаарал халамж тавихгүй байх нь сэтгэл гутралын байдал үүсэх хөрс суурийг бий болгодог. Олон ээж нар өөрийнхөө сэтгэл санааны байдлыг чухалчилан бодож үздэггүй. Зарим нь хүүхэддээ л илүү анхаарлаа хандуулдаг. Харин та өөртөө илүү анхаарал халамж тавьж чадвал тэр хирээрээ хүүхдээ илүү асарч халамжилж чадна.

Төрсний дараа анхаарах зүйлс: Зарим нь хүн бүрийн мэддэг зүйл байж болох ч дахин санахад илүүдэх зүйл байхгүй.

-Өөртөө цаг зав гаргаж бай. Өөрийнхөө дуртай зүйлийн хий: буйдан дээрээ хэвт, өөрийн дуртай телевизийн нэвтрүүлгээ үз эсвэл дуртай ном, сэтгүүлээ унш.

-Сайн унтаж амар. Унтаж амарч байх маш чухал. Тийм учраас хүүхдээ унтаж байхад угаалга, цэвэрлэгээ битгий хий. Амарч авахыг хичээ. Унтаж чадахгүй байвал буйдан дээрээ нүдээ аньж хэвтээд биеэ суллаж, тайван байхыг оролд.

-Зөв хооллож бай. Хүүхдээ хөхөөрөө хооллож байгаа бол зөв зохистой хооллох нь маш чухал. Жирэмсэн үед нэмэгдсэн хэдхэн килограмм жинг хасах талаар санаа зовох ямар ч шаардлагагүй.

-Өөртөө зүгээр л 2-3 сарын хугацаа өгчих. Хүүхдээ асрах зав зайндаа идээд байхаар хөнгөн, эрүүл хүнсийг гарын дороо байнга байлгаж бай.

-Хүнд юм өргөхөөс зайлсхий. Төрсний дараах эхний хоёр долоо хоногт хүнд зүйл бүү өргө. Хөнгөн хэлбэрийн дасгал: сунгалт, Кегелийн дасгал, явган явах зэргийг эхэлж болно. Харин бялдаржуулах дасгалаар хичээллэх бол эмчээс заавал зөвлөгөө аваарай. Таны бие ямар нэгэн байдлаар эвгүйрхэж байгаа бол эмчид хандаарай.

-Хүүхэд төрүүлсний дараа биеийн өөрчлөлтүүд үргэлжилсээр байдаг. Хөхөнд сүү орж томроно, харин умай хэвийн хэмжээтэй болтлоо агшиж багасна.

Төрсний дараа хөх өвдвөл яах вэ?

Төрсний дараах 72 цагт сүү орсноос хөх хатуурч үрэвсдөг. Энэ нь эрт амлуулахтай холбоотой хэвийн үзэгдэл агаад хүүхдээ хөхөөрөө хооллож эхэлбэл 24 цагийн дараа зүгээр болно. Харин хөхөө хөхүүлэхгүй бол бие организм сүү боловсруулах хэрэггүйг ойлгож мэдэх хүртэлх 48 цагийн хугацаанд хөх чинь чинэрч томорсоор байх болно.

• Хөхний сүүгээ нэмэгдүүлэхийн тулд дулаан ороолтоор цээжээ ороо
• Хөхийг сайн өргөж өгөх хөхний даруулга зүү
• Хүүхэддээ хоёр хөхөө ээлжилж хөхүүл
• 38 хэмээс дээш халуурбал эмчид үзүүл. Энэ нь хөхний эдийн нянгийн гаралтай үрэвсэл буюу маститын шинж тэмдэг байж болно. Ер нь хөх улайж, халуурах байдал хүүхдээ хөхөөр хооллох эхний сард арилдаг.

Хөхөнд сүү орохгүй байвал яах вэ?

• Ойр ойрхон хөхүүл
• Шөнө заавал хөхүүлж бай
• Нэг хөхүүлэхдээ хоёр хөхөө хөхүүлж бай. Эхэлж хөхүүлсэн хөхөөрөө дуусга.
• Хүүхэдтэйгээ ойр дотно бай.
• Шөнөдөө 6-8 цаг, өдөртөө 1-2 цаг унтаж амар.
• Хоол хүнс чинь тэжээллэг, зохистой байхаас гадна хөхүүл ээжид зориулсан тусгай хүнс оруулсан байх ёстой /хүнснийхээ калорийг 700 -1000 ккал –аар нэмэгдүүлж, өдөрт хоёр литрээс багагүй шингэн зүйл уу/

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн