“ХАЛТУУРЧИД”-Д дарлуулсан такси компаниуд

Манай улсад албан ёсны такси үйлчилгээ анх 1999 онд “Сити такси” нэртэйгээр нэвтэрч байжээ. Ердөө 19 жилийн өмнө бий болсон эл үйлчилгээ өдий хүртэл хөгжиж гавьсангүй. Харин ч өдрөөс өдөрт уруудан доройтсоор байгаа гэхэд буруудахгүй. Машин нь суухын аргагүй заваан, муухай үнэртэй, жолооч нь хотын зам мэддэггүй, дээр нь амандаа орсон үнээ зорчигчдоос нэхдэг, түүнийг нь өгөхгүй бол зодохоос наагуур юм болдог гэхчлэн олон “гуншин” Улаанбаатар хотын таксинуудыг тодорхойлно.

Уг нь Улаанбаатар шиг 1.5 сая хүн амтай хотод нийт 4000- 6000 такси байх ёстой гэсэн олон улсын жишиг үзүүлэлт бий юм байна. Гэтэл манай нийслэлд өдгөө албан ёсны 500-хан такси иргэдэд үйлчилж буй аж. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй найман компани бий гэнэ. Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөж буйн хэрээр иргэд хөл залгуулах, хөлсний унааны эрэлт ч нэмэгдэж байгаа нь мэдээж.

Гэтэл такси компаниудын тоо ер өсдөггүй, харин ч жилээс жилд буурсан гэх харамсалтай мэдээллийг албаны хүмүүс өглөө. Тодруулбал, 2012 онд манайд нийт 17 компани таксины үйл ажиллагаа явуулдаг байжээ. Гэтэл энэ тоо 2015 онд 12 болж цөөрсөн бөгөөд өнгөрсөн жилээс бүр найм болчихоод байгаа гэнэ. Албан ёсны таксины тоо нь эрэлт хэрэгцээнийхээ хаана нь ч хүрэхгүй тул үлдэх орон зайг нь хувийн таксичид буюу “халтуурчид” нөхсөөр өдий хүрчээ. “Үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгийг хулгайлсан”, “Илүү мөнгө нэхлээ”, “Эмэгтэйчүүдийг айлгаж, ичээлээ” зэргээр “халтуурчид”-ын талаарх гомдол тасардаггүй. Өдөр бүр хэдэн зуугаараа гардаг юм билээ.


…Өөрийн юм өргүй, өрөөлийн юм заргүй гэгчээр бид өөрсдөө таксиныхантай хэрэлдэж муудалцаад яваад байж болно гэж хувь тавилантайгаа эвлэрдэг юм гэхэд гадаадаас ирсэн жуулчид үүнийг ойлгохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн улсыг тодорхойлох анхны үйлчилгээ нь такси. Онгоцноос буугаад хаашаа, яаж явахаа мэдэхгүй ганц, нэг жуулчдыг “манайхан” хөнгөхөн “холгочихдог” нь нууц биш…


Та таксигаар үйлчлүүлэхийн тулд жолоочийн аяыг харж, хэлсэн бүхнийг нь даган биелүүлэх “ёстой”, илүү мөнгө авахын тулд тойруу замаар явахад нь хүртэл дуугүй байх “учиртай”. Хэдэн км зам туулснаа “зөнгөөрөө” мэддэг, задгай мөнгөтэй, зам сайтай, түгжрэлгүй газарт хүргүүлэх ёстой гэх мэт олон шаардлагыг нь хүлээн авах “хэрэгтэй”. Энэ бол манай хотын “халтуурчид”-д тогтсон жишиг гэхэд хилсдэхгүй.

Тэднээс автомашины цэвэр цэмцгэр байдал, найрсаг харилцаа, соёлтой үйлчилгээ горьдоод ч хэрэггүй. Хоёрхон хоногийн өмнө гэртээ харих зорилгоор хувийн таксинд суулаа. Хамгийн сүүлд хэзээ угаасан нь мэдэгдэхгүй саарал болсон цагаан машин зогсов. Орой болсон учир зогссонд нь суух “шийтгэл” ногдов. 20 орчим насны залуу нэг гараараа тамхи татаж, нөгөө гараараа утсаар ярьсаар угтлаа.

Хаашаа явахыг минь ч асуулгүйгээр давхиж явснаас 200 метр орчим зам туулаад, утасны яриа дуусаж, сая л нэг хүрэх газрыг минь сураглав. Тамхи татсан машины үнэр яаж олигтой байх вэ. Ам, хамраа гараараа дарсаар дөрвөн км орчим явна гэдэг хүндхэн даваа. Очих газраас 300 метрийн наахна өгсүүр байсан тул жолооч “Миний машин ийшээ явж болохгүй, гарахгүй.

Эндээсээ буугаад алхчих” гэлээ. Хувийнхаа машинтай явж болоод байдаг газар ийнхүү үнэд орсонд бага зэрэг бухимдсан ч төлбөрөө өгөөд буухаар шийдэхэд жолооч тогтсон төлбөрөөс 1000 төгрөгөөр илүүг нэхсэн. Хүрэх ёстой газраа хүрч чадаагүйн дээр нэмэлт төлбөр төлөөд хөөгдөх шахан буусан ийм “түүх” нийслэлд хотод маань өдөр бүр давтагддаг биз ээ.

Улаанбаатар хотод өдөрт 550 мянган автомашин замын хөдөлгөөнд тогтмол оролцдог бөгөөд үүний 150 мянга нь “халтуурчид” байдаг гэсэн тоог нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргажээ. “Халтуур” нэртэй сайн дурын, хүссэн болгон нь хийдэг үйлчилгээнд хяналт ч байдаггүй. Холбогдох хяналтын байгууллагууд нь хувийн таксичид байтугай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээ ч бүрэн хянаж чаддаггүй юм билээ. Хяналт, шалгалтыг нийслэлийн Тээврийн газрынхан энэ ажлыг гүйцэтгэх ёстой гэж тооцоод такси үйлчилгээний хэчнээн компани байдаг, тэдгээрийг нь хэрхэн хянаж шалгадаг, холбогдох стандартуудыг мөрдүүлдэг, эсэхийг

лавлатал гурван жилийн өмнөх судалгаа болох 12 компанийн 579 такси үйлчилгээ үзүүлдэг гэх баримтыг өгсөн юм. Түүнийг барьсаар Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны дэд тэргүүн Б.Алтангадастай уулзлаа. Тэрбээр “Манай холбоонд нэгдсэн найман компани бий. Уг нь 12 байсан. Эхнээсээ “үүдээ барьсаар” найм нь л үлдсэн. Хувиараа таксинд явдаг хүмүүсийг зогсоохгүй бол үлдсэн хэд маань ч оршин тогтноход хэцүү боллоо. Төрөөс биднийг дэмжээд, “халтуурчид”-ыг шахаж чадвал энэ олон компани үйл ажиллагаагаа зогсоохгүй шүү дээ. Уг нь нийслэлийн Тээврийн газар компаниудтай гэрээ хийж, хяналт тавих ёстой.

Миний мэдэж буйгаар сүүлийн 3-4 жил гэрээгээ шинэчлээгүй. Тиймээс хэд нь хаалгаа барьж, хэд нь үйл ажиллагаагаа явуулж буйг яаж мэдэх вэ” гэлээ. Тэрбээр “Улаанбаатар такси транспорт сервис” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тус компани 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд анх 800 автомашинтай байжээ. Гэтэл 800 машинд нь жолооч олдоогүйгээс одоогоор 260 такси л үйлчилгээнд гаргаж буй гэнэ лээ.

Өөрийн юм өргүй, өрөөлийн юм заргүй гэгчээр бид өөрсдөө таксиныхантай хэрэлдэж муудалцаад яваад байж болно гэж хувь тавилантайгаа эвлэрдэг юм гэхэд гадаадаас ирсэн жуулчид үүнийг ойлгохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн улсыг тодорхойлох анхны үйлчилгээ нь такси. Онгоцноос буугаад хаашаа, яаж явахаа мэдэхгүй ганц, нэг жуулчдыг манайхан хөнгөхөн “холгочихдог” нь нууц биш. Нисэх буудлаас хотын төв орох жуулчнаас 50 мянган төгрөгийн “үндсэн” тариф авна гэсэн ханшийг “халтуурчид” тогтоочихсон байдаг гэнэ.

Уг нь тэнд албан ёсны таксиныхан бий ч “халтуурчид” автомашиных нь дугуйг хагалах, жолоочийг нь зодох гэх мэтээр эсэргүүцэл үзүүлдэг аж. Нэг жишээ дурдахад, Монголд хэд хэдэн удаа ирж байсан гадаадын нэгэн жуулчныг “10 мянгаар хүргэж өгнө” хэмээн суулгаад, автобусны буудал, таксины зогсоолгүй газар очоод 50 мянгаар явна шүү” гэж. Эсэргүүцэж бухимдсан түүнийг ачаатай нь хөөгөөд буулгачихсан тохиолдол гарч байжээ.

Үндэсний их баяр наадам болсонтой холбоотой жуулчдын тоо нэмэгдсэн. Энэ үеэр нэгэн жуулчин хувийн таксигаар үйлчлүүлж Улсын их дэлгүүрээс Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төв хүртэл явахад 27 000 төгрөг нэхсэн тухай цахим орчинд шуугисан. Их төлбөр гарсанд эсэргүүцэхэд нь хамт явсан эмэгтэйг нь элдвээр хэлж, ачаа тээшийг нь өгөхгүй гэж айлгаж байж мөнгөө бүтнээр нь авсан байна. Ганц жуулчид гэлтгүй жолоочийн нүдэнд дэгжин, мөнгөтэй харагдсан нэгнээс амандаа орсон үнэ хэлж нэхдэг нь халтуурчдын “төрөлх” араншин болоод байна.

Иргэдийн цөөхөн нь буух эзэн, буцах хаягтайг нь бодож дуудлагын таксигаар үйлчлүүлдэг. Гэвч мөн л тэднийг тойрсон шүүмжлэл их. Такси дуудах гэж тусгай дугаар руу залгах шаардлагатай, тэр нь ачаалал ихтэй, түүнчлэн үйлчилгээний хөлс нь “халтуурчид”-ынхаас наанадаж 2-3 мянган төгрөгөөр илүү байдаг. Километрийн тоолууртай такси тун ховор. Байгаа нь үнэн заадаггүйг иргэд хэлдэг. “Улаанбаатар такси транспорт сервис” компанийн хувьд иргэдээс ирсэн гомдол, саналыг өдөр бүр авч, хяналт тавьдаг аж. Анх үйлчилгээгээ эхлүүлэхэд өдөрт 60-70 гомдол ирдэг байсан бол одоо 3-4 болж цөөрсөн гэдгийг хэллээ. Гэсэн ч гомдол гаргалгүй, чимээгүй өнгөрдөг хэчнээн хүн байгааг мэдэх аргагүй.

Эх сурвалж:

 

4 thoughts on ““ХАЛТУУРЧИД”-Д дарлуулсан такси компаниуд

  1. Зочин 2018-07-20 12:52 at 12:52

    Халтуурагчид үнэн даварчихсан амьтад хариулт хэрэггүй гэхийн биш биз дээ гэж даварна.

    Хариулах
  2. Нэргүй 2018-07-21 23:17 at 23:17

    Манай улсад албан ёсны такси үйлчилгээ анх 1999 онд “Сити такси” нэртэйгээр нэвтэрч байжээ

    “Таксин цоохор” дуу ийм л залуухан дуу юм байх даа.

    Хариулах
  3. санал 2018-07-22 05:32 at 05:32

    Москва хот шиг халтуурчдыг үйлчилгээнэс шахаж болно. ХОТын захирагч л хүсвэл шүү. Одоо Москвад хултуурчидтай холбоотой асуудлыг шийдсэн тухай бичиж байна. БИД яагаад бусдын туршлагаар асуудлыг шийдэж болохгүй гэж, болно. Зөвшөөрөлгүй ТАКСИ үйлчилгээнд явбал асар өндөр торгуултай. ДАХИАД давтан хийвэл машиныг нь хураана. ЗААВАЛ зөвшөөрөл авч ТАКСИ үйлчилгээнд явах эрхтэй.

    Хариулах
  4. Нэргүй 2018-07-23 17:24 at 17:24

    ene niitlel bichsen hvnd handaj helmeer bn heseg buleg hvmvvsiin gargasan vildliig bvh niitere tegedeg yum shig bichihe bolioch. haltuurchid ged muulaad bga hvmvvs chini yvaha baichihval naad taxinii kompaniud chini hvmvvst heze ch hurch vilchilj chadahgui. uchnuun l haltuur hiideg taxind suuj bn tanii bicheed yriad bgagas chini vnende shal uur bdag Vnen zuv medeelel bicheech hot dotor yvaj bga ihenh mashin ajil geriinhe hoorond haltuur hij benziniihee mungiig hiideg yagad gevel avch bga tsalin ni haanaa ch hvrehgui bolohor haltuur hiij yvahgui uur yah estoi yum

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн