Баянтүмэн буюу Дорнод аймгийн төв Чойбалсан сум руу орох үед замын хажууд үхэр мал шөргөөж, өвс шарилж ургасан, тор төмрөөр хашаалж, том хавтангуудаар шалласан нэгэн хуучин цэцэрлэгт хүрээлэн байх агаад түүний зүүн захад хагарч сэтэрсэн индэр дээр урт цув өмсөж энгэрийнхээ захнаас атган наран шингэх зүг эрэмгий алхсан нэгэн эрхэмийн хөшөө байх аж. Ноорхой хувцастай, нүүр ам нь халцарсан энэ хэн гэгч вэ? Ийм ч хүн байгаагүй юм шүү гэж хагарсан духаараа ихэмсэгээр ширтэх та хэн бэ? Энэ бол нэгэн цагт дэлхийн бүх коммунистуудын их багш, боолчлогдсон ард түмний эцэг, мятрашгүй хувьсгалч, ажилчин ангийн жолоодогч, пролетарийн их удирдагч, философич, суут онолч…дэлхийн түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн аугаа  Владимир Ульянов буюу Ленин. Баахан цус холилдсон энэ хүнийг Монгол удам угшилтай гэх түүхчид ч бий. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг хэмээх нийгмийн аварга загварийн автор болсон энэ хүний заасан замаар бид итгэл төгс таваргаж яваад таварцаглан ойчсон билээ. Лам багшаа болиод Ленин багшаа шүтэж гуутай бурханаа дөрвөлж рүүгээ шидээд дөрвөлжин авдар дээрээ хөргийг залаад дээдэлж явсан түүх саяхан. “Сур сур бас дахин сур” гэсэн алдарт “мэгзэм”-ээр нь соёл гэгээрэл рүү тэмүүлж бас түүний шашингүйн үзэл номлолын мөрөөр өвгөдийнхөө цусыг урсгаж явсан эмгэнэлт түүх бидэнд бий. Өнөөдөр бид түүний алдаа оноог өөр өөрсдийнхөөрөө дүгнэн сууна. Бурхан мэт шүтэгдэж явсан энэхүү хүмүүн цаг түүхийн шуурганд үзэл сурталтайгаа, номлолтойгоо, нэртэйгээ, хөшөө дурсгалтайгаа элэгдсээр…

Тэрээр үйлдвэрлэл дээр чанараас илүү тоог эрхэмлэдэг байв. Тийм ч учраас социализмийн он жилүүдэд 100 хувь давуулан биелүүлэх, 150 хувь давуулан биелүүлэх зэрэг “гайхамшигтай” үзүүлэлтүүд бий болсон юм… Тэгж байж гэмээн бид капитализмийг гүйцэж даран сөнөөнө гэж тэр үздэг байв… 

Түүний нэрээр нэрлэгдсэн шагнал дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын тоонд ордог байлаа. Одоо ч гэсэн үнэ цэнээ алдаагүй одон медаль цуглуулагчдын дунд эрэлт ихтэй…

Түүний бичсэн зузаан, зузаан боть номууд социалист айл өрхийн хүндтэй нэгэн “тавилга” байлаа…

“Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” энэ бол түүний алдарт үг. Тэрээр үүндээ үхэн үхтлээ итгэж байсан юм. Коммунизмд хүрчихвэл энэ дэлхий диваажин болно. Диваажинд очихийг хүсэхгүй хэн байх билээ. Даанчиг тэр биднийхээ итгэлийг алдсан юм…

Тухайн цаг үед байсан бол энэ үхэр эзнээ шоронд одуулаад өөрөө махкомбинат руу морилох байсан бизээ…

1924 оны 1-р сард тархины цус харвалт гэсэн оноштойгоор бурхан болсон юм…

Түүхээс зөвхөн сургамж л авдаг. Үзэн ядуулж хараалгуулж булшаа хүртэл ухуулж явсан тэрээр бидний л нэгэн адил зол жаргалыг эрэлхийлж явсан нэгэн билээ… 

Нэгэн цагт энэ цэцэрлэгт хүрээлэнд баяр болгоноор хөдөлмөрчин ардын баярын жагсаал болж түүний хөшөөний өлмийд өнгө өнгийн цэцэгс алаглаж пионер хүүхдүүд хөгжим дуугаргаж дуу хуур цангинуулдаг байсан нь дамжиггүй…

Эх сурвалж: Sonin.mn

Сэтгүүлч Ч.Явуухүү

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн