Б.Батболд: Монгол хүн бүрт уртын дууны ген цусанд нь шингэсэн байдаг юм

СУИС-ийн уртын дууны багш, Улаанбаатар чуулгын дуучин, Үндэсний бөхийн манлай засуул Монгол Улсын гавьяат жүжигчин уртын дуучин Б.Батболдтой ярилцлаа.


-Үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Бөхийн цоллооч, засуул хийх хүмүүсийн хувьд наадмын өмнөх бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?

-Цол дууддаг хүмүүс хоолойгоо халааж, биеэ бэлдээд баяр наадамдаа тодорхой хэмжээгээр бэлдэлгүй яахав. Дээр үед засуулууд бөхчүүдтэйгээ нийлээд наадмын өмнөх бэлтгэлийг цугтаа хийдэг байсан. Бэлтгэлийн үеэр малгайг нь барьж зогсоод ингэ тэг гээд л “Гарьд магнай” кинон дээр гардаг шиг л бужигнадаг байсан үе бий. Орчин үед засуул, бөх цоллооч нар бөхийн холбоонд бүртгэлтэй байдаг болохоос биш албан ёсны данстай, цалин хөлстэй байдаггүй. Цэвэр сайн дурын үндсэн дээр хийдэг ажил гэх үү дээ. Салбар, салбарт өөрсдийн үндсэн ажлаа хийдэг хүмүүс бөхийн барилдаан болох үеэр сайн дураараа хоббигоороо очиж засуулын ажлаа нэр төртэйгөөр хийдэг. Тийм болохоор баяр наадмын үеэр өөрсдийн үндсэн ажлаасаа чөлөө авч байгаад л цол дуудна даа.

-Үндэсний их баяр наадмын үеэр нийт хичнээн засуул цол дуудаж байна вэ?

-Монголын Үндэсний бөхийн холбоон дээр бүх засуулуудын нэрс бүртгэлтэйгээ байдаг. Нийслэлийн хэмжээнд 40 орчим засуулын нэр бүртгэлтэй.

-Та олон жил наадмын ногоон зүлэг дэвжээн дээр цол дуудаж явахдаа сэтгэлд үлдсэн сонирхолтой дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Дурсамжтай зүйл зөндөө л бий. Урьд нь ярьж байгаагүй сэтгэлд тод үлдсэн нэг сайхан барилдааны тухай ярья. Одоогоос хэдэн жилийн өмнөх явдал. Баянхонгор аймгийн Хүрээ марал сумын харьяат залуу сайхан бөх Жамбалдорж хоёрын даваан дээр гарч ирээд, өрсөлдөгч нь Лхагвасүрэн гэх нэг нутгийн сайхан хоёр бөх оноолт нь таарч барилдах боллоо. Тэр хоёр талбай дээр жинхэнэ хүчээ үзэн, эр зоригоо харуулсан шударгаар барилдах гэдгийг үзүүлж өгсөн. Ингээд унасан нь тахимаа өгөхдөө гараа барьж, иртэй барилдсаныг нь хараад хайр хүрч, үнэхээр их бахархаж байлаа. Нэг нутгийнх гээд хоорондоо шийрэгнээд байхыг алийг тэр гэхэв. Жамбалдорж гэх тэр хүү энэ жил баяр наадмын өмнө болдог Бүх цэргийн наадмаар түрүүлж цэргийн арслан цол хүртсэн. Аргагүй, аргагүй гэж бодож суув.

-Зарим бөхийн барилдаан худлаа болдог, урьдчилан тохироо хийсэн гэж ард түмэн харддаг…

-Олон жилийн өмнө “Дэрэн бор” хэмээх Самданжигмэд, Цоодол арслан нар Х.Баянмөнх аварга, П.Дагвасүрэн арслан хоёрыг улсын наадамд анх дөрөв давчихаад байхад нь энэ хоёр хүү мундаг бөх болно, дэмжээд начин болгоё, чи бид хоёр хөгширсөн гэж ярилцаад хорь хүрээгүй байхад нь дэмжиж цолонд хүргэсэн гэдэг. Зарим нэг тохиолдолд нутаг усных нь залуу бөхчүүдээ гараад ирээсэй, даваа ахиулъя гэсэн зөв хандлага байхын хувьд байдаг. Сүүлдээ явсаар мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дуулддаг болсон. Гол нь бөхийн наймаа тохироог дэвэргэж байгаа нутаг усны том баячууд, уурхайн эзэд, захирлууд гэж байна. Тэд нутгаасаа нэг начин түрүүлнэ ээ гээд цүнх дүүрэн мөнгө бариад явж байдаг тухай сонсогддог. Ард түмэн ч даваа наймаалцдаг, зориудаар начин болгодог гэдгийг мэдэрдэг, хардаг болчихсон шүү дээ. Бөхчүүд ч үнэхээр тийм юм байдаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ үүний хажуугаар бас хардлага явдаг. С.Мөнхбат аварга Дундговийн Алтанхуягт үнэхээр унасан. Хэрэв мөнгө төгрөг аваад барилдаж байгаа гэж үзэх юм бол барьц сонголт хүртэл авч барилдах хэрэг юу байх билээ. Тэр хоёр барьц сонгож барилдаж байхдаа С.Мөнхбат аварга унасан. Тэгэхэд л “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэдэг хүн хэдэн төгрөг өгсөн болоод Мөнхбат аварга уначихав гэх мэтээр сул яриа гарч байсан. Монгол Улсын олимпийн анхны алтан медальт Н.Түвшинбаяр аварга О.Хангайгаар давахад хэдэн зуун сая төгрөгөөр Хангайд хахууль өгчихлөө гээд л цуурсан. Би яг тэр барилдааны үйл явцыг дэргэдээс нь харсан хүний хувьд хэлэхэд үнэн л барилдсан. Ер нь хэн нь худлаа барилдаж байгаа, хэн нь үнэн барилдаж байгаа нь үзэгч олны нүдэн дээр ил харагдаж байдаг.

-Бөхийн холбоогоо булаацалдаж бөхчүүд маань хоёр талцчихаад байна. Юу юугүй баяр наадам дөхөөд байхад эвлэрч ойлголцсонгүй яваад байх шиг байна. Бөхөд хайртай хүний хувьд та энэ байдлыг юу гэж харж байна вэ?

-Бөхийн холбоог анх өөрсдийн гэсэн тусдаа байргүй, 1990-ээд онд СУИС-ийн ойролцоо нэг умгар өрөөнд байхад нь орж гарч явдаг байсны хувьд өнгөрсөн хугацаанд юу хийж ирэв гэдгийг эрхбиш би гадарлана аа. Өнгөрсөн хугацаанд хүнд давааг туулж, оюун бодлоо уралдуулж ирснийг гадарлах хүний зүгээс харахад бөхийн холбоо маш их ажил хийсэн гэж дүгнэдэг. Ажил хийж буй хүнд алдаа гардагийн адил мэдээж зарим нэг алдаа байсныг үгүйсгэхгүй. Хийсэн хүн алдана, хийгээгүй хүн онох ч үгүй, алдах ч үгүй. Хийсэн зүйлийг нь ард түмэн ч мэдэж байгаа байх. 60 зүйлд багтаасан бөхийн шинэчлэлтийг бөхийн холбооны Д.Данзан, Р.Нямдорж гэдэг хоёр хүн хийсэн, хийсэн ажил нь цагаан дээр хараар бичигдсэн баримттайгаа байгаа. Би өөрөө Говь-Алтайн хүн л дээ. Магадгүй зарим нэг хүмүүс нэг нутгийнх болохоор өмөөрч байна гэж хэлэх байх. Үгүй юм аа. Би шүүмжлэлтэй хандах зүйлдээ хандсаар ирсэн. Наадмын өмнө жаяг дэгийн багийнхан хуралддаг, хуралдаанаараа ямар алдаа гарав, алдаагаа засъя, өнгөрсөн жилийн барилдаанаас анхаарах зүйл юу байв гээд л ярилцдаг. Одоогоос таван жилийн өмнөөс эхлээд л наадмын барилдааныг камераар шүүдэг болгох тухай би ярьсан. Камераар шүүж үзэн, бичлэг ухрааж үзэх дүрэм бөхийн холбооны дүрмэнд байхгүй гэсэн хариу хэлдэг. Дүрмийг өөрчилж болох л байсан. Өнгөрсөн жил гэхэд П.Бүрэнтөгсийн барилдаан, Ч.Санжаадамбын барилдаан дээрээс энэ алдаа тод харагдсан. Бөхөд хяналтын шүүгч гэж заавал байх ёстой. Маргаантай барилдаан дээр ерөнхий цэц засуулууд ярилцаж байх хооронд хяналтын шүүгч бичлэгийг ухрааж үзэн яг ийм асуудал гарсан байна шүү гээд яг сумо шиг хянадаг байх ёстой. Тэгэхгүй бол аль хэдийн барилдаан дуусч тугаа тойрчихсон хойно нь энэ зөв, буруу гэж мянга орилоод нэмэргүй.

-Наадам хаяанд тулахаар монголчууд хэн гэдэг бөх өнгөтэй сайхан барилдах бол гэж таавар тавьж суудаг. Таны хувьд энэ жилийн барилдаанаас юу харж байна?

-Жилээс жилд бөх сонирхогч залуучууд эрс нэмэгдэж байна. Бөхийн холбоо гэж байгуулагдаад олон шат дараалсан үйл ажиллагаа хийгээгүй бол ингэтлээ хөгжих байсан уу, үгүй юу гэж бодохоор бөхийн холбоондоо баярламаар санагддаг. Сүүлийн жилүүдэд жил болгон шинэ бөхчүүд төрөн гарч ирж байна. Олон жилийн өмнө Үндэсний их баяр наадмын 512 бөхийн тоог гүйцээх гэж цэргүүдийг хүчээр татан авчирч барилдуулдаг байсан бол одоо бол аваргуудын аманд маш чанга сумын заан таарч байх жишээтэй. Энэ нь монгол бөх хөгжиж буйг харуулж байгаа юм. Одоо харин хэдхэн хүний хэрүүлээс болоод бөхийн нэр хүнд унах гээд байгаа бололтой. Гадуур бөхчүүдийг шуналын тулам, хүний хайр даахгүй энэ тэр гэж элдвээр хэлж, ярьж байна шүү дээ. Бөхийн өргөө байшингаа булаацалдаад байгаа юм уу, эсвэл бөхийн холбооны нэрийг булаацалдаад байна уу. Хэрвээ 60 сайн зүйл хийсэн зургаан муу зүйл хийсэн байгаа бол алдаагаа засч залруулаад явчих хэрэгтэй.

-Бөхийн засуул хүний хувьд бөхчүүдийг ямар байгаасай гэж бодож явдаг вэ?

-Сүүлийн үед бөхчүүд маань давж л байвал нэгнийгээ хүндлэх нь битгий хэл бараг “алчих” шахах юм. Би л давж байвал гэсэн хандлагаар барилддаг болсон тал ажиглагддаг. Бөх хүн хамгийн их жудагтай байх ёстой. Шударгаар даваад тугаа тойроод гүйж байгаа бөхийн гүйлт нь цаанаа өөр, царай нь гэрэлтсэн, бүх юм нь үнэн харагддаг. Ямар нэгэн тохироо наймаа хийхгүй, яг л эн тэнцүү хүчээ үзэн шударга үнэнээр барилдаж хүчээ харуулаасай гэж бодож явдаг даа. Шударга үнэн барилдах чинь монгол түмэн бидний бахархал юм даа.

-Та чинь уртын сайхан дуучин хүн. Түүн дотроо бөхийн цоллооч засуул болох замаа хэзээ нээж байв?

-Би хүүхэд байхаасаа л бөх барилдах дуртай хүүхэд байсан. Хүүхдийн барилдаанд сумандаа түрүүлж, үзүүрлэж байлаа. Наймдугаар ангиа төгсөөд хотод ирж Соёл гэгээрлийн дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид 15 настайдаа суралцахаар болсноор барилдаанаа орхисон. Ингээд урлагийн хүн болсон доо. Сургуулиа төгсөөд СУИС-ийн уртын дуулаачийн ангид суралцсан. Нийт есөн жил урлагийн мэргэжлээр суралцсан байна. Энэ хугацаандаа бөхийн цол дуудах сонирхолдоо хөтлөгдөж Мягмар, Пүрэвээ, Лонцойдорж, Цогзол, Гончиг гээд олон сайхан мундаг хүмүүс, багш нарынхаа тусламж дэмжлэгээр засуул болж байв. Тухайн үед бөхийн засуул, цоллоочоор дандаа нас ахимаг насны хүмүүс байсан болохоор намайг залуу хүн гэнэт гараад ирлээ хэмээн Спортын төв ордонд үзэгчид алга ташиж урам өгдөг байсан дурсамж бий. Миний үндсэн багш бол улсын тонж манлай засуул, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогзол гэх агуу хүн байна. Одоог хүртэл Д.Цогзол багш маань барууны магнайдаа засуулаа хийж байна. Уг нь багш маань эрэмбээрээ зүүний магнайд байх ёстой ч өөрөө насаараа баруун талд зогссон, баруун талдаа байж байгаад тэтгэвэртээ гаръя гэж хэлдэг. Харин “Батболдыг зүүний магнайд гарга” гэж хэлээд би чинь багшийнхаа дор эрэмбэлэгддэг ч жил бүр баяр наадмаар зүүний магнайд зогсдог доо. Бөхийн засуул хүн бол маш жудагтай байх ёстой. Засуул нь жудагтай байвал бөх нь жудагтай байна.

-Танд уртын сайхан дуу дуулах авьяас өвөг дээдсээс чинь өвлөгдөж ирсэн байна уу. Ер нь уртын сайхан дууг яаж сурч байв?

-Дуу хөгжимд хамгийн анх залуурдсан хүн бол Х.Мянгалай багш болон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэр багш нар байгаа юм. Би Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрж өссөн. Миний аав сайхан дуулдаг, ерөөдөг, найр удирддаг тээврийн жолооч хүн байсан. Аян замд их сайхан дуулна, тэр авьяасыг нь өвлөж уртын дууч болсон биз ээ. Миний төрсөн дүү Батмэнд гэж дуучин бий. Уртын дуу, бөхийн цол дуудах хоёр бол хоорондоо салшгүй холбоотой. Одоо үед найман настай балчраас 80 настай ахмад хүртэл уртын дууг сурах гэж эрмэлздэг болсон. Маш олон хүнд уртын дуу зааж байна. СУИС-д 15 дахь жилдээ багшилж байна. Мөн Улаанбаатар чуулгын дуучнаар ажиллаж байна. Бөхийн цол дуудах маань миний хувийн хобби сонирхол гэж хэлж болно. Бөхийн засуул хийх хүн өөрөө үүндээ маш дуртай байх, бөхөө сайн мэддэг байх, мөн мэх мэддэг байх зэргээс шалтгаална. Гол нь өөрөө үнэхээр сонирхолтой, дуртай байвал болно доо.

-Багш хүн гэдэг олон сайхан шавь нар төрүүлж байдаг алтан гартай хүмүүс. Шавь нарынхаа амжилтаас яривал…?

-Их олон шавь нар байна. Шавь нараараа маш их бахархдаг. 2013 оны баяр наадмыг төрийн шагналт МУГЖ Д.Сосорбарам гуай зохион байгуулахад аймаг орон нутаг болгоноос 30, 40 уртын дууч цуглуулна гэвэл зардал мөнгөнөөс авахуулаад тэр олон хүн нэг дор цуглахаас эхлээд хүндрэлтэй байдал үүссэн. Тэгээд би надад 1000 цэрэг цуглуулаад өгчих, би уртын дуу сургая гэхэд зарим нэг хүмүүс “Цэргүүд яаж дуулах юм бэ” юм гэж хэлж байсан. Би зааж сургаж чадна гээд Батлан хамгаалахын их сургуулийн 500 сонсогч, 400 цэрэг, манай сургалтын 100-гаад хүмүүсийг нийлүүлээд бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд үндэсний баяр наадмаар гайхалтай сайхан дуулсан. Дараа жил нь 2014 онд Таван толгойн энхийг сахиулагчид дуулсан. Үнэхээр бахархсан. Цэргийн хүмүүст заах үнэхээр урамтай. Өглөө таван цагт цуглар гэхэд 04:50 цагт бүгд ирчихсэн, үнэн сэтгэлээсээ суралцъя гэж хичээж байгаа хүмүүст зааж байгаа би бүр урам орчихдог юм билээ. Хэрвээ XIII зуунд байсан бол та нар бол хамгийн түрүүнд зогсох баатрууд юм, одоо дайн байлдаангүй энх цагт уртын дуугаа сурах гээд сэтгэл зүрхээ зориулаад зогсож байгаа тангараг өргөсөн цэргийн та бүхэн энэ цагийн баатрууд юм гэдгийг хэлж урам зоригийг нь бадрааж өөрөө ч хөглөгдөж байв. Ер нь монгол хүн бүрт уртын дууны ген мах цусанд шингэсэн байдаг юм билээ. Баянхонгор аймагт 2200 гаруй хүүхдэд гурван уртын дуу зааж, наадмыг нь эхлүүлж байсан. Дорнод аймагт 1090 хүнд “Хэрлэнгийн баръяа” дуу заасан. 44 дүгээр сургуулийн 300-гаад хүүхдэд уртын дуу заасан гэх мэтээр сургалтууд олон. Суралцаж буй шавь нараасаа гадна өөр төрлийн мэргэжилтэй олон хүн уртын дууны сургалтад маань хамрагдах сонирхолтой байдаг. Шавь нарын тухайд Үндэсний урлагийн их театраас эхлээд уртын дуучнаар амжилттай ажиллаж буй шавь нар олон бий.

-Уртын дуу хүнд ямар мэдрэмж өгдөг вэ. Уртын дууг дэлхийн жишгээр яг ямар түвшинд үнэлж хардаг юм бол?

-Дэлхийн сонгодог урлаг дуурь бол Монголын сонгодог урлаг нь уртын дуу юм. Уртын дууны олон улсын сургууль байгуулах хэрэгтэй гэж санагддаг. Уртын сайхан дуугаа дэлхийд гаргахын тулд сурталчилж таниулах соёлын ажлуудыг ихээхэн хийх ёстой юм. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ч тустай уртын дуугаа олон улсад таниулж, түгээхэд хөрөнгө мөнгө асар шаардлагатай болдог. Энэ тал дээр бид хэрээрээ ажиллаж байгаа ч төр засгаас дэмжлэг бараг байдаггүй гэж хэлж болно. Гэхдээ “Өнө” чуулган байгуулж, сургалтын үйл ажиллагаагаа тогтмол явуулснаар өмнө нь уртын дуу дуулна гэхээр 10 гаруйхан хүн арайхийж цугладаг байсан бол одоо 100 хүн, 1000 хүн тэр дороо цуглах хэмжээнд хүрсэн байна.

 

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн