Ардчилсан намын бүтэлгүйтэл, дотоод хагарал, тэмцэл дээр тоглолт хийж, сонгогчдод худал амлаж төрийн жолоонд гарч ирсэн Монгол Ардын намын эрх баригчид дарга нарынхаа сэтэр, суудал, тансаглал, хангамжийг хумихгүй хэрнээ эдийн засгийн бэрхшээлийн бүх хүндийг иргэдийн нуруун дээр үүрүүлэхээр ажиллаж байна.

Тодруулбал Олон улсын валютын сангийн хамгийн хүнд хүчир, иргэдийн амьжиргааг элгээр нь хэвтүүлэх хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмэх болзлыг хүлээн аваад байгаа.

Яг үнэндээ бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн ОУВС-гийн нэрийг барьж иргэдээ шулах төлөвлөгөөтэй байгаа нь нууц биш.

Өнгөрсөн 24-ний өдөр Б.Чойжилсүрэн 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлснийг удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэж батална. Ингэснээр ард түмэн МАН-д бүрэн эрх, бүтэн итгэл хүлээлгэснийхээ шанг эргүүлээд хангалттай амсах юм. Ямар нэгэн татвар нэмэхгүй, чинээлэг дундаж давхаргыг бий болгоно гэж сонгуульд орохдоо амалсныхаа яг эсрэгээр иргэдийн нуруун дээрх ачааг улам бүр хүндрүүлэх, зөвхөн дундаж давхаргынхан руу чиглэсэн олон төрлийн татварыг нэмэх аж.

Нэмэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөж долдугаар сарын 1-нээс хойш хэрэгжихээр тодотголд зааж өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сайхан зүйлс зөндөө амалж амалчихаад иргэдийн саналыг авангуутаа маргааш нь л татваруудаа нэмээд хаячихна гэсэн үг.

Ийм иргэдийн тархийг угаасан төөрөгдүүлэлтийн ард том хэмжээний залилан мэхлэлт ч нуугдаж байна. Тухайлбал олон нийтийн анхааралд хамгийн түрүүнд өртөж байгаа тэтгэврийн насыг нэмэх асуудал.

Анх 1999 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль баталж, 1960 оноос хойш төрсөн нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллаж байгаа болон сайн дураар даатгуулагч Монгол Улсын бүх иргэдийн нэр дээр тэтгэврийн нэрийн данс нээсэн. Шимтгэл төлөгч иргэдийн нэрийн дансанд эзэмшигч бүрээр одоо хэдэн төгрөг цугларчихаад байгааг зарлах үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр энэхүү төөрөгдүүлэлтэд оройлон оролцож явна. Уг нь иргэд хуулийн дагуу тэтгэврийн насандаа хүрмэгц (эмэгтэй 55, эрэгтэй 60) насаараа ажиллаж шимтгэл суутгуулсан энэхүү нэрийн данснаасаа тэтгэврийн мөнгөө тооцуулан авах ёстой.

Гэтэл энэхүү тэтгэврийн нэрийн дансанд эзэмшигч нэг бүрээс хуримталсан байх учиртай мөнгийг нь үе үеийн Нийгмийн хамгааллын сайд нар  улсын төсөв, урсгал зардал руу гулгуулж, өөрсөддөө ашигтайгаар бага хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулж мөнгө угаах хэлбэрээр хэдийнэ хоосолчихсон тул одоо Олон улсын валютын сангийн нэр барьж иргэдээ золигт гаргахаар шийдсэн ажээ.

Тухайлбал Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд иргэдийнхээ тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх нэрийн дор тэтгэвэр авах монголчуудын тоог цөөлөх бодлого явуулахаар зэхэж байна.

Шалтгаан нь тэднийг зүгээр л хугацаанд нь тэтгэвэрт гаргах мөнгө байхгүй. Мөнгийг үе үеийн сайд, дарга нар үрэн таран хийчихсэн. Тиймээс эрэгтэй, эмэгтэйчүүдийг 65 нас хүргэж байж тэтгэвэрт гаргах хогийн санаа бодож олжээ. Одоо монголчуудын дундаж наслалт 65. Монголчууд насаараа нийгмийн даатгал нэрээр төлсөн шимтгэлээ өөрийн амьжиргаанд нааж чадалгүй чад хийчихнэ гэсэн тооцоог ард түмэндээ хайртайгаа учиргүй зарладаг МАН-ын улстөрчид хийж, амьдралд хэрэгжүүлэхээр дайрах гэж байгаа нь энэ юм.

Жамаараа 60 настай тэтгэвэрт гараад наад зах нь таван жилийн турш хууль ёсоор авах, өөрөө шимтгэл төлж хуримтлуулсан хэдэн сая төгрөгийг нь ийнхүү төр засаг хулхидахаар бэлтгэж байна. Ийнхүү бодлогогүйдээ тэтгэврийн сангаа хоосолчихсон улстөрчид тэтгэврийн насныхныг гавьяаны амралтад нь гаргалгүй хэдэн жил аргацааж том мэхлэлт хийхийн тулд “Насны хишиг” гэх өнгөн дээрээ ихэд өгөөмөр, үнэн хэрэгтээ явуургүй жижиг заль бодож олчихоод ахмадуудаа тэтгэж, ачилж байгаагаа гайхуулж байна.

Саяхан УИХ-аас шийдсэний дагуу 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд 50-250 мянган төгрөгийг хоёр удаа олгосон болчихоод эрэгтэйчүүдийн 5 жил, эмэгтэйчүүд наад зах нь 10 жил гар дээрээ авах ирээдүйн тэтгэврийг нь цуцлах гэж байна. Үүнийг төрийн нэрээр хийх гэж буй ил цагаан дээрэм гэхээс өөр аргагүй.

Дээрэм хийх санааг ОУВС ч биш Ж.Эрдэнэбатын Засгийн газрын чадваргүй сайд нар бодож олжээ.

Уг нь ОУВС-гийн хөтөлбөр гуравхан жилийн дотор хэрэгжиж, энэ жилүүдийнхээ төсвийг эрүүлжүүлэх зорилготой. Гэтэл хаа байсан 2026, 2036 онд монголчуудын тэтгэврийн насыг өөрчилсөн байх үүрэг энэ хөтөлбөрт пад байхгүйг учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм.

Үүнээс гадна сүүлийн 3-4 жилд төрийн тусгай, захиргаа, үйлчилгээний албан хаагчдын цалин огт нэмэгдээгүй, хувийн хэвшлийн ахуйн нэгжүүд хямралын жилүүдэд чүү ай хөл дээрээ тогтож байгааг ч эрх баригчид юманд чинээ тоож харсангүй, ажил хийж байгаа хүн нь ч, ажиллуулж байгаа байгууллага нь ч давхар хариуцан төлдөг  нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бас л нэмэхээр төлөвлөж байна.

2018 оноос эхлэн гурван жилийн хугацаанд шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус бүр 2018 онд нэг, 2019 онд 0,5, 2020 онд нэг нэгж буюу 2,5 нэгжээр, сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг 2,5 нэгжээр нэмэгдүүлнэ. Ингэснээр 2018-2021 онуудад 117,1-293,6 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэх тооцоолол гаргажээ. Хар үгээр хэлвэл иргэдийнхээ халааснаас болон дампуурах дөхсөн бүх байгууллагаас төдий тооны мөнгийг суйлна гэсэн үг.

Ийм харгис бодлого бол зүүний намын бодлого биш, МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ талаар өгүүлбэр ч байхгүй.

Ийнхүү иргэдийнхээ амьжиргаанд огцом нөлөө үзүүлэх зэрлэг алхмуудыг Валютын сангийн нэр барьж хуульчлан хэрэгжүүлэхийн оронд нийслэлийн хамаг л ашигтай талбайд орон сууцны хорооллыг даалуу өрөх мэт сүндэрлүүлж чадсан Сангийн сайд, Хурд компанийн эзэн Б.Чойжилсүрэн Та, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монгол Алт корпорацийн өв залгамжлагч Н.Номтойбаяр Та нар эхлээд өөрсдийнхөө үл хөдлөх хөрөнгөөс авах татварыг нэм л дээ!!!

Эмэгтэйчүүдийг 65 настайд нь тэтгэвэрт гаргах 2036, эрэгтэйчүүдийг хөөн гаргах 2026 онд танай нам, та хоёр төрийн жолоонд хэвээр байна гэж сэрүүн зүүдлээгүй биз дээ. Тиймээс 2026-2036 оны асуудлыг дараагийн Засгийн газруудад үлдээ.

Яг одоо Валютын сангийн өмнө хариуцлага хүлээх гээд байгаа юм бол Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжих 2017-2019 оны сүүл хүртэлх арга хэмжээнүүдээ л төлөвлөн хэрэгжүүлж эхэл. Монгол эмэгтэй 2036 онд 65 настай тэтгэвэрт гарах эсэхийг ирээдүйн Засгийн газрын тэргүүн шийдэг.

Өнөөдөртөө та хоёр Их хуралд өргөн барьсан төсвийн тодотголдоо үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмэх асуудлаа л суулга. Үүнд чинь ард иргэд төдийгүй Валютын сан ч алга ташна.

Эх сурвалж: politik.mn

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн