Оросын баг ингэж тоглосон, Осет эр тэгж хөөрсөн

Оросын багийн үндсэн тоглолт 24 дэх минутаас эхэлсэн. Үүнээс өмнө байрлалаа булаалдсан үзэгдэл, замбараагүй гүйлдсэн байдал илт газар авсан байлаа. Головин, Дзагоев хоёр ижил барилтай хөлбөмбөгчид буюу довтолдог хагасууд, бөмбөг хаядаг найруулагчид.

Тэднийг нэг шугамд тоглосноор эс хүссэн ч байрлалын зодоон үүссэн. Дасгалжуулагч Черчесовын тактикаар бол Дзагоев төвөө хариуцаж, Головин зүүн жигүүрийг дааж авсан ч адил сэтгэлгээтэй улс тоглолтын явцад өөрийн эрхгүй байрлал давхцаад байлаа. Энэ нь Оросын шигшээ багийн зохион байгуулалтад сөргөөр нөлөөлсөн. Хурдтай эхлэх учиртай довтолгоог уясан юм. Харин 24 дэх минутад Дзагоев гэмтлийн улмаас талбайг орхисноор Головины уяастай хөл суларч, дуртай газраа хүссэн ажлаа хийх боломжийг олсон. Харин зүүн жигүүрт Черышев гарч ирсэнээр бүх зүйл цэгцэнд орж, багийн тоглолт ном ёсоор өрнөв.

cherchesov Оросын баг ингэж тоглосон, Осет эр тэгж хөөрсөн

Угаасаа Черышев, Головин хоёр дасгалжуулагч Черчесовын барьж буй тактикт зохицдог тоглогчид. Гарааны хурдтай, техникийн уртай, бүтээх чадвартай гэх зэргээр. Тиймээс байрлалд өөрчлөлт орсон даруйд Оросын багийн довтолгоо хоёр дахин эрчимжсэн. Эрчимжихэд Головин, Черышевийн оруулсан хувь нэмэр асар их. Хамгаалах хагасууд болох Зобнин, Газинский нар прессингдэж бөмбөгийг тасалсан даруйдаа хурдан довтолгоонд шилжих эхний дамжуулалтуудыг хийсэн нь Головин, Черышевын гаргасан амжилтын тулгуур хүч боллоо. Энэ бол хоёр жилийн турш Черчесовын зорьж ирсэн үндсэн тактик юм. Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчдын гол үүрэг бол айлын довтолгоог таслах явдал. Тиймдээ ч техник, довтолгоо энэ тэр бол тэдний хувьд хоёрдугаар зэргийн л асуудал байдаг. Дэлхийн жишээ ийм. Хамгаалаад довтолдог, довтлоод хамгаалдаг CDM-үүд  дэлхийгээр дүүрэн бий. Тэднийг box to box гэж тодорхойлно. Харин эдгээр чадварын зэрэгцээ эхний паасыг ончтой хаядаг ухаалаг хагасууд бол ховор юм шүү. Томчуудаас гэвэл Погба , Канте, Бускетс, Машерано  гэх мэт л байна. Машерано 34 нас хүрсэн атал Аргентиний үндсэнд дуудагдсанаар байна гэдэг гагцхүү энэ чадвартай нь холбоотой.

cherchesov3 Оросын баг ингэж тоглосон, Осет эр тэгж хөөрсөн

Энэ оршлыг өгүүлсэний учир нь Оросын шигшээ багийн өнөө цагийн алт эрдэнэ бол хамгаалах хагасууд нь юм. Өнөөх Газинский, Зобнин, Кузяевууд. Цуцашгүй гүйх, бөмбөг таслах, довтолгоог дэмжих, довтолгоог эхлүүлэх, биенээ нөхөх тэдний чадваруудад тулгуурлан Черчесов тоглолтоо босгосон бөгөөд дасгалжуулагчийн энэхүү хөдөлмөрийн нь үр дүн яг хэрэгтэй цагтаа гарлаа. Үүнийг ямар ч мэргэжилтэн шинжээч хэлээгүй, аль ч мэргэ төлөгч мэдээгүй. Багийн нь амжилтад итгэх хүн ч байгаагүй. Иймд хамгийн HAPPY байгаа нь эрхэм Черчесов. Яаж хөөрөн баярлаж байгаа нь харсан биз дээ. “Май чи, та нар ингээд намайг доромжлоорой” гэх мэт галзуу эрч хүчтэй баярлана лээ. Хоёр жил балбуулсаныхаа хариуг дээд амжилт тогтоож авлаа шүү дээ. Осет эрийн омголон зан сайхан үйлд хүргэхээр л харагдана. Тэгэх аваас тэр шууд баатар, үндэсний.

ОХУ-САУДЫН АРАБ 5:0

12′ Газинский (Головин), 43′ Черышев (Зобнин), 71′ Дзюба (Головин), 90+1′ Черышев (Дзюба), 90+4′ Головин

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.