NASA-гийн станц Ангарагийн их шуургыг тэсэж чадах уу?

Яг одоо Ангараг гарагийн дөрөвний нэгийг хамарсан их шороон шуурга дэгдээд байна. Ойрын хэдэн өдрийн дотор уг шуурга гарагийг бүхэлд нь хамрах төлөвтэй байгаа юм. Шуурганы үргэлжлэх хугацаа хэдэн долоо хоног, хэдэн сар ч болж магадгүй байгаа гэнэ.

Тэгвэл Ангараг дээр 14 жилийн турш ажиллаж байгаа Opportunity робот станц уг шуурганы голомтонд байгаа юм. Шуурга зогсож, тэнгэр цэлмэн нарны туяа тусах үеэс станцын нарны эрчим хүч үүсгүүр ажиллаж эхлэх юм. Яг одоо Opportunity 24 цагийн турш харанхуй орчинд байгаа. “Шуурга маш их аюултай. Хэр удаан үргэлжилж, дараа нь ямар нөхцөл байдалтай үлдэхийг бид огт мэдэхгүй байна” гэж Opportunity төслийг удирдаж байгаа менежэр Жон Каллас ярьж байна.

Станцтай холбоо барихыг оролдсон ч хариу өгөхгүй байгаа гэнэ. Ангарагийн шуурга тавдугаар сарын сүүлээр эхэлж, эрчимтэй өргөжиж байгаа юм. NASA 2003 онд Opportunity, Spirit нэртэй хоёр робот станцыг Ангарагийн хөрсийг судлахаар илгээж байжээ. Тэд 2004 онд уг гараг дээр буусан юм. Spirit станц нь ажиллахаа болиод хэдэн жил болж байгаа бол Opportunity нь өнөөг хүртэл ажиллаж байжээ.

Ангараг дээр байгаа өөр нэг шинэ станц болох Curiosity одоо судлаачдын санааг зовоож эхлээд байна. Тэр хэдийгээр Ангарагийн нөгөө талд байгаа боловч түүний байгаа газрын тэнгэр харанхуйлж эхлээд байгаа юм. Ангараг дээр үе үе дэгддэг шороон шуурга нь тоос шороог хэдэн арван километрийн өндөрт хөөргөн, 113 км/цаг хүртэл хурдалж, бүрэн харанхуй болгодог.

Гэхдээ тус гарагийг тойрон эргэж байгаа судалгааны хөлгүүдэд хүрдэггүй байна. Шуурганы дараа станцууд шороо тоосонд суух, дарагдах магадлал бага, гол нь нарны эрчим хүчний үүсгүүрүүд нь тоосонд дарагдаж, ажиллахгүй болох аюултай гэнэ. Opportunity станц анх удаа шуурганы гамшигт өртсөн нь энэ биш. 2007 онд тэр шуурганы улмаас хэдэн өдрийн турш ажиллагаагүй болсны дараа гэнэт ажиллаж эхэлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн