Явуугийн цэцэрлэг үүссэн түүх хийгээд өнөөгийн өнгө төрх

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг, 3-р сургуулийн өмнө нэгэн жижиг цэцэрлэг бий. Түүнийг Явуугийн цэцэрлэг гэх бөгөөд тэнд амран тухлагсад элбэг. Элбэг гэхийн учир хүний ая тухтай байх нөхцлийг тэнд жинхэнэ ёсоор цогцлуулсан бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд байдаг бүхий л элементүүдийг бараг бүгдийг тэнд байршуулснаараа онцлог. Энэхүү цэцэрлэг анх ингэж үүссэн юм. Бяцхан түүх сөхөе. Ховд хотоос нэгэн намар баруун монгол аялгуутай өвгөжөөр насны хүн над руу утасдаж “Намайг Бямбаа гэдэг. Би Ховд хотын даргаар олон жил ажилласан хүн. Миний үед Ховд хотыг цэцэрлэгжүүлэх асар их ажил хийсэн бөгөөд түүний үр дүнд хот маань цэцэрлэгтэй болсон юм. Би чамайг эчнээ танинаа. Харин чи намайг танихгүй байх. Чиний “Улаанбаатарын мэдээ” сонинд бичсэн “Аминдаа арчаатай байхсан” гэсэн зүйлийг олоон жилийн өмнө олж уншсан. Түүнээс хойш чамтай уулзахсан гэж бодсоор өдий хүрлээ. Тэгээд чиний утсыг олоод ярьж байгаа юм” гэсээр их л уриалгахнаар надтай ярьснаас хойш Ховд нутгийн Бямбаа гэдэг өвгөнтэй танилцсан юм. Хэдэн жил байнга утсаар харилцаж, хотод ирэхдээ надтай заавал уулзан, бас ч үгүй арвайн гурил, нутгийн идээ барьчихсан, их л дотносон уулздаг хоёр болж билээ. Жилд 1-2 удаа хот орж ирнэ. Ирэх болгондоо надтай утсаар ярьж, ирж уулздаг байлаа. Ийм л дотны андууд болцгоов. Бас нэг удаа Ховдоос “Хойтон жил манай Ховд хотын Өө /ой/ болно, ажил ихтэй байна гээд баруун монгол аялгуугаар ярьж гарав. Дараа жилийн хавар дахин Ховдоос ярьж, “Чи мэднэ дээ, манай Ховдод яруу найрагч Явуухулангийн тарьсан мод байдгийг. Манай Ховдод утга зохиолын өдрөөр очоод Явуу найрагч Ховдын цэцэрлэгт нэгэн улиас тарьсан юм. Одоо тэр Улиас тэвэрт багтамгүй том болоод байна. Тэр Улиаснаас бэлтгэсэн суулгацыг хотод аваачиж суулгамаар байна. Чи туслана биз дээ” гэж билээ. Би угаасаа дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан Ховдод очиж тэндхийн цэцэрлэгт мод суулгасан. Түүндээ “4” гэсэн дугаар хадаж, Явуухулангийн мод бүүвэй Яруу найргийн мод бүүвэй хэмээн шүлэглэж байсныг мэдэх юм. Тийм болоод ч тэр үү, ерөөсөө их Явууг шүтэж явсан болоод ч тэр үү, уриалгахнаар хүлээн авч “Бололгүй яахав. Манай Улаанбаатарт ганц нэг мод суулгачих газар зөндөөн бий гэсэн хариу өгч билээ. Харин хэлсэн үгэн дотор нь бас ч хаа хамаагүй газар суулгачихмааргүй байна гэсэн санаа цухалзаж байсан болохоор тэрхүү модыг хаана суулгая даа гэсэн бодол бараг хаваржингаа миний толгойноос салаагүй юм.

Тэгтэл нэгэн өглөө гэв гэнэт Бямбаа өвгөн над руу утасдаж, маргааш би хот руу нөгөө Явуугийн модноос бэлтгэсэн суулгацаа аваад очих гэж байна гэдэг юм байна. Би бүр сандарч орхив. Нөгөө модоо суулгах газраа сонгоогүй байдаг, маргааш мод ирэх гэж байдаг. Хавар бас нилээн оройтчихсон байсан. Уул нь тэр хавар Сэлбэ голын хөвөөнд нэгэн бичил цэцэрлэг байгуулах санаатай зургийг нь гаргачихсан, Нийслэлийн Засаг даргын зөвлөлд оруулахаар бэлтгэчихсэн байсан. Тэр үед хотын даргаар одоогийн УИХ-ын дарга М.Энхболд ажиллаж байлаа. Тэгээд нэгэн хурал дээр миний гэр хорооллыг ойжуулах тухай санал гаргахад М.Энхболд дарга “маш сонин санаа байна. Гэр хорооллыг ойжуулбал хот ногоон нөмрөг дор ороод ирнэ шүү дээ хэмээн дэмжиж, нөгөө миний хэлсэн үг маань наддаа гай болж нөгөөх Сэлбийн дэргэд байгуулах гэж гаргасан зураг, шийдэл маань “будаа” болж цэцэрлэг байгуулах хөг өнгөрөсөн. Ингээд бодож байхнаа нь цэцэрлэг байгуулах газар авч шинээр эхлэх нь хүндрэлтэй болж, хуучин цэцэрлэг юусан билээ, тэр модыг хаана шингээнэ дээ хэмээн бодож байтал нэгэн санаа надад төрсөн. Тэр нь өнгөрсөн жил 3-р сургуулийн өмнө жижиг талбай дахь цэцэрлэгийг өөд татах гэж баахан ажил хийсэн. Зураг ч гаргасан. Тэнд л модоо суулгая гэж бодов. Мод аль хэдий нь ирчихсэн шүү дээ.

Тэгээд зохиолчдын хороо руу утасдав. Цоодол багш, Дамбын Төрбат хоёр байж байна аа. Замдаа нэг шил юм олж аваад давхиад очив. Нөгөөдөхөө хувааж хүртэх хоорондоо хэрэг учраа хэлж, тэр хоёр маань ч уухайн тас зөвшөөрч тогтоолын төсөл, зохиолчдын эвлэлийн албан бичиг бэлдэж амжив. Жаахан халчихсан хүмүүс сэтгэлийн хөөрөл ихтэй, тэгээд Адьяа эгчийг /Явуу багшийн гэргий/ тэнд хүрээд ирээч гэцгээв. Бид ч тэнд очив. Бүгдээрээ тэр талбайг үзэж, ”Энэ чинь ёстой хөөрхөн талбай юм гээч хөөш. Болдог бол боллоо шүү дээ гэлцэн тарж, би нөгөө албан бичиг, тогтоолын төсөл хоёроо барьж аваад шууд хотын захиргаа явсан. Г.Маналжав дарга дээр очлоо. Тэр үед Г.Маналжав дарга Нийслэлийн Иргэдийн төлөөллөгчдийн хурлын нарийн бичгийн дарга байсан юм. Бас Маналжав дарга Завханы Явуугийн нутгийн хүн.. Учир явдлаа ярилаа. Нэг их цааргалахгүй байна. Тэгснээ “чи жаахан хожимдож. Өнөөдөр тэргүүлэгчдийн хурал болох гэж байгаа, бас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй байгаа” гэв. Би “уул нь бүх юм бэлэн л дээ. Албан бичиг, тогтоолын төсөл гээд… тэгээд та хажуугаар нь оруулчих л даа, нэг их ноцтой асуудал биш, нэрэмжит болгох л асуудал ш дээ гэх ухааны юм яритал авч үзчихээд, за яахав би юутай ч гэсэн аваад ороё гэв. Би ч дотроо бүтчихнэ, Маналжав дарга аваад орсон юм чинь гэж бодож байв. Тэгээд оройхон Маналжав дарга дээрээ яваад очлоо. Тэрээр миний урдаас “нөгөөх чинь бүтсэн шүү “ гэж байна. Аугаа их хүний дурсгалын төлөөнөө хийсэн буян болоод ч тэр үү тэрхүү 23-р сургуулийн өмнөх талбайг Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит болгох ажил тэгж амархан бүтсэн юм. Ингэж Нийслэлийн 3-р сургуулийн өмнөх талбай 2000 оны 5-р сарын 10-ны өдөр их Явуугийн нэрэмжит болж ийм нэгэн тогтоол гарсан. “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай” Монгол улсын хуулийн хоёрдугаар бүлгийн тавдугаар заалт, нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулангийн алдрыг мөнхжүүлэх зорилгоор “Явуугийн цэцэрлэг“ байгуулөах талаар Монголын зохиолчдын эвлэлэээс гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс ТОГТООХ нь: Нэг. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны дэвсгэрт 23-р сургуулийн өмнө талд байгаа бичил цэцэрлэгийг дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит болгож, “Явуугийн цэцэрлэг” хэмээн нэрлэж байхаар тогтоосугай. Хоёр. Тус цэцэрлэгт Ховд хотноо Б.Явуухулан амьд сэрүүндээ тарьсан дөрвөн номерийн модноос тарьц шилжүүлэн суулгах, уг талбайг ойжуулан тохижуулах, хамгаалах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэхийг Монголын зохиолчдын байгууллагууд, Нийслэлийн Захирагчийн ажлын албанд даалгасаугай. НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ц.Баасанжав Нарийн бичгийн дарга Г.Маналжав гэсэн байдаг юм.

Тэр хавар Явуугийн цэцэрлэгийн нээлт хийж, Ховд хотоос ирсэн Бямбаа өвгөн оролцож, тэнд сайхан сайхан дурсамжууд өрнөж, яруу найрагчид шүлгээ уншицгааж, их л сайхан нэг өдрийг өнгөрүүлж билээ. Түүнээс хойш тэрхүү цэцэрлэгийг өөд татах гэж жил жилийн төлөвлөгөөнд тусган багагүй хөрөнгө оруулж байсан боловч төдийлөн сайн болж өгөхгүй байв. Мөн дараагаар нь Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд Голландын засгийн газрын буцалтгүй тусламжаар Нийтийн аж ахуйг сайжруулах хоёрдахь төслийн шугамаар энэхүү цэцэрлэгт хүрээлэнг хамруулж тохижуулалтыг Цэцэрлэгжилт компани хийсэн. Энэхүү тохижилтын нээлт дээр Монгол улсын хөдөлмөрийн баатар Дэслэгч генерал Ж.Жамьян “Явуугийн цэцэрлэг сайхан болжээ. Харин энд хөшөө босно гэсэн үгтэй чулууны оронд хөшөө нь хэзээ босох вэ. Түүнийг л би хүлээж байна” гэж ёжтойхон нь аргагүй хэлж байсан. Тэгж хэлж байсан хүн маань бурхан болж, харин одоо Явуугийн цэцэрлэгт Их Явуу сандал дээр тайван амгалан олны дунд гэгээн дүрээрээ залраад 5 жилийн нүүр үзэж байна. Ж.Жамьян генерал маань үүнийг нүдээрээ үзсэнсэн бол мөн ч их баярлах байсан даа хөөрхий. Тэгтэл зөвхөн энд хөшөө босгоод зогсоогүй цэцэрлэгт хүрээлэнд байдаг бүх зүйл цогцолсон, өөрөөр хэлбэл иж бүрэн цэцэрлэгийн дүр төрхийг олсон цэцэрлэг бий болсоныг тэмдэглэх хэрэгтэй. Өдгөө УИХ-ын гишүүн Д.Ганболд Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа уг цэцэрлэгийг шинэ зураг төсвөөр иж бүрэн тохижуулан өргөн олондоо бэлэглэсэн бөгөөд тэнд ёстой “байхгүй юм байхгүй” цэцэрлэг үүссэн. Зөвхөн хамгаалатын хашаа нь гэхэд өнгөт никель, ном хэлбэрийн зохиомжтой, багана нь хаан титмийг санагдуулам бөгөөд тасралтгүй үргэлжлэх түмэн насан хээгээр чимсэн байдаг. Дотно талын замууд нь хүүхэд тоглон нааадах зориулалттай, ямарч өнцөггүй, мухар булангуудтай бөгөөд, өнгөт хавтан, үнэт чулууг зүүж хийсэн зам талбайтай билээ. Хүн огт анзааргагүй л дээ.

Түүнийг тэр болгон мэдэхгүй. Хоёр том усан оргилуурыг байгуулж, ямагт халуун дулааны улиралд ус нь оргилж бургилж байдгийг хүмүүс андахгүй. Их Явуугийн алдарт “Би хаана төрөө вэ” гэдэг шүлгийн мөрийг монголын газар нутгийн дээр сийлбэрлэн байрлуулж, өөрийн нь хөшөөг сандал дээр нөгөө л хүнхэр шанаагаа тулан сууж буй байдлаар дүрслэн байрлуулсан нь үзэмж төгөлдөр, утга яруу, яг л шүлгийн нь мөр бадаг харагдах шиг сайхнаар урлансан нь олны нүдэнд онцгой содон. Бас тэнд задгай театр, харуулын байр, гэрэлтүүлэг, явган зам талбай, сандал хогийн сав гээд зочид тухлах юм бүхнийг хийж өгснөөрөө энэхүү цэцэрлэг өнөөдөртөө Улаанбаатарт байхгүй хөөрхөн цэцэрлэг болсон. Хамгийн гол нь тэнд том оврын Нарс, Гацуур, Шинэс мод болон Хайлаасаар ургамлан хашлага хийж чимэглэлийн мод бут тарьж суулгасан нь бараг төгс төгөлдөр цэцэрлэг гэж хэлж болно. Тэнд том модоор чимж нятрал үүсгэн суулгасан нь зохимжтой бөгөөд том оврын мод тарьж болохгүй, бүгд үхдэг мэт сурталчлагдад ёстой “ингэж ургадаг байхгүй юу” гэдгийг харуулсан орчин тэнд бий болсон. Тэндхийн шилмүүст Нарс, Гацуур, Шинэс зэрэг том мод 100 хувь ургаж, цэцэрлэгээ чимж байна. Мод ургамалд арчилбал том жижиггүй бүгд ургана, хаявал бүгд үхнэ гэсэн хууль үйлчилдэг. Хотын төвд орших ногоон цэцэрлэгийн бодит жишээ, бичил цэцэрлэг байгуулах хэн хүнд санаа авах бэлэн жор тэнд байгаа. Одоо тэнд ганцхан юм дутагдаж байгааг хэлэх учиртай. Тэр бол ОО буюу бие засах газар. Тэнд тухлан сууж буй хэн боловч зөвхөн бие засах шаардлагаар жорлон хайгаад явж байх биш, ойрхон тэндээ үйлчлүүлчихдэг бол боллоо шүү дээ. Хүн хоол унд идэж уухгүйгээр хэдэн арван хоногоор ч байж болох атал бие засахгүйгээр үл байж болох физиологийн шаардлага байдаг. Үүнийг л хангасан тохиолдолд хүний тав тух хангагдлаа гэнэ биз дээ. Дутууг нь гүйцээвэл сайхан цэцэрлэг нэрээ хадгалж чадах орчин тэнд сүндэрлээд 5 жил болж байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Явуугийн цэцэрлэг үүссэн түүх хийгээд өнөөгийн өнгө төрх

  1. ww 2018-06-13 12:02 at 12:02

    3 р сургуулийн урд ааа

    Хариулах
  2. Нэргүй 2022-03-29 13:39 at 13:39

    23-р сургууль юм сан.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн