Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Шинэс модны шингэн үнэр сэрүү татасхийн сэнгэнэхэд… – updown.mn

Шинэс модны шингэн үнэр сэрүү татасхийн сэнгэнэхэд…

Манай баруун монголд Шинэс модыг Харгай гэнэ. Тэгээд Харгай модноос гоёлог нь көөркий Харзын уснаас тангалаг нь көөркий… гэж дуулцгаана. Харин шинжлэх ухааны нэршил нь “Шинэс” гэх бөгөөд монгол даяар голдуу Хар мод гэдэг билээ. Монголын ой бүрдүүлэгч нь гол ургамал нь шилмүүст мод, түүн дотроо үндсэн үүлдэр нь Шинэс мод юм. Тэрээр Монголын байгалийн нийт ойн сангийн 63,1 хувийг эзэлдэг бөгөөд шинэсэн ой хамгийн их тархан ургасан аймаг нь Хөвсгөл. Монголд 3 зүйл Шинэс ургадаг аж. Үүнд Сибирь Шинэс /хар мод/ Larix sibirica, Дагуур Шинэс /хар мод/, Larix dahurica, Чекановскийн Шинэс /хар мод/ Larix Chekankosкii гэнэ. Сибирь Шинэс нас гүйцсэн үедээ 24-26 метр дундаж өндөртэй, 26-28 см дундаж бүдүүнтэй. Энэ мод гэрэлсэг, ган болоод хүйтэнд тэсвэртэй. -50 хэм, түүнээс ч дээш хүйтнийг тэсвэрлэж чаддаг. Хүйтнийг сайн тэсвэрлэдэг учраас далайн түвшнээс дээш 2400-2650 метр өндөрт ургаж чаддаг. Сибирь Шинэс хөрсний үржил шим голдоггүй учраас ургах орчны цэвдэг ба цэвдэг бус, бүх төрлийн хөрсөн дээр тохиолддог. Шинэс мод манай орны хувьд сайн судлагдсан гэж хэлж болно. Оросын эрдэмтэн А.А. Юнатов, Н.В.Павлов, Я.И. Проханов, Н.П. Иконников-Галцко, И.П.Герасимов, Е.Д.Лавренко зэрэг эрдэмтэд судалж, монголын ойн зүй тогтол, бүс бүслүүр, хэвшинж, гол үүлдрүүдийн талаар томоохон бүтээлүүдээ зориулсан байдаг. Харин монголын үндэсний олон эрдэмтэд ой, түүний дотор Шинэсэн ойн талаарх судалгаа шинжилгээний ажил хийж, монголын ой судлалд үнэт хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал манай ойн салбараас төрсөн хоёрхон Академич болох Ч.Дугаржав, Ч.Доржсүрэн нар Монгол-Зөвлөлтийн биологийн хамтарсан иж бүрэн экспедицэд явж олон жилийнхээ хөдөлмөрийг Шинэсэн ой судлахад зориулсан билээ. Академич Ч.Дугаржав “”Монгол орны Шинэсэн ойн байгалын сэргэн ургалт” сэдвээр, Академич Ч.Доржсүрэн иж ойн экспедицэд явж олон жилийнхээ хөдөлмөрийг Шинэсэн ой судлахад зориулсан билээ. Академич Ч.Дугаржав “Монгол орны шинэсэн ойн байгалын сэргэнн ургалт” АЧ.До“Төв “Төв хангайн тайгажуу шинэсэн ойн сэргэн ургалт ба ойн фитоценозын хөдлөл зүйд хүний хүчин зүйлсийн нөлөө” сэдвээр тус тус докторын зэрэг хамгаалжээ. Үүнээс гадна үе үеийн ойчдын багш профессор Н.Гомбосүрэн “Дорнод Хэнтийн тайгархаг Шинэсэн ойн усны горим зохицуулах, хөрс хамгаалах үүрэг” сэдвээр мөн эрдмийн зэрэг хамгаалсан юм.

Цааш нь Шинэс судлалд эрдэмтэн Ц.Дашзэвэг, Х.Отгонбат, З.Цогт, С.Жамъянсүрэн, О.Одгэрэл, Ц.Банзрагч, Н.Батхүү, П.Баттулга нарын олон хүн судалгаа шинжилгээний ажил хийж байна. Ингээд харахаар Шинэсэн ой судлал хүчээ авч олон эрдэмтэд төрүүлээд зогсохгүй цаашид гүнзгийрүүлэн судлах асар их талбар байгааг хэлээд баршгүй. Шинэс модны талаарх сонирхолтой тоо. -Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутагт Жарайн голын эрэг дээрх ургах орчны тохиромжтой нөхцөлд далайн түвшнээс дээш 1600 метрт Шинэс мод дунджаар 36 метр өндөр, 44 см бүдүүнтэй байжээ. -Манай оронд одоогоор хамгийн өндөр настай Шинэс мод Увс аймгийн Түргэний ууланд байгаа бөгөөд 2005 онд илрүүлэхэд 820 гаруй настай байжээ. – Харин хамгийн бүдүүн Шинэс Булган аймгийн Тэшиг сумын Тавтын тохой гэдэг газар байсан бөгөөд тэр нь 2 метр 60 см байжээ. Шинэс мод нэг нахианаас олон шилмүүс багцалж гарсан шинэхэн шилмүүстэй бөгөөд намарт шилмүүсээ гөвж тайван байдалд орж өвөлждөг. Хавар нь шинэ шилмүүс гарч нэг зуны хугацааг өнгөрөөгөөд намар мөн хагдарна. Өөрөөр хэлбэл Улиас навчсаа хаядагтай төстэй юм. Шинэсний тэр шинэхэн шилмүүс нь модны амьдралыг хөтлөгч, амьсгалын эрхтэн бөгөөд түүгээрээ цэвэр агаар хүчилтөрөгчийг ялгаруулж байдаг. Түүний түм буман шилмүүс ийм л үүрэгтэй. Мэдээж нарны илчийг хүртэж, фотосинтез явуулж, ногоон мөхлөг эс нь өсөж хөгжиж, мод томордгоороо томорч, ургадгаараа ургаж буй. Шинэс нь гол үндэстэй бөгөөд түүний хүчирхэг гол үндэс газрын гүн рүү шигдэн орохоос гадна цэвдэг ихтэй хөрсөнд үндэс нь хавж зүг бүр тийшээ салбарласан байх нь байгалын хууль. Нас гүйцсэн амьд нэг Хар мод үндэс орчиндоо 5 тн ус барьж байдаг гэх бөгөөд, дэлхийн усны хагалбар манай Алтай, Хэнтий, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсын ой нь дэлхийн усны горимыг зохицуулж байгаа гэж хэлж болно.

Тэдгээрээс эх авсан жижиг горхи, голууд нийлсээр аугаа их Обь, Енисей, Сэлэнгэ мөрөн болон дэлхийн нуур далайнууд руу цутгацгаадаг юм. Энэ том үүргийг монголын Шинэсэн ой нэг ёсондоо гүйцэтгэж байна. 1966 оны зун наадмаар болсон Туул голын үерийг манай нөхөд оношлохдоо Туул Тэрэлжийн голын эхний ойг их хэмжээгээр огтолсноос тэр хавийн уул нүцгэрч үер буух шалтгаан болсон гэж үздэг. Энэ үнэтэй ч байж магад. Нүцгэрсэн уул, талд л үер буудаг болохоос ой доторх хөвд, намаг, сэвсгэр хөнгөн хар шороон нөмрөг ус тогтоон барьж чаддагаараа онцгой билээ. Тэгээд ч их Явуу: Үер гэж үүл даагаагүй илүүдсэн ачаа Үер гэж газар уугаагүй гологдсон ус хэмээн шүлэглэсэн нь бий. Тэрэлж, Туулын эхний Шинэсэн ой ийм л үүрэг гүйцэтгэж байж дээ. Хэрэв зээ монголын Шинэсэн ой байхгүй байсан бол дэлхийн уур амьсгал, усны горим, хуурайшилт ямархан юм байх бол гэж төсөөлөхөд бэрхтэй. Нэгэнт Шинэс манай орны ойн сангийн ихэнх талбайг эзлэн ургасан учраас тэр чинээгээр улс ардын аж ахуй, хүн зоны хэрэгцээнд мөн л тийм хэмжээгээр нөлөөлж ирсэн. Нэгэн үе “социализмийн материал техникийн бааз байгуулах” гэж, үйлдвэржиж, хотжиж, бас нэгдэлжиж байх цагт модон материалын хэрэгцээ маш их гарч, байгалийн тэрхүү баялагаа их хэмжээгээр ашиглаж эхэлсэн. Үүнд буруу нь юу байхав. Байгалаас биднийг өөрсдийнхөө хэрэгцээнд л ашигла гэж өвлөж, ургаж ирсэн “бэлэг” шүү дээ. Тэр тусмаа монголын ойн бараг 80 хувь нь нас гүйцсэн буюу хөгширсөн ой гэж байгаа. Тэр нас гүйцсэн ойг ашиглахгүй юм бол хэнд үлдээх гээд, хөгшрүүлж, өмхрүүлж, шатааж хаях гээд байгаа билээ. Тухайн үеийн бодлого ч зөв байсан, авах юм аа ч авах ёстой байсан. Том том мод бэлтгэлийн аж ахуйнууд байгуулагдаж, бүр “Ой модны аж үйлдвэрийн яам” гэж улсын үндэсний нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг үйлдвэрлэдэг том яам байлаа шүү дээ. Одоо дурсахад харамсмаар ч юм шиг, гасалмаар ч юм шиг, тэр сайхан яам татан буугдаж, монголын ой эзэнгүй болж, шатсан ойг ашигллаж болно гэж шатаагаад, түүнийгээ “ашиглаж” нэг хэсэг амь зуусан. Ерөөгийн, Хялганатын, Шарын голын, Түнхэлийн, Тосонцэнгэлийн, Батширээтийн, Бүрэнхааны, Цагаан хайрханы гээд мөн ч олон том том мод бэлтгэлийн аж ахуй, хөрөө рам ажиллуулж, туушаар нь тээвэрлэж, сайхан ч ашигласан. Хялгантаас бусад нь Хар модон /Шинэсэн/ ойгоос мод бэлтгэдэг аж ахуйнууд байлаа ш дээ. Манай Харгай /Шинэс/ хүн ардад ачлалаа өгсөн дөө. Нэгэн удаа Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн дарга Ишийн Бадарч /хожим УИХ-ын гишүүн болсон/ Яамны сайд руу -Манай Ерөөд огтлох мод дуусаад байна. Төлөвлөгөө тасарлаа хэмээн утасдаж, яамны коллеги хуралдаж, төлөвлөлөө биелүүлэх төлөөлөгчөөр миний биеийг томилж, огтлох мод зааж өгөх албанд мордууллаа. Яасан гэж санана. Ногоон онгоц хөлөглөж, шууд нисэж очоод мод огтлох газрыг зааж өг гэв ээ. Ингээд ногоон онгоцондоо ганцаараа суучихсан Ерөөг /Бугант/ зорьж байлаа.

Очсон өдрөө мод бэлтгэлийн аж ахуйн дарга И.Бадарч, Намын үүрийн дарга Сүхбаатар, ерөнхий инженер нарыг суулгаад хамтдаа ойг нь үзэж огтлох Шинэсийг нь зааж өгчихөөд ганцаараа нисээд ирж байсан нь саяхан мэт. Яамны тэр үеийн мэргэжилтэн ийм л эрх хэмжээ, мэдэл, хариулагыг үүрч чадаж байсан юм аа. Одоо зарим нөхөд худлаа гэх биз. Харин Симба Батаа мэт нь үнэг хөөж яваад нисдэг тэрэг унагачихаад “хохирогч” болж байсныг л энэ цагт санах юм. Шинэсэн ойг ингэж огтолж, зааж өгч байсныгаа ид бах болгож байгаа юм биш, байгалаас авах ёстой юмаа цаг тухайд нь зүй зохисоор нь авч, ашиглаж байх нь байгаль хамгааллын хамгийн чухал бүрэлдүүн хэсэг гэдгийг хэлэх гэсэн юм. Түүнээс биш хэдэн мянга, сая га-гаар нь ойгоо шатаах, хортонд идүүлэх, хулгайд алдах мэт зүй бус үйлдэл гаарч байгаа нь шинжлэх ухааны үндэстэй мод ашиглахаас хамаагүй бурангуй юм ш дээ. Тэгээд огтлохыг бүрэн хорих, ашиглалт хийхгүй байх мэт арга ядсан шийдвэр их гаргаж байх юм. Миний хувьд ойг зүй зохистой ашиглах, ялангуяа нас гүйцсэн, хөгширсэн ойг огтлож ашиглах нь зөв шүү дээ гэж л хэлэх дуртай хүн. Одоо утааны тухай их ярьж бичиж байна. Утаа багатай түлш бол мод. Дээрхэн үед Улаанбаатарчуудыг түлшээр хангадаг Түлшний мод бэлтгэлийн трест гэдэг байгууллага байсан юм. Том том бэлтгэлийн аж ахуйнуудын доод складад байгаа үзүүр ёзоорхон, унанга дархи тэр ч бүү хэл хатаж хуурайшсан ой, хөгшин мод мэтийг авч ирж айлууд, албан газруудын түлшний хэрэгцээнд өгдөг байсан юм. Одоо дархан цаазат Богд хаан уулын бараг ам болгонд Шинэс ойн хортонд идэгдээд үхчихсэн байхад түүнийг цэвэрлэх, түлшинд хэрэглэх, тэр ч бүү хэл банз дүнз ч гаргаж болох мод үхжээд, модлог чанараа алдаад хэвтэж байна. Ингээд ялзраад ойдоо хэвтэж байх ёстой юу. Ойн аж ахуйн арга хэмжээний ажил гэж нэг мундаг ажил ой хамгааллын салбарт байдаг юм. Арчилгаа, цэвэрлэгээний огтлол гэж. Ийм ажлыг бодлоготойгоор, мэргэжлийн дагуу хийхгүй бол ой чинь шатаад л, өвчин хортон дэлгэрээд л байх гол уурхай нь шүү дээ. Үүнийг ойчид мэднэ. Дараачийн нэг асуудал бол мөн л Шинэс модыг хот суурины цэцэрлэгжилтэнд өргөн ашиглах явдал. Үүнийг уншаад дахиад л энэ нөхөр ой руу дайрах нь гэж битгий бодоорой. Өнөөдөр манай Улаанбаатар хотын зарим гудамж, тухайлбал Сүхбаатарын гудамж /Улсын төв музейн зүүн талаар явдаг/, Залуучуудын гудамж /Төрийн ордны арын/, Эрхүүгийн гудамж /11-р хорооллын / гэх мэт гудамжуудын том том Шинэс модыг 1960-1980 оны үед нэг морин тэргэн дээр нэг мод, нэг машин дээр 1-2 мод авч ирэх замаар авч ирж шилжүүлэн суулгасан мод байгаам. Одоо тэд хотыг чимж байна. Шинэс манай орны унаган ургамал, хаана ч бараг зохицон ургах чадвартай, ган болоод хүйтэнд тэсвэртэй, зун нь ногоон шилмүүсээр хотоо чимж, өвөл нь гөвж тайван байдалд ороод дахиад хавар нь ургаж, нэг үгээр хэлбэл өвлийг өнгөрөөгөөд цаг агаартаа дасан зохицож чаддагаараа сайн мод. Гэтэл бидний гаргасан түймрийн халз, өндөр хүчдэл доорхи мод битүүрч огтлож хаяхаас өөр аргагүй болчихсон байдаг. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нэгдэн нэг ойлголтыг шийдвэр гаргагчид, бас эсэргүүцэгдэд өгөх шаардлага байна. Үүнийг огтлохоос нь өмнө хэрэгцээт модоо хот руу шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Байгалаас ав гээд ургуулаад өгсөн, зайлшүгүй огтлож хаях шаардлагатай ойн арга хэмжээний үр дүнд гарах модыг авахгүй байгааг хэн юу гэж ойлгох вэ. Нөгөө л хуурамч “эх орончид”-ын үгээр “хайран ой” гээд сууж байх ёстой юу. Ингэж авахыг эсэргүүцэгчид ойн аж ахуйн хөгжил, ойн санд хохирол учруулж байгаа гэдгээ мэдэхгүй, миний үржүүлгийн мод борлохгүй байна гэдэг утгаар хандаж байгааг эрхбиш ойлгох хүмүүс нь ойлгоосой билээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

One thought on “Шинэс модны шингэн үнэр сэрүү татасхийн сэнгэнэхэд…

  1. Нэргүй 2018-06-13 15:28 at 15:28

    яахаараа сибирийн шинэс болчихдог байнаа. сибирийн тайгад чинь голдуу нарс байдаг биздээ. нэг муу балай оросын л өгсөн нэр байхдаа.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн