Мод хүүхэд өсөх адил ургадаг

Мод тарих буян гэдэг үг саяхнаас бараг хүн бүхний хэлдэг гурван үгийн нэг болж. Энэ үг эрт үеэс улбаатай бөгөөд мод шиг урт удаан жил амьдарч, ээлээ байгаль дэлхий, хүн ардад өгдөг ургамал гэж хаана ч байхгүй. Мод дэлхийн шим мандлын тэнцвэрийг зохицуулж байдаг, түүний тэр гайхамшигт чанарыг орлох зүйл огт үгүй. Ой мод гэж байгаагүйсэн бол дэлхий, ертөнц гэж бараг байхгүй ч байж магад. Өнөөдөр дэлхийн дулаарал, шар шороон шуурга, цөлжилт, экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт нэр томъёо, яриа гараад бас чиг олон жилийн нүүр үзэж байна. Түүний дотор “цөлжилт” гэдэг үг аюулын харанга дэлдэж байгаа. Монгол орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилтөнд өртөөд байгаа тухай судалгааны материал үүнийг гэрчилнэ. Энэхүү цөлжилт гэдэг үйл явдал энгийн бидэнд ихээр мэдрэгдэж байгаа нь илүү аюулыг сануулаад байна. Хүний нас хэд билээ. Манай дэлхийн нас хэд билээ. Тэгтэл ахархан богино настай бидэнд аюул нь мэдрэгдэж байгаа бол, энэ дэлхийгээ аврахгүй юм бол сөнөхөд ойрхон байна гэдэг нь ойлгомжтой. Миний багад Гурамсны голоос гадаалаад зуслан өөдөө нүүж байхад “Хар ам” хэмээх газар үхэр тугал оодогнон ойгоор нэг тархаж, аав мориор араас нь явж, миний гээсэн үхрүүдийг цуглуулж ирж байхад, бас чиг үхрээ цуглуулах гэж ой дотор “Бөөрдөн хүрэн” гэдэг мориороо зүтгүүлж явахад ургасан цэцэг өвс, цээнийн ягаан өвдөг шүргэж, би усан дотор явна уу, ургамал дотор явна уу гэхээ бараг ялгамгүй тийм сайхан өвс ногоо, цэцэг ургамалд бүчүүлж байсныгаа санадаг юм. Саяхан тэр “Хар ам”-аараа яваад ирлээ. Цаг хугацаа нь бараг адилхан доо. Зуны дунд сард, мөн л Гурамсны голоос гадаалдаг цаг. Тэгсэн юун өвс ногоо бэ, улаан ган, модны мөчир найгах төдий салхинд улаан хуй босч, золтой л малгайг минь аваад явчихсангүй. Нутагт минь энэ жил ган болоо юу гэж бодтол тийм биш гэнэ ээ. Ер нь ийм болоод удаж байгаа аж. Тэгээд саяхан л би хүүхэд байхад ой дотор ямархан байдаг байлаа, одоо яаж байна аа, хүний нас хэд билээ, энэ хорвоо ертөнцийн өөрчлөлт юу билээ гэж бодоход хүрсэн билээ. Энэхүү цаг уурын өөрчлөлт гээд байгаа зүйл нэг засаг солигдох, эрх мэдэлтнүүд яс булаацалдсан ноход шиг үймж дүймж, эрх мэдэл булаацалдахтай зүйрлэх юм биш. “Анхны алхам” гэдэг кинон дээр “Энэ шинжлэх ухаан гэдэг чиг өвгөн Балдан, өвс шарилжнаас огт өөр юм” гэдэг шиг байгалын хувьсал, цаг уурын өөрчлөлт гэдэг ёстой уйваагүй улс төрчидтэй огт хамаагүй юм байна. Эдэнд экологи доройтож, газар нутаг цөлжиж, уур амьсгал өөрчлөгдөж, байгалийн баялаг устаж үгүй болж, эрдэнэс нь гадныханд хулгайлагдаж, улс орон ядуурч байгаа нь хамаагүй хэрэг болж. Ёстой агааргүй бол алтаар яах юм, усгүй бол уранаар яах юм бэ?

Тийм ч учраас эх орны баялгийг хуйвалдан хувааж аваад гадаадад байгаа оффшор дансанд хөрөнгийг нь хийчихээд, орд харш харийн оронд байгуулчихаад, “эвгүйтвэл” харьд зугатахад бэлэн болсон улс төрчидтэй орны хүмүүс тэднээс сайн сайхан юм хүсэх хэрэг байна уу? Ард түмээн. Тэгээд одоо бид яах ёстой вэ?. “Маргааш галав юүлэхийг мэдэж байсан ч өнөөдөр алимны мод тарь” гэж нэг суут үг бий. Малаа 70 саяд хүргэлээ гэдэг нь хөгжөөд байх ч зүйл биш. Ард түмний маань амьжиргаа мал мөн л дөө. Гэхдээ уух ус, идэх өвсгүй бол юун мал бэ. Мал байтугай хүн төрөлхтөн сөнөх гэж байхад. Монгол орны нутаг дэвсгэрийн найм гаруй хувь нь ногоон ой гэж байгаа. Том нутаг дэвсгэртээ манай орны хувьд том ой. Гэхдээ том газар нутгийн хэмжээгээр цөлжилт явагдсан учраас өөд нь татаж гаргана гэдэг хэцүү. Одоо билчээрийн доройтол гээд яриад байна.

 Ямар ч бодлогогүй ямаа өсгөж, ноолуурын хойноос явснаас л болсон шүү дээ. Бүр байчихаад ноолуураа авах аргаа хайхдаа ноолуураа урамшуулж эхэлсэн. Ноолуур авахын тулд ямааг л өсгөх хэрэгтэй болсон. Өсгөсөн ямаа монголыг баяжуулсан уу?.Цөөхөн хэдэн улс төрчдийн ард байдаг бизнесменүүд баяжаад л өнгөрсөн. Ямаа өссөн. Ямаа өслөө гээд ямааны эзэн малчин баяжсан уу, үгүй. Харин эх орны газар шороо ямааны туурайнд талхлагдаж, одоо монгол орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилттэй болсон гэх тэр үнэлэмжинд хүрээд байна. Бог малын 10 хүрэхгүй хувь нь ямаа байж монголын мал аж ахуй зүй зохистой хөгжиж, билчээрийн даац гэнэ үү юу гэнэ үү тэр нь малаа тэжээж байсан юм. Одоо уух ус, идэх өвсгүй болж, ган зудын гачаалд нэрвэгдээд ирэхэд тэр олон малаа яаж онд оруулах гээд байна аа. Би мод ярих гэж эхэлсэн атлаа дахиад л мал руу, ямаа руу, улс төрчид рүү хальтарч орчихоод гарч чадахгүй байна. 1990 оноос хойших ийм олон улс төрчид, байн байн сонгогддог 76 гишүүн, бас дээр нь хэдэн ерөнхийлөгч, огцруулах дуртай, огцорсны дараа гарч ирдэг олон сайдууд та хэдийгээ хараад заримдаа бухимдах юм. Гуравхан сая хүнийг авч явж байгаагаа нэг хараач. Та нарын дотор цэцэн мэргэн нь хэд байгаа юм. Нэг хятад нөхөр тэгсэн гэнэ ээ. Энэ монголыг “манай нэг дунд гарын худалдаачин” л аваад явна гэсэн гэх. Энэ үнэний хувьтай. Их хятад гүрэн 1,4 тэрбум хүнтэй. Манайхаас бараг 500 дахин их хүнтэй гээд боддоо. Цөвүүн цаг болоход “хурц сийрэг хэлтнийгээ цэцэн мэргэнд тооцно” гэжээ. Үнэндээ л их хурал дээр ам булаацалдан цэцэрхэж байхыг нь харах юм. Улс орноо удирдаад сайн сайхан болгож байгаа нь хаана байна. Цөвүүн цаг иржээ. Ёо ёо, дахиад л улс төр. За нөхөд өө галав юүлэх цаг ойртжээ.

Өнөөдөр алимны модоо тарьцгаая. Мод хүүхэд өсөх адил ургадаг аж. Улс орныг төвхнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэж их жанжин Д.Сүхбаатарын дүр нэг кинон дээр хэлдэг. Түүний адил эх орноо аврая гэвэл хүн бүрийн хүчин зүтгэл хэрэг болоод байна. Хамгийн түрүүн та өөрийн амьдардаг орчноо өөд нь татчих. Амьсгалдаг агаарыг чинь үйлдвэрлэдэг ногоон мод, ногоон ургамлаар хашаа хороогоо, орчноо чимчихэе. Иргэний үүрэг болгож хашаа бүр 10-аас доошгүй том мод, 30-аас доошгүй жимсний модтой болгох зорилтыг тавьж, төрөөс дэмжиж, иргэн бүрийн журамт үүрэг болгоод өгөөч төр засаг минь. Тэгвэл хот суурин газар бүгд ногоон хүрэм болно. Тэгээд ч бохирдол хүн ам олноор төвлөрсөн хот суурин газраас л эхэлдэг. Байгаль орчны яам маань хэдэн жилийн өмнө “1,0 сая мод тарина” гэж хий лоозогнож, ууланд хэдэн тарьц аваачиж булсныгаа ойжууллаа гэж ярихаа болъё. Зүгээр л Улаанбаатарт байгаа 300 мянган хашаа, аймаг сум, суурин газрын хэдэн түмэн хашаагаа ногоон болгочихвол болоо. Хашаандаа хэн ч гараад ажиллана. Харин ойд чинь бороо орвол ургадаг, эс орвол үхдэг тийм л жамтай “ойжуулалт”. Хаана ч бай хашаа босгосон л бол эхлээд мод тарьдаг журам бий болгооч. Тэр суулгац, мод гэдэг нь хаа сайгүй байна оо. Зохион байгуулаад өгдөг төр засартаа бол болоо. Төр засгийг унагах болохоороо хуйвалдаж чаддаг атлаа мод тарих болохоор санаагаа нийлүүлээд сайхан шийдвэр, журам гаргаж болохгүй байна уу. Улс орон байгалын тэнцвэргүй байдалд ороод сүйрэх гээд байхад үүнээс гарах наад захын арга зам хайх хэрэгтэй юм биш үү. Бас нэг санаа. Манай Улаанбаатарт жилд 6500-7000 хүн бурхны оронд явдаг гэнээ. Бараг 10-аад оршуулгын газар, 2 том чандарлах байгууламж байдаг.

Тэнд л бүгд морилж байгаа. Бид харин тэднийгээ тэнгэрт байгаа, дээрээс намайг, чамайг харж байгаа гэх ухааны юм яриад сууж байдаг. Та тэр хүндээ буян хийх гэж байгаа бол мод л тарьчих. Манай монголын Шинэс 300-500-700 насалдаг. Хайлаас гэж нэг сайхан мод байна. Угаасаа манай монголчууд нь талийгаачийг нутаглуулнаас хойш 3-5 жилдээ газар дээр нь очдоггүй уламжлалтай. Тэгээд та яаж мод тариад, үхүүлэхгүй ургуулж болох вэ. Энд 2 аргыг танд хэлж өгөе. Ямарч байсан бурхан болоочийн дурсгалд зориулж мод тарих нь хамгийн том буян юм байна гэдгийг хатуу ойлго. Хүүхэд нохой тэжээх чинь буян биш ээ. Тэд өөрөө хоолоо олоод идчихнэ. 1-д хэн нэгнээ та “чандарлуулсан” бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн мемориал хэсэгт тэндээс мод, сөөгийг нь худалдаж аваад суулгачих. Тэгээд хавар ханш нээхээр ч юм уу, эсвэл арчилж тордох зардлыг нь тус байгууллагад төлчих, тэгээд л тэд арчлаад ургуулаад танд өвлүүлээд үлдээгээд өгнө. Тэр мод танаас хойш дахин хэдэн зуун жил амьдарна. Нөгөө нэг арга нь газарт оршуулах зан үйл гүйцэтгэсэн бол та тэр газартаа мөн л 3-5 жил очихгүй учраас үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бортгонд үржүүлсэн Хайлаасны 20-30 см өндөртэй 1-2 настай суулгац 7-14-21 ширхэгийг аваачаад эргэн тойронд нь суулгачих. Таныг 5 жилийн дараа нэг ханш нээх цагаар морилон ирэхэд 2-3 метр өндөртэй Хайлаасан ой үүсчихсэн байх болно. Ингэвэл зөвхөн Улаанбаатарт жилд 45-50 мянган Хайлаас оршуулгын газарт таригдаж цөөхөн жилийн дараа ойтой болчихно. Үүнийг Иргэдэд үйлчилдэг компанууд оршуулгынхаа багцанд оруулаад л хийчих л дээ. Зарим нөхөд 10-20 сая төгрөгөөр бурхан болоочоо нутаглуулж байхад зарим нь өөрийн бололцоогоороо л тэр ажлыг өнгөрөөдөг. Хэнд нь ч гэсэн тэр цөөхөн модны зардал олдоно доо. Бидний хэн нь ч гэсэн нэгэн цагт “ниснэ”. Тэнгэрт гарсан түүнийхээ хойноос өндөр өндөр мод ургуулж “сүнсэнд” нь дөхөхсөн.

Хамгийн гол нь танд бурхан болоочийн араас буян үйлдэх гэж байгаа бол мод тарь гэдэг зөвлөөлгөөг л өгөх гэсэн юм. Миний Хайлаас мод тарьчих гээд байдгын учир нь Хайлаас модыг ариун мод гэж үзэж бурхан шүтээн бүхий газар, уул овоо, ариун дагшин газруудад эрт дээр үеэс тарьж суулгаж байсан уламжлалтай бөгөөд түүний тэр нарийхан мөчир, найлзуур нь хахир хатууг ч, халуун дулааныг ч тэсвэрлэн давж ямарч ажралгүй урган төлжиж чаддагаараа гайхамшигтай мод ажээ. Хатуу хахирган цагийн бүх саад тотгорыг тэр өөрийн ариун мөчиртөө тээж, цаг цагийн салхинд нүдүүлж, хатуу хорвоогийн амтыг өөрийн биеэр мэдэрч ургаж яргаж үлдсэн хайлаас модыг магтаад бахдаад баршгүй. Хавар Хайлаасыг үрээ хаянгуут нь түүж аваад тарьж болдгоороо бусад модноос их онцлог. Түүний үндэс маш хүчирхэг бөгөөд 1-2 настайд нь л салгаж, ялган суулгах газраа шигтгэж авахгүй бол түүний үндэс хаа хол тархаж, дахиад сугалж аваад өөр газар суулгана гэвэл хамаг үндэс нь гэмтэж шархлан, төлжиж ургахад бэрхтэй болдог. Түүний үр газарт унангуут нөхцөл нь бүрдвэл шууд соёолох бөгөөд нэг соёолж ургасан Хайлаас жилээс жилд нөгөө л хүүхэд өсөх адил ургасаар нэг мэдэхэд Хайлаасан ой үүсгэж чадна. Та анзаарахгүй байж магад. Манай Улаанбаатарт Москва хорооллын урд байгаа машин оншилгооны газрын арын бетондсон үерийн далан дотор Хайлаас ны үр унаад, тэнд бүр шугуй үүссэн байгаа. Бүр бетон доторлогоотой далан дотор шүү. Түүнийг байнга цэвэрлэж, ус урсан өнгөрөхөд саадгүй болгон арчилж байдаг далан нэг мэдэхэд л Хайлаасан шугуй үүссэнийг бодохоор ямархан хурдан ургадаг, ямархан тэсвэртэй мод болохыг тэр байдал танд батлаад өгнө. Агаарыг цэвэршүүлдэг ногоон модыг тарьж ахархан хугацаанд тарьмал ой үүсгэх гарын доорхи боломжийн талаар хоёрхон санааг зорилт болгоод зохион байгуулах аргыг нь олчихвол бүх хашаа хороо ногоон ой дотор, бүх чимээгүй хот ногоон хүрэм дор “сүндэрлэх” болно. Ой модгүй “чимээгүй хот”-ыг томсгоод харвал ойжуулаагүй гэр хорооллын дүр төрх босоод ирнэ. Үүнд л аймшиг нь харагдаад байдаг юм даа.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн