Улаанбаатар, Монгол Улс (2018 оны 6-р сарын 12-ны өдөр) – Нийслэлийн Боловсролын газар болон 9 дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлууд болон иргэний нийгмийн байгууллагуудын 140 гаруй төлөөлөл өчигдөр Хангарьд ордонд цуглан сургуулийн орчин, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах зэрэг ерөнхий боловсролын сургуулийг тойрсон чухал асуудлуудын талаар хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, сайжруулах зөвлөмжүүдийг хэлэлцлээ.

Боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн эдгээр хөндлөнгийн үнэлгээг Дэлхийн Банк, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилт бүхий “Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд анх удаа хийсэн юм.

Нийгмийн эгэх хариуцлагаар дамжуулж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртөө иргэдийн оролцоотой үнэлгээ хийх нь алдаа дутагдлаа иргэдийн оролцоотой илрүүлэх, иргэдийн оролцоотой шийдвэр гаргах, ажлын үр дүнг сайжруулахад тустай үйл ажиллагаа боллоо” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тэмдэглэв. “Цаашид орон нутгийн төвшинд хэрэгжүүлж буй аливаа төсөл хөтөлбөрүүдэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, улмаар засаж сайжруулдаг байх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төслийн хүрээнд хийгдсэн хөндлөнгийн анхны үнэлгээнүүдийг IRIM Хараат бус судалгааны хүрээлэн, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон “Тунгаамал” төрийн бус байгууллагууд хийхээр шалгаран энэ оны эхээр гүйцэтгэжээ. Мөн 70 гаруй төрийн болон төрийн бус байгууллагууд, их дээд сургуулийн төлөөлөл хөндлөнгийн үнэлгээ хийх сургалтанд хамрагдсан байна.

Ингэснээр бодлогын үр дүнгийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, тэдгээрийг сайжруулах арга хэлбэр, зөвлөмжийг агентлаг бүрээр гаргах боломжтой болов. “Бодлогын үнэлгээг “хийнгээ” суралцсан нь илүү сонирхолтой байлаа. Энэ нь алхам алхмаар чиглүүлж, сургалтад хамрагдаж сайжирсны үр дүн,” – хэмээн Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг ТББ-ын мэргэжилтэн Б.Даваасүрэн хэлэв. “Тухайн салбар төдийгүй улс орны өнөөгийн нөхцөл байдлыг харах  “томруулдаг шил” нь бодлогын үнэлгээ юм.

Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл нь 2015 оноос Швейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Банкны хамтарсан санхүүжилтээр 10 аймаг (Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Хөвсгөл), нийслэлийн 3 дүүрэгт (Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй) хэрэгжиж байна. Төслийн үндсэн зорилго нь нийгмийн эгэх хариуцлагын үйл явцаар дамжуулан орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн удирдлага, захиргааны байгууллагууд (аймгийн ЗДТГ, эрүүл мэндийн болон боловсролын газрууд), төрийн үйлчилгээний байгууллагын (аймгийн нэгдсэн эмнэлэг, сургууль) хооронд бүтээлч хамтын ажиллагааг бий болгох үйл явцыг дэмжих юм.

Уг төсөл нь Дэлхийн Банкнаас Монгол улсын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй дэмжлэгийн нэг хэсэг бөгөөд төрийн санхүүгийн удирдлага, орон нутгийн засаглал болон ил тод байдлыг сайжруулах бусад төсөлтэй нягт уялдаж байна.

Нэмэлт мэдээлэл болон бодлогын үнэлгээнүүдийг дараах холбоосоор үзнэ үү: www.irgen-tur.mn 

Бэлтгэсэн Дэлхийн банк Монгол

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн