Хэтийдсэн хийрхэл буюу ТӨРИЙН ТАХИЛГА

Төрийн тахилгат Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилгын ёслол долдугаар сарын 27, 28-нд болохоор тов нь гарлаа. 1913 онд Богд хааны зарлигаар тус овоог анх тахисан түүхтэй, өдгөө 105 жилийн ой нь тохиож буй аж. Монголчуудын уул, овоо тахих өнө эртний уламжлал нь шүтэн бишрэх, эрхэмлэн хүндэтгэх гүн утга агуулгатай байж. Энэ нь яван явсаар төрт ёсны болон шашны томоохон зан үйл болтлоо “хөгжсөн”. Чухам хөгжихдөө буруу тийш халтирч, мухар сүсэг, хоосон хийрхэл, хэт их хөөрөгдөл рүү хөтөлсөн учраас Монгол даяар алдартай Дарьгангын Алтан овооны тахилгын өмнө хэдэн үг хэлэхийг хүсэв.

Энэ жил хаа сайгүй ган гачигтай, тэнгэр царайчилсан улс тавгүйхэн зусаж байна. Дарьганга суманд, тэр дундаа Алтан дарь овоо, Ганга нуур орчимд хавар эрт ногоороод, байгаль дэлхий өнгөө зассаныг нутгийнхан нь “Тахилгатай жил учраас ийм байна” хэмээн сүсэглэн ярьцгааж байсан аж. Гэтэл сүүлийн сар орчим тэнгэр хангай хураа хайрлаагүйгээс түрүүчийн өвс ногоо хатаж хорчийгоод одоо бол хаашаа л харна зэвхий тал болсныг нутгийн хүн хэлэв.

Ийм нөхцөлд урьд урьдынх шиг нүсэр их хөл хөөртэй тахилга зохион байгуулбал Дарьганга нутагт түйрэн босож, оройн дээд шүтээн гэгдэх Алтан дарь овоо нь тоосонд булагдаж, Ганга нуур тань улаанаараа эргэх вий, зохион байгуулагчид минь ээ. Угаас тэр хавийн газар нутаг элсэрхэг, сул хөрстэй учраас олон хүн, малын хөл, машины дугуйнд талхлагдах нь дамжиггүй гэдгийг та бүхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс “Нэгэнт л төр, засгийн шийдвэрээр тахилгын ёслол үйлдэж байгаа хойно яалтай билээ. Зөвхөн нутгийнхан оролцоно, бусад хүн болохгүй гэж хөл хорилтой нь биш” хэмээн жижүүрийн тайлбар хэлээд суух бус, наанадаж байгаль орчныг бохирдуулж, сүйтгэхгүй байх талаас нь анхаарах хэрэгтэй байна.

2008, 2012 оны тахилгын үеэр багадаа 8000-10 000 машин Алтан дарь овоо тийш зорьж очсон тухай тойм тоо хэлж байна, нутгийнхан. Хүүхдийн зулай шиг эмзэг, нимгэн тал дээгүүр 10 000 машин тоос манаруулан хурдалсан гэхээр ямархуу дүр зураг таны санаанд бууж байна вэ. За тэгээд, нэг машинд дунджаар дөрвөн зорчигч сууж явсан гэж тооцвол

32 000-40 000 хүн зорьж очсон шүтээнийхээ эргэн тойронд ил задгай “морь харж”, чамгүй их хог тарьсан нь мэдээж. Газар газраас зорин ирж тахилгад оролцох хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэдгээс үзвэл өнөө жил өлхөн 40 000 хүн Дарьгангад очих бололтой. Тэр олон хүний бие засах жорлонг хэрхэн шийдэж байгааг тодруулахад “Био 00 олноор байрлуулахаар тооцоо судалгаагаа хийж байна” гэв. Уул, овооны тахилгын үеэр жорлон, хогийн сав хоёр л хамгийн хүрэлцээтэй байхгүй бол овооны оройд гарч хийморио сэргээсэн монгол эрчүүд маань ундааны саванд шээхдээ тулсан тохиолдол ч бишгүй дуулддаг.

Харин нэг таатай мэдээ дуулгахад, энэ жил Алтан дарь овооны тэнгэрийг тайх ёслолыг оройд нь бус, бэлд нь хийх тухайгаа орон нутгийн удирдлага хэлэв. Сүсэгтэн олон эмх замбараагүй байдал үүсгээд байдаг тул сүүлийн хоёр удаад бэлд нь тахилгын ёслолоо үйлдсэн гэнэ. Тахилга дууссаны дараа Ерөнхийлөгч тэргүүтэй төр, засгийн болон орон нутгийн түшмэд, лам хуврагууд овоон дээр гарч, идээ шүүсний дээж өргөх юм байна. Тэгэхгүй л бол тэр олон хүн бүгд орой дээр нь зэхсэн идээ ундаа, мах шүүснээс хүртэнэ гээд дайрвал юу болохыг хаа газрын тахилгууд бэлхнээ харуулдаг. Тэгээд байхад хүртэл монгол хүний мухар сүсэг хаачих вэ, тахилга дууссаны дараа үдэш орой ч хамаагүй овоо руу гарч, хувийн идээ ундаагаараа өргөл барихгүй л бол сэтгэл нь амардаггүй хүмүүс бишгүй.

2016 онд Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх тахилгын үеэр хурсан олон ёслолд зориулж бэлдсэн идээ шүүснээс хувь олж хүртэхийн тулд бурхны ном судар дээр байтугай, хүн хүн дээрээ гичгэчих нь холгүй улайран дайрсан гэдэг. Түүгээр ч үл барам хутагт, хувилгаадынхаа биед хүрч, адис авахын тулд сүсэгтнүүд нь өнөөдүүлээ дарж алах нь холгүй юм болж, Завхан нутгаас тодорсон хутагт, гэгээнтэн хоёр нь зүүн, баруун жигүүрийн хоймрыг “булаалдан”, Монгол Улсын Ерөнхийлөгчийг тэртээ доор суулгахаас сийхгүй байсан тухай танил минь ярьж байв.

Лам хуврагуудын уншиж буй ном сударт жигтэйхэн сүслэн залбирч байсан хүмүүс хэдхэн мөчийн дараа үмх мах, атга будааны төлөө “Ганжуур”, “Данжуур” хэмээх их хөлгөн судар дээгүүр гишгэлж, шүүсэнд тавьсан ууцны энд тэндээс хумсаараа ч болтугай шүүрэх ой гутам дүр зураг Сутай хайрхны тахилгын үеэр ч давтагдсаныг очсон нөхөд нь санаж буй биз. Энэ мэтээс харахад, монголчууд XX зууны эхэн үеэсээ ялгарахааргүй харанхуй бүдүүлэг, мухар сүсэгт автсан улс хэвээр байгааг уул, овооны тахилгаас түвэггүй тольдож болохоор байнам. Харин ч тэр үед уул, овооны тэнгэрийг тайхдаа одоогийнх шиг нүсэр биш ч нарийн дэг жаягтай байсан юм билээ.

Дээхнэ үед Алтан дарь овооны тэнгэрийг жилд хоёр удаа тайдаг байсан бөгөөд хаврын тахилгыг зөвхөн Овоон сүмийн лам нар тахидаг уламжлалтай байж. Харин намрын тахилгын үеэр хошууны наадам хийж, хоёр насны морь уралдуулж, ихэвчлэн 32 бөх барилддаг байсан тухай нутгийн ард ярьдаг юм билээ. Түрүүлж, айрагдсан морь болон түрүү, үзүүр булаалдсан бөхөд идээ шүүсний хэсгээс бай мөрий болгон өгдөг байснаа хожим адуугаар шагнаж урамшуулдаг болжээ. Тахилгын үеэр лам хуврагууд тэргүүтэй цөөн тооны хүн оройд нь гарч, овооны сан уншаад, зарлигын айлтгалаас адис авч, нум сум харван, дуут сум тэнгэрт илгээсний дараа идээ, шүүсний дээжийг өргөдөг байж.

Нутгийн ард олон овооны бэлээс сүү, цай, архины дээжээ өргөн, идээ шүүснээс олдвол хүртээд, сэтгэлээрээ болчихдог байсан гэдэг. Тахилгын энэхүү ёслол одоо хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр боловч өнөө цагт үйлдэх арга зам нь хэтэрхий нүсэр болсныг хэн хүнгүй мэднэ. Алтан дарь овооны тэнгэрийг тайх тахилгын үеэр одоо заавал зургаан насны морь уралдуулж, дор хаяж 256 бөх барилдуулдаг болжээ. Энэ удаа ч тэгэх гэнэ. Зарим жил бүр аймаг, бүсийн наадамтай хамтатган зохион байгуулдаг байсан тул нутаг нутгаас ирсэн хурдан хүлгийн туурайгаар газрын хөрсийг ёстой л эргүүлдэг байж. Тахилгуудын бай шагнал жилээс жилд нэмэгдэж байгаа учраас бөхчүүд, уяачид хошуурдаг болсон гэх.

“Манайхан ганц удаа уул, овоо тахихын тулд их хэмжээний мөнгө зарцуулдгаа болимоор байна. Өөр зарцуулах зүйл өчнөөн байхад түрүү морь, бөхийг жийп машинаар байлна гэж аймгууд хоорондоо өрсөлддөг нь хэтийдсэн хийрхэл. Үүнээс болоод тахилгын ёслолыг хүмүүс хүндэтгэл, бишрэлийн зан үйл бус, ашиг хонжоо олох арга зам гэж шунахайн сэдлээр ханддаг болсон” хэмээх Дарьганга нутгийн нэгэн өвгөн буурлын үгийг эцэст нь хүргэе. Тахилгын үеэр хүмүүс бие, хэл, сэтгэлийн нүглийг тэвчих ёстой гэдгээс эхлээд энэхүү уламжлалт зан үйл нь ихээхэн утга учиртайг олон нийтэд зөв ойлгуулах цаг нь болжээ.

Мөн хүссэн хүн болгон тахилгад оролцох албатай, эсэх гэх мэт зохион байгуулалтын асуудлыг ч журамдаа нарийн тусгаж, зохицуулах шаардлагатай гэдэг ортой биз. Уул, овооны тэнгэрийг тайх тахилга гэдэг бол хангай дэлхийгээ аргадаж буй хүн-байгалийн хүйн холбооны нандин сэжмийн илэрхийлэл болохоос бэл бэнчингээ гайхуулдаг элдэв ойн арга хэмжээ, баяр наадам биш билээ. Алдарт Алтан дарь овооны тахилгаас энэхүү уламжлалыг сэргээж эхэлбэл ямар вэ.

Эх сурвалж: 

 

9 thoughts on “Хэтийдсэн хийрхэл буюу ТӨРИЙН ТАХИЛГА

  1. Зочин 2018-06-12 10:11 at 10:11

    Үнэхээр тийм шүү. Дэмжиж байна.

    Хариулах
  2. Шаглаан 2018-06-12 10:39 at 10:39

    Тийм сайхан санаа байна.Аймаг орон нутаг маш сайн зохион байгуулах.Уралдах морьны тоо тогтоож /Сүхбаатарын1сумаас 9морь,зохион байгуулагч сум 20морь,бусад аймагаас тус бүр 5морь,УБ-аас 30 гэх мэт шигшмэл морьдын уралдаан байвал сайхан мэт үүнд ММСУХ ажиллах шаардлагатай байна/

    Хариулах
  3. зочин 2018-06-12 11:36 at 11:36

    овоогоо тахихад зөвхөн нутгийн ахмад настангууд л оролцож баймаар юм даа. 1925 оны хуулиар янз бүрийн хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах хориотой байдаг ба одоо ч энэ хууль хүчинтэй. энэ хуулийн зарчмаар бол одоо ч төрийн албан хаагчид овоо тахих хориотой шүү дээ. үүний оронд нутаг усаа хайрлах хамгаалах тал дээр анхаарах нь зүйтэй

    Хариулах
  4. 20180611 2018-06-12 12:22 at 12:22

    Ёстой үнэн

    Хариулах
  5. зочин 2018-06-12 13:10 at 13:10

    ОВОО ТАХИСАН ГАЗАР ГАН БОЛДОГ ЯАГААД ЮМ БОЛ ГЭДГИЙГ БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

    Хариулах
    1. Зочин 2018-06-12 13:12 at 13:12

      Хамгийн их тахилга болсон баруун аймаг ГАН ЗУД их болсон доо

      Хариулах
  6. Ж.Жамьянтив/ аймгийн дарга асан/ 2018-06-13 09:11 at 09:11

    Нийтлэлч гэж өөрийгөө ойлгосон их мэдэгч , хов хэрүүл таригч, цаас эрээчэж нийгмийн оюун санааг булингартуулагч та гүтгэлгээ боливол дээр шүү. Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы 6 дахь удаагийн төрийн тахилга таны бичсэн шиг зүйл огт болоогүй гэдгийг уг тахилгыг гардан зохион байгуулсан хүний хувьд баттай хэлж чадна. Үүнийг Монгол төрийн тэргүүн асан Ц.Элбэгдорж тахилгад зорин очсон олон мянган хүн батална. Төрийн тахилга түүний зохион байгуулалт жилээс
    жилд улам төгөлдөршиж сайжирч ирсээн.Улсын Ерөнхийлөгч тусгайлан зассан сэнтийтэй байдаг. Хутагт хувилгаад муудалцсан тахилгын идээ рүү дайрсан ч гэх шиг ботит байдлаас зөрүүтэй хэл амны хар нүгэлээ та ядаж өөрийнхээ оюун санаанд залруулаарай. Тахилгын идээг тусгайлан томилсон хүмүүс дэг журамтай тараадаг байдал сүүлийн 3 тахилгад хэвшил болсон билээ. Танай аймгийн ард түмэн сүсэг ихтэй лам хуврагууд нь эрэмбэ зиндаагаа мэддэг бөлгөө. Сэтгүүлч нэр зүүж үзэг барьсан хүн бүр баримт нотолгоогүй юу дуртайгаа бичдэг болсон болсон нь улс үндэстний мөхөл сүйрлийн нэг томоохон үндэс болж байна.

    Хариулах
  7. Ж.Жамьянтив/ аймгийн дарга асан/ 2018-06-13 09:13 at 09:13

    Нийтлэлч гэж өөрийгөө ойлгосон их мэдэгч , хов хэрүүл таригч, цаас эрээчэж нийгмийн оюун санааг булингартуулагч та гүтгэлгээ боливол дээр шүү. Богд Очирваань Отгонтэнгэр хайрханы 6 дахь удаагийн төрийн тахилга таны бичсэн шиг зүйл огт болоогүй гэдгийг уг тахилгыг гардан зохион байгуулсан хүний хувьд баттай хэлж чадна. Үүнийг Монгол төрийн тэргүүн асан Ц.Элбэгдорж тахилгад зорин очсон олон мянган хүн батална. Төрийн тахилга түүний зохион байгуулалт жилээс
    жилд улам төгөлдөршиж сайжирч ирсээн.Улсын Ерөнхийлөгч тусгайлан зассан сэнтийтэй байдаг. Хутагт хувилгаад муудалцсан тахилгын идээ рүү дайрсан ч гэх шиг ботит байдлаас зөрүүтэй хэл амны хар нүгэлээ та ядаж өөрийнхээ оюун санаанд залруулаарай. Тахилгын идээг тусгайлан томилсон хүмүүс дэг журамтай тараадаг байдал сүүлийн 3 тахилгад хэвшил болсон билээ. Манай аймгийн ард түмэн сүсэг ихтэй лам хуврагууд нь эрэмбэ зиндаагаа мэддэг бөлгөө. Сэтгүүлч нэр зүүж үзэг барьсан хүн бүр баримт нотолгоогүй юу дуртайгаа бичдэг болсон болсон нь улс үндэстний мөхөл сүйрлийн нэг томоохон үндэс болж байна.

    Хариулах
  8. Нэргүй 2018-06-13 20:23 at 20:23

    Nutag oron ni ingej tahimaar yum hol hoortsog bolj vzeegyi yum vzeh gej baigaa met hiirehdegee mongolchuud bolimoor yumdaa buzarlahin ner bish svv ideeg yund ogoh gej oboolno ve deer ved er hvn erel haiguul erj yavahdaa garch zasaj yanzlaad chuluu nemj zalbiraad yavdag baisnaas svv idej uuh yum ganzagalaad yavj baisnig medehgvi yum

    Хариулах

20180611-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн