[starbox]

“Бэлгэдлийн улс төр ба XXI зууны эхэн үеийн харанхуй Монгол”

Улс төр дэх бэлгэ тэмдгийн тухай ойлголт Хар өнгөтэй цэргийн дүрэмт хувцас бүхий ооч сахалтай, баруун гараа дээш өргөсөн Гитлер, генерал хувцастай Муссолини, энгэртэй одон медалиа зүүсэн мөн л цэргийн хувцастай Сталин, цэрэг хувцаснаас үл салах Фидель Кастро нар бол ХХ зууны дарангуйлагчид билээ. Харин Кастро хүнд өвчний улмаас төрийн удирдлагаа дүүдээ шилжүүлснийхээ дараа анх удаа олны нүдэн дээр цэргийн дүрэмт хувцасгүй үзэгдэв. Олон нийтэд сүр үзүүлэх, тэднийг айлгах, айдсаар нь дамжуулж удирдахын тулд дарангуйлагчид цэрэг хувцсыг өмсдөг байжээ. Хар өнгө айдас түгшүүр төрүүлнэ, мөн дэг журам, хатуу эмх цэгцийг илэрхийлнэ. Цэргийн дүрэмт хувцас нь бусдад сүр хүчийг үзүүлнэ, эсэргүүцэл илэрхийлвэл үг дуугүй устгана гэдгийг далд утгаар илэрхийлдэг. 1922 оны Муссолини Ром хотноо олныг гайхашруулсан 200 мянган цэргийн жагсаалт хийж Италид өөрийн дэглэмийг тунхаглан зарлаж байлаа. Фашист дэглэмийн амин сүнс нь хүчирхийлэл байсан бөгөөд үүнийг олон нийтэд хүргэх арга болсон хас тэмдэг, ёслогоо, цэргийн сүрт жагсаалууд нь бэлгэ тэмдгүүд юм. Бэлгэ тэмдгүүд нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж баярлах, хөөрөх, нэгдэн нягтрах, даган дуурайх, айж эмээх, үзэн ядах, дайсагнах мэдрэмжийг төрүүлж байдаг юм. Бэлгэ тэмдэг гэдэгт өнгө, тэмдэг, дүрс ( лого), туг далбаа, дохио зангаа, гадаад байдал, хувцас болон ёс жаягуудыг оруулдаг байна. Хүний сэтгэл зүйд хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч хар, улаан хоёр өнгө дэлхийн үзэл суртлын хоёр туйл болсон фашизм ба коммунизм бэлгэдэл болсон нь учиртай. Хүмүүс анхаарал татсан бүх л гял цал зүйлс, үүний дотор дуу, хөгжим, өнгө, хувцас зэрэгт татагддаг тул аливаа шинэ бодлого, хувьсгал, шинэчлэлтийн хөдөлгөөн гэх мэтэд туг далбаа, өнгө, дохио зангаа нь хүмүүсийг татах, дайчлахад гол үүрэг гүйцэтгэдэг байна. Эдгээр нь хүмүүсийг хөөргөж, сэтгэлийг хөдөлгөдөг. 1990 оны ардчилсан хувьсгалыг “Хонхны дуу”-гүйгээр төсөөлөх аргагүй юм.

Сүүлийн үед дарангуйлагч дэглэмүүд дэх улс төрийн сөрөг хүчнүүд шар, улбар шар, ягаан гэх мэт хурц өнгийг улс төрийн тэмцлийнхээ гол бэлгэ тэмдэг болгон ашиглах болсон нь ихээхэн амжилтанд хүрч байгаа нь Украин дахь жүржийн буюу “улбар шар хувьсгал”, Киргиз дахь “ягаан хөдөлгөөнөөс” харж болно. Хүмүүс тухайн шинэчлэгч хөдөлгөөний зорилго, хөтөлбөрт татагдахаас гадна хөдөлгөөний удирдагч хувь хүмүүс, туг далбаа, өнгө зэрэгт ихээхэн татагддаг байна. Улс төрийн амьдралд бэлгэ тэмдгийн нөлөө их байдаг. Улс төрийн хүчнүүдийн зүгээс эрх мэдэл олж авах, эрх мэдлээ тогтоон барихын тулд бэлгэ тэмдэг, ёс жаягуудыг хэрэглэхийг бэлгэдлийн улс төр гэдэг юм.

Түүнийг улс төрийн бодлогын орлуулагч хэрэгсэл гэж үзэх нь ч бий. Хүмүүс үзэл суртал, улс төрийн бодлого, үнэт зүйлсийг өнгө, туг, далбаа, зураг, хөшөө баримал гэх мэт нүдэнд үзэгдэх зүйлсээр дамжуулж байж сая илүү бодитой хүлээн авч итгэж үнэмшдэг байна. Дарангуйлагч дэглэмүүд бэлгэ тэмдгүүдийг хэрэглэж олны “тархийг угаах” талаараа гаршсан байдаг билээ. “Социализмын бүрэн төгс ялалтын төлөө” урагш тэмүүлсэн өнгөрсөн 70 жилд В.И.Ленин, И.Сталин, Х.Чойбалсан нарын лут том баримлууд, Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН Төв хорооны гишүүдийн эгнүүлэн залсан хөрөг зурагнууд, улаан туг, уриа лоозон бүхий баярын парадууд нь үзэгдэж харагдахгүй “үл гүйцэлдэх” социализмыг хөдөлмөрчдийн ой тоонд буулгаж өгдөг байжээ. Бэлгэдлийн улс төр нь популист болон харизматик улс төрийн гол стратеги болдог нь дарангуйлагч юмуу шилжилтийн орнуудын улс төрийн практикаас харагддаг юм. Монгол дахь бэлгэдлийн улс төр Коммунизм нуран унасны дараах Монголд ардчиллын үйл явц удаашралтай явагдаж буйн нэг шалтгаан нь хүмүүсийн итгэл үнэмшлийн хоосон орон зайг улс төрийн намууд бэлгэдлийн шинжтэй элдэв зүйлээр дүүргэхийг оролдож байгаатай холбоотой. Монголчууд угаасаа бэлгэ тэмдгийн хүчин зүйлд дуртай ард түмэн билээ. Эртнээс төрөө дээдэлж ирсэн, “төрийн сүлд минь өршөө” гэж залбирч, төрөөс ихийг хүсэн хүлээх, төрийн “хайр хишгийг” горьддог ард түмэн болох нь улс төрийн бүхий л үйл явцаас харагддаг. 1992 онд Улсын бага хурал үндсэн хууль батлахдаа бүтэн жилийн турш хэлэлцэж, ард нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж ихээхэн хүч чармайлт гаргасан билээ. Гэхдээ тэр үеийн хэвлэл мэдээлэлд гарсан баримтуудаас үзэхэд хамгийн их цаг зарсан, олон удаа хэлэлцсэн, олон иргэд саналаа ирүүлсэн зүйл нь ердөө төрийн сүлд ямар байх вэ, шувуу байх уу, морь байх уу, төрийн хүндэтгэлийн туг ямар байх вэ гэх мэт асуудал байсан байна.

Өөрөөр хэлбэл хүний эрх, парламент, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн бүтэц, үүрэг гэх мэт ардчилсан тогтолцооны гол үндэс болсон асуудлуудаас илүүтэй бэлгэ тэмдэгт анхаарч байсан ажээ. Мөн үндсэн хуулинд зааснаар улс төрийн бодит эрх мэдэл багатай хэдий ч төрийн тэргүүн гэсэн бэлгэдлийн шинжтэй эрх мэдэл бүхий ерөнхийлөгчөөс ард түмэн ихийг хүсэн хүлээдэг,нөлөө ихтэй гэж үздэг нь бэлгэдлийн хүчин зүйл олон нийтийн үзэл бодол, хандлагад байсаар байгааг харуулж байна. Тиймдээ ч улс төрчдийн рейтингийн санал асуулгаар ерөнхийлөгчийн нэр ямагт дээгүүр ордог. Ерөнхийлөгч улс оронд бодитой бодлого хэрэгжүүлээгүй, эрх мэдэл багатай хэрнээ олонд ийнхүү үнэлэгдсээр байгаагийн нууц нь бэлгэ тэмдэг юм. Монголд 70 жил тогтсон коммунист төр элдвийн шагнал урамшил, цол гуншин, баяр наадмыг нийгэмд хавтгайруулсан нь ардчиллын жилүүдэд арилсангүй, харин ч улс төрийн намууд улам бүр дэвэргэх боллоо. Улс төрчид хэрэгтэй хэрэггүй цол гуншин, шагнал, одон медалиудаар өөрийгөө чимэх, өрөөл бусдыг худалдан авч байна. Эмэгтэйчүүдийн баяр, эмч нарын баяр, багш нарын баяр гэх мэт бүх л тэмдэглэлт ой өдгөө нутаг орны удирдлагууд болон тойргийн түшээдийн олны өмнө “өглөг буянаа харуулах” хэрэгсэл болох юм. Төрийн зүтгэлтнүүд янз бүрийн баяр наадам, аймаг, орон нутгийн ой гэх мэт тэмдэглэлт үйл явдлууд болон уул ус, овоо тахих гэх мэт шашны зан үйлд оролцох нь сүүлийн жилүүдэд илт олширлоо. Бэлгэ тэмдгүүд болон ритуал нь хүмүүсийг тайвшруулах, бодит байдлыг мартагнуулахад хүргэдэг тул эрх баригчид баяр наадам, шашны зан үйл, шагнал урамшил гэх мэтээр дамжуулан олны дунд унасан нэр төрөө сэргээх, легитим олж авахад ашиглаж байна.

Монголын улс төрд энэ мэт “хүмүүсийг тайвшруулах”, “төрийн хайр халамжийг үзүүлэх” бодлого газар авсан. Үүний нэг жишээ бол Ардын хувьсгалын баяр нааадам гэх мэт тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан гэмт хэрэг үйлдээд зохих ялаа эдэлж буй хоригдлуудад бөөнөөр нь өршөөл үзүүлж хугацаанаас нь өмнө суллаж төрийн “хайр энэрэл” үзүүлдэг явдал юм. Баяр наадам, цагаан сараар манай улс төрчид монгол үндэсний дээл, хэт хутга, малгайгаар гангарч уламжлал соёлоо хадгалж буйгаа харуулахыг оролдож байна. Хэвлэлүүд ч бие биенээсээ өрсөн хэн ямар дээл, хувцсаар гангарав, хаана хэнтэй ямар хөөргөөр тамхилж байна гэх мэт шалдар булдар зүйлсэд нь олны анхаарлыг хандуулах боллоо.Үндэсний хувцсаа өмсөх нь шилжилтийн явцад нийгэмд сэргэсэн үндэсний үзэл, зарим тохиолдолд үндсэрхэх гэмээр үнэлэмж хандлагыг ашиглан хүмүүсийг анхаарлыг өөртөө татах гэсэн эрмэлзэл юм. Мөн монголчуудын дуртай хурдан морь, бөхчүүд улс төрчдийн имиж бүрдүүлэх хэрэгслүүд болж байгааг дурьдахгүй байхын аргагүй. Мухар сүсэг, илбэ шидтэн олныг мунхруулсан Дундад зуун дэлхийн соёл иргэншлийн түүхэнд “Харанхуй зуун” болон үлдсэн юм. Харин шашны үйл ажиллагааг төрөөс тусгаарлаж, сүм хийдийн дарангуйллыг устган сүсэг бишрэлийг хувь хүний зан үйл болгон өөрчилснөөрөө Мартин Лютерийн хувьсгал Соён гэгээрлийн шинэ үеийг авчирсан билээ. Тэгвэл мэргэч төлөгч, бурханч лам нар олширч газар сайгүй суварга, тахилга босч байгаа өнөөгийн Монгол тэртээх харанхуй цагийг санагдуулах юм. Энд иргэдийн шүтэн бишрэх эрх чөлөөг шүүмжлэх гэсэнгүй, гагцхүү олны итгэл үнэмшил, шашны зан үйлийг улс төрийн тэмцэлдээ ашиглаж байгааг онцлон дурьдаж байгаа юм. Монголчуудын олонх Буддын шашнаа шүтэх бус, ёс төдий, бэлгэдлийн шинжтэй “хэрэглэж” байна. Үнэн сүсэгтэн хүний өдөр тутмын амьдрал, аливаад хандах хандлага нь сургаал номлолынхоо дагуу явдаг бол монголчуудын олонх нь өвчин зовлон ээрсэн үед ч юмуу эсвэл мөр гаргах зэрэгт л бурхнаа гэнэт санаж, засал хийлгэх зэргээр ашиглаад өнгөрдөг хүмүүс. Үнэндээ Монголд уламжлалт шашин гэдэг нэрийн дор бөө мөргөл, зурхай, хар дом, буддын улаан, шарын урсгал зэрэг шүтлэг, мухар сүсгийн олон элементүүд нэгэн зэрэг оршиж олон нийт байтугай лам нар нь ч ялгахын аргагүйгээр холилдсон байх юм.

Тэгээд улс төрчид нь олон нийтийн мухар сүсгийн байдалтай итгэл үнэмшлийг улс төрийн зорилгоор ашиглах боллоо. Монгол улс үндсэн хуулиараа шашин, төрийг заагласан ч сүүлийн үед төр, шашны үйл ажиллагаа хутгалдах болов. УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд овоо тахих гэх мэт шашны янз бүрийн зан үйлд олонтаа оролцох болж, төрийн ёслол, шинэ байгууллагын нээлт гэх мэт дээр Гандан хийдийн лам нар байнга үзэгдэж маань мэгзэм унших боллоо. Бурхан багшийн сургаалыг монгол хэлнээ хөрвүүлсэн нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын бусад нэр дэвшигчдээс ялгагдах давуу тал болж сурталчилгаа бүхэнд л энэ тухай давтаж байсан билээ. Хүн амын нэлээд нь буддын шашныг баримжаалдаг, мөн шүтдэггүй зарим нь ч энэхүү шашинд илүү тааламжтай ханддаг учраас сонгогчдын нэлээд хэсэгт энэхүү мессеж сайн хүрсэн нь ойлгомжтой. Бусад нэр дэвшигчид ч мөн түүнээс дутахгүйгээр шашны чиг хандлагыг сонгуулийн кампанидаа хэрэглэж байсан. Тухайлбал Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан “иргэдийнхээ сүсэглэх, бишрэх эрх, эрч чөлөөг хүндэтгэн, уламжлалт бурхны шашны хутагт хувилгаадыг Монголоос төрүүлдэг байсан тасалдсан уламжлалыг сэргээх бодлогыг дэмжинэ” гэж мөрийн хөтөлбөртөө амлаж нэлээдгүй хүний гайхшийг барсан. Хэрэв М.Энхсайхан ерөнхийлөгч болсон бол түүний дэмжлэгтэйгээр баахан хутагт, хувилгаад төрөх байж л дээ. Түүний бий болгосон Үндэсний шинэ нам улс төрийн орон зайд өөрийн байр суурийг эзлэх, хүмүүсийг татах арга замын эрэлд хатаж байх шиг. Тэгээд шашны итгэл үнэмшил, тэр дундаа Буддын шашныг ашиглахаар шийдсэн бололтой. М.Энхсайханы сүүлийн үед хэвлэлд өгсөн ярилцлага мэдээллүүдээс үзэхэд эл нам илт теократ буюу шашин төрийг хослон барих бодлого явуулахаар оролдож байгаа ажээ. Гэтэл шашин, улс төрийн бодлого хоёр тусдаа байх нь ардчилсан нийгмийн нэг үндсэн шинж болдог юмсан.

Хөгжингүй нийгэмд хувь хүний итгэл үнэмшил, нийгмийн хэм хэмжээнд шашны ёс зүй харьцангуй өндөр байх авч улс төрийн зорилгоор шашныг ашиглах явдал байдаггүй юм. Монголын улс төрийн намууд монголчуудын сэтгэл зүй дэх субьектив үнэлэмж, мэдрэмжүүдийг өөрт ашигтайгаар хэрэглэсээр ирсэн нь сонгуулийн үйл явцаас харагддаг. Энд 2004 оны УИХ-ын сонгуульд Эх орон–Ардчилал эвслийн гол амлалт болох Итгэлийн мөнгийг жишээ татмаар байна. Аливаа үзэл суртал, бодлого нь хүнд үзэгдэх, гарт баригдаж байж сая хүмүүст итгэл үнэмшил төрүүлдгийг өмнө дурьдсан. Тэгвэл эвсэл энэхүү тактикийн дагуу намуудын дарга нар гарын үсгээ зурсан 10000 төгрөгний батламжийг айлуудаар тарааж нэлээдгүй хүмүүсийн итгэлийг олж авч чадсан юм. Мөн олны дунд бэлгэ тэмдгийн шинжтэй хадгалагдан үлдсэн үнэлэмж, итгэл үнэмшлийг улс төрийн намууд ашиглаж байна. Далай лам, бөхчүүдтэй авахуулсан зурагнууд бараг бүх л нэр дэвшигчдийн сурталчилгаанд байх аж. Хавтгайруулсан шагнал, шилдгүүдийн шалгаруулалт гэх мэт хэн хүний инээд хүргэм ёслолууд тоогоо алдлаа. Уг нь энд шалгарсан хүмүүсийн ихэнх нь мөнгөөр орж ирсэн гэдэг нь илэрхий юм. Гэтэл иймэрхүү шоу бас ч нэлээдгүй сонгогчдыг бишрүүлж дөнгөдөг бололтой. 2004 оны сонгуулийн өмнөхөн шилдэг улстөрчдийн нэгэн шалгаруулалтанд дархан аварга Б.Бат-Эрдэнийн нэр орж, “Тоон дотор үсэг цохиж явна” гэж шоолох хүн олон гарсан ч яах аргагүй УИХ-д ороод ирсэн юмдаг. Энэ жилийн нэгэн шалгаруулалтад нэр дэвшсэн хүмүүс дотор яг энэ жишгээр сумо Батбаярын нэр “цохиж” явна лээ. Бөхөө дээдэлдэг монголчууд ч түүнийг сонгож л таарах нь. Энэ мэтээс харахад Монголын улс төрд бодлогын өрсөлдөөн гэж байдаггүй харин итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр нь далимдуулан олныг залан жолоодох, баяр ёслол, шагнал урамшил, урлаг, уран сайхнаар хүмүүсийг татах оролдлогууд буюу бэлгэдлийн улс төр оршиж байгаа нь илэрхий байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн