Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Э.Эрдэнэжамъян: МАНАН бүлэглэл шүүх байгууллагыг хувьчилчихаад даалгавар өгөөд сууж байна – updown.mn

Э.Эрдэнэжамъян: МАНАН бүлэглэл шүүх байгууллагыг хувьчилчихаад даалгавар өгөөд сууж байна

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Түмтийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.

-Танай намын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй байх үндэслэлээ Дээд шүүхээс материал дутуу гэж үзээд байгаа. МАХН-ын Бага чуулган, Гүйцэтгэх товчоо, Их хурал хэрхэн болсон үйл явдлын талаар мэдээлэл өгвөл?

-Бага чуулган 205 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, шийдвэр нь үе үеийн төрийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдөж ирсэн. 2011 оноос хойш 23 удаа хуралдсан. Харин ХХ Бага чуулган 2017 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр хуралдсан. Хууль дүрмийнхээ дагуу Гүйцэтгэх товчооны хурлаа зарласан. Намын дүрмийн дагуу 40-өөс доошгүй хоногийн өмнө Их чуулганаа зарласан. Ингээд хоёрдугаар сарын 9, 10-нд Их хурлаа зарлан хуралдуулах  шийдвэр гаргасан.

Маргааш нь хэвлэлийн бага хурал хийж Бага чуулганаа хуралдуулж, Их чуулганы товоо зарласан тухайгаа мэдээлсэн. Ажлын хэсэг байгуулагдаж, бүх сум, хорооны намын байгууллагууд 700 нэгж хуралдаж II их чуулганд оролцох төлөөлөгчөө сонгосон. Бүгд тамга тэмдэг, гарын үсэгтэйгээ байна. Зохион байгуулах үндэсний хороо бүх бичиг баримт дээр маш хариуцлагатай хандсан. Тухай бүрт нь хэвлэлийн байгууллагад мэдээлж байсан. МАХН-ын Их чуулганыг угтсан сайн үйлсийн аян хийж байсныг санаж байгаа байх. Хоёр өдөр телевизийн шууд нэвтрүүлэг хийсэн. Гэтэл шүүгчид зурагтаар харсан гэж хэлсэн мөртлөө нотол гээд байгаа. Бид  хошин шог дээр гардаг шиг англи хэл дээр орчуулаад, хоёр хувь хэвлүүлээд нотариатаар баталгаажуулаад очсон. Гэтэл дээд шүүхийн өмнөх тогтоол хэвээр байна гэж орчлонд байхгүй үндэс­лэл хэлсэн. Үндсэн хууль, Улс төрийн намын хуулийг зөрчсөн үндэслэл нэгийг ч олж чадаагүй. Тийм хэмжээнд бид чамбай бэлтгэсэн. Дээд шүүх хуулийн дагуу ажиллахгүй байгаа шүүгчиддээ хариуцлага тооцож,  холбогдох хуулиа эргэж хараасай гэж хүсч байна. Үнэн зөв шийдвэр гар­гахгүй бол Дээд шүүхийг Монголын ард түмний эсрэг ажиллаж байна гэж үзэж бүрэлдэхүүнээр нь огцруулах ажлыг санаа­чилна. Дээд шүүхийн гадна улс төрийн тэмцэл хийнэ.

-Зөвхөн улс төрийн намтай холбоотой бүрт­гэлийг Дээд шүүх хянадаг нь хараат бус байх зарчим үйлчлэх ёстой гэсэн үг үү?

-Монгол Улс бүрт­гэлийн нарийвчлан зохицуулсан, тодорхой хуультай. Улсын Дээд шүүхэд Улсын бүртгэлийн ажлын ганцхан улс төрийн намтай холбоотой бүртгэлийг хийх үүргийг Улс төрийн намын тухай хуулиар олгосон байдаг.  Улс төрийн намын тухай хуульд Улсын Дээд шүүх намыг шинээр үүсгэн байгуулах юм уу, мөрийн хөтөлбөр, дүрмээ шинэчлэх үед нь бүртгэж авах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам ямар дүрмийн хүрээнд ямар мөрийн хөтөлбөртэй явах гэж буйгаа аль нэг улс төрийн хүчин юм уу, хэн нэгэн албан тушаалтны нөлөөнд автахгүйгээр бүртгүүлэх боломжтой гэдэг утгаар нь Улсын Дээд шүүхийг хараат бус, нөлөөнд автахгүй хуулиа сайн дээдэлж ажиллах ёстой гэсэн үүрэг хүлээлгэсэн. Хэрэв Улсын бүртгэлийн байгууллагад харьяалуулчихвал эрх баригчдын захиалгаар сөрөг хүчнийг дарамтлана гэж болгоомжилсон хэрэг. Гэтэл энэ гол концепц  өнөөдөр хуулийн амин сүнс буюу гол санаа, зорилгоосоо халиад эвдэрчихсэн нь Улсын Дээд шүүхийн үйл ажиллагаанаас харагдаж байна. Улсын Дээд шүүх шинээр МАНАН-аас өөр улс төрийн хүчин гаргаж ирэхгүй байх, ард түмэнд МАНАН-аас илүү сонголт өгөхгүй байхын төлөө ажиллаж ирлээ. Үүнийг ХҮН, Г.Уянгын Тусгаар тогтнол эв нэгдлийн намын жишээнээс харж болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд МАХН. Энэ болгонд Улсын Дээд шүүх ямар нэг байдлаар дарга нар, дүрмийг нь бүртгэнэ, бүртгэхгүй гэж албаар хутган үймүүлсэн үйл ажиллагааг явуулж байна.

 Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа явуулах зарчим байдаг. Тэр нь төлөөлөх эрхтэй этгээд тухайн байгууллагын дүрмийн өөрчлөлт, үүсгэн байгуулах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Гэтэл Улсын Дээд шүүх үүнийг огт хайхрахгүйгээр, тухайн намыг төлөөлөх ямар ч тамга, тэмдэг, албан бланкгүй хүмүүсийн өргөдлийг авч үймүүлэх ажиллагааг сүүлийн хэдэн жил хийж ирлээ. Энэ бол дан ганц МАХН-д тохиолдож байгаа юм биш. Цаагуураа МАНАН бүлэглэл эрх мэдлээ алдахгүйн төлөөх тэмцэлдээ  улс төрийн зорилгоор Дээд шүүхийг ашиглаж байна.

-МАХН-ын мөрийн хө­төл­бөр, дүрмийн өөрч­лөлтийг бүртгэхгүй байх үндэслэлийг юу гэж харж байна вэ?

-МАХН 2011 онд МАН-аас салсан. Учир нь Оюутолгойг шийдэх асуудалд намын удирд­лагууд санал нийлээгүй. Үүнийг тухайн үед АНУ-ын Элчин сайдаар ажил­лаж байсан Ж.Минтоны захидалд ҮАБЗ-ийн хурал дээр Н.Энхбаяр Оюутолгойг Монголын ард түмэнд өгнө гэсэн хатуу байр суурьтай байна гэдгийг бичсэн байдаг. Үүнээс эхлээд улс төрийн зөрчил эхэлсэн. МАХН 2012 оноос хойшх сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Оюутолгойн гэрээг ард түмэнд ашигтай байдлаар өөрчилнө гэж тусгаж, ярьж ирсэн. Улс төрийн тэмцэл ч  хийсэн. Тухайн үед эрх баригчид ашигтай төслийг гацааж, хөрөнгө оруулалтыг нураах гэлээ гэж шүүмжилж тохуурхаж ирсэн ч өнөөдөр үнэн ялж байна. Оюутолгойн гэрээг булхайтай, будлиантай хийсэн гэдгийг зөвхөн монголчууд биш дэлхийд шударга ёсоороо I жагсдаг Швейцарийн хуулийн байгууллагаас зарлалаа. Оюутолгойн төсөлд Монголоос гэрээ хийсэн хүмүүсийн данс руу авлигын мөнгө орсныг нотоллоо. Монголын хуулийн байгууллага ичсэн нүүрэндээ үнэнд гүйцэгдээд тухайн үед Ерөнхий сайд байсан, дараа нь Дубайн гэрээ хийсэн хүмүүсийг барьж хориод байна. Тэгэхээр МАХН, тэр дундаа Н.Энхбаяр даргын ярьж байсан бүхэн, тэмцэл, шаардлага үнэн байжээ гэдэг нь нотлогдож байна. Мөн Тавантолгойн ордыг хэрхэн ашиглах талаар зөрчил үүсч байсан. Энэ талаар тусдаа хуулийн төсөл хүртэл санаачилсан. 2012 оноос хойш УИХ, Ерөн­хийлөгчийн  сон­гуулийн мөрийн хөтөл­бөртөө Тавантолгойн ордыг ард түмний дундын өмч болгох талаар оруулж,  Шинэ Дээд Үндсэн хуу­лийн төсөлд тусгаж өгсөн.

-Тэгвэл Дээд шүүхийн шийдвэрийг улс төртэй холбоотой, МАХН-ыг сонгуульд оруулахгүй байх гэж үзэж байна гэсэн үг үү?

-Төр, хувийн, дундын өмч гэсэн гурван үндсэн хэлбэр байна. Төрд өгөхөөр тэнд ажиллаж байгаа цөөхөн дарга нар шахаа хийдэг, үр ашиггүй болдог. Хувийн өмчид өгөхөөр хувийн өмчийн цөөн захирлууд идэж уугаад дуусдаг. Аль аль нь ард түмэнд хүртээлгүй болж байгаа учраас ард түмний дундын өмчид байлгах буюу орчин үеийн менежментийн ил тод нээлттэй засаглалтай болгох юм. Эрдэнэт үйлд­вэрийн 49, 61 хувь бол үүний сонгодог жишээ. 51 хувь төрийн өмч мөртлөө сайд, дарга нарын өндөр үнэтэй шахаа нь дийлддэггүй. Нөгөө талаас 49 хувийг нь хувийн өмчид авчихаар цөөн хүний төлөөлөл дарга, захиралаа тавьж бизнесээ хийнэ. Гэтэл дундын өмчид байх ёстойг МАХН-аас өөр ямар ч улс төрийн хүчин, хэн ч ярихгүй байна. Энэ бол МАНАН сонгуульд тэрбумаар нь цацаж мафижсан сүлжээг байгуулж, шүүгч, цагдаа, прокуророор өөрийн хүмүүсээ тавьж шударга бус тогтолцоо бий болгосны цаад зорилго нь Ашигт малтмалыг хувьдаа авах эсвэл албан тушаалаар дамжуулж ашиг олох юм.

МАХН тэдний аль ч зорилго нь биелэхгүй байх хувилбарыг гаргаж ирж байгаа нь юу ч хийхээс буцахгүй байдалд оруулж байна. Тиймээс өөрсдийн томилсон шүүгч, цагдаа, прокурор, төрийн албан хаагчдаараа дамжуулж МАХН-ыг сонгуульд оруулахгүй байх бодлогыг баримталж ирлээ. Үнэндээ ард түмэн МАХН-д итгэхээс айж байна. Дээрээс нь МАХН мөрийн хөтөлбөрт тусгасан асуудлаа Үндсэн хуулийн хэлбэрт оруулчихлаа. Ингэхдээ шүүгч нарыг томилдог биш ард түмнээс сонгодог болгох гэж байна. Ашигт малтмалын ордуудыг ард түмний дундын өмчид өгч, цалинг таван сая төгрөг болгохоор тунхаглаж эрх мэдэлтнүүдийн тендер нэрээр хувьдаа завшдаг мөнгө багасах гээд байгаа учраас шүүгчдийг хөдөлгөж эхэлж байна. МАХН-ыг сонгуульд оруулахгүйн тулд мөрийн хөтөлбөрийг нь баталж болохгүй. Ард түмэн тэдэнд итгэж бидний эрх мэдэл байхгүй болох гээд байгаа учраас гацаа гэсэн үүргийг шүүгчдэд өгч байна. Шүүгчид нь улс төрөөс хараат байх зэрэг бүх зарчмаа уландаа гишгээд “Мэдлээ гүйцэтгэе”  гээд л ажиллаж байна.

-МАХН-ын удирд­лагууд шүүгчийн ёсзүйтэй холбоотой асуудлыг хөндөж байсан. Үйл явц ямар шатандаа байна вэ?

-Хэн гэдэг шүүгчид хачин шийдвэр гаргадаг юм бэ гээд үзэхээр Ц.Элбэгдоржийн томилсон Ховд аймгийн харьяат, Х.Сонинбаяр, Г.Цагаан­цоож нар. МАНАН бүлэглэл өөрсдөө шоронд орохгүй, өрсөлдөгчөө унагахын тулд шүүх байгууллагыг хувьчилчихаад даалгавар өгөөд сууж байна. Хууль дээдлэх биш дарга дээдлэх зарчим үйлчилж байна. Тиймээс тангаргаа зөрчиж, ашиг сонирхлын зөрчлөөр төрийн ажлыг хийж байгаа шүүгчдийг ард түмэн, төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй гэж үзэх ёстой. Огцортол нь тэмцэж, хариуцлага тооцуулна. Хариуцлага тооцох ёстой байгууллагууд нь ажлаа хийхгүй бол тэр байгууллагуудтай нь хариуцлага ярина.

Шүүгчид ямар хөрөнгөтэй, ямар хэргийг будлиулж байсан мэдээллийг цуглуулна. Г.Цагаанцоож, Х.Сонинбаяр гэдэг хүмүүсийн шударга бус шийдвэрт гомдолтой явдаг өмгөөлөгч, хуулийн зөвлөх, иргэн, аж ахуйн нэгжүүд байвал мэдээллээ нэгтгэе. Мөн Дээд шүүх дээр ямар бусармаг үйл ажиллагаа явж байгааг мэдээлнэ. Бид Улсын Дээд шүүхийн даргад гомдол өгсөн. Үндсэн хууль, Улс төрийн намын хуульд нийцүүлэн дүрмийн дагуу хуралдаж баталсан мөрийн хөтөлбөрийг бүртгээд өгөөч  гэсэн хүсэлт тавьж байгаа. Энэ үйл явдлыг цэгцлэхгүйгээр улс төр явахгүй. Үндсэндээ 1921 оны өмнөх үе шиг гадаадынханд дөрлүүлсэн, эргэлзээтэй нөхцөл бий боллоо. Үүнийг өөрчилье гэсэн улс төрийн хүчнийг шүүхээр боомилж байгааг зөвхөн МАХН биш ард түмэн, эх орон,ирээдүй хойчийн асуудал гэж үзэж байгаа учраас зоригтой, тууштай, шийдэмгий тэмцэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

One thought on “Э.Эрдэнэжамъян: МАНАН бүлэглэл шүүх байгууллагыг хувьчилчихаад даалгавар өгөөд сууж байна

  1. Адар 2018-05-23 11:11 at 11:11

    Шүүхийг нэг хэсэгтээ Эбэ Ерөнхийлөгч хувьчлаад авчихсан үед танай МАХН хүч түрэн бүртгүүл МАН-ыг хоёр хуваагаа биз дээ. Одоо та нарт үйлчлэхээ больчихоор шүүхийн муухайг мэдрээд эхэлсэн үү? Иймэрхүү цүнх сайн барьдаг “нялх Сэнгүүн”-нүүд нийгмийг удирдах гэнэ дээ.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн