Дэлхий дээрх зэрлэг адууны цор ганц зүйл болох тахийн унаганд нэр хайрлая

Хүн төрөлхтөн 10 мянган жилийн өмнөөс өнөөг хүртэл адууг гэршүүлэн уналга эдэлгээндээ ашиглаж байна. Харин тахь нь гэршээгүй үлдсэн дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм. Дээд палеолитын үед хамаарах Франц Улсын өмнөд хэсэгт орших Ласко агуйн сүг зурагний хананд тахийг дүрсэлсэн байдаг нь 15 мянган жилийн тэртээ амьдарч байсныг гэрчилж байна.

ОХУ-ын судлаач Николай Пржевальский 1879 онд Монголын говьд тахийг анх олж илрүүлж олон улсад Пржевальскийн адуу нэрээр таниулсан юм. Харамсалтай нь байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч тоо толгой нь цөөрч устахад хүрсэн бөгөөд хамгийн сүүлд байгальд 1969 онд Монголын нутаг дэвсгэр дээр харагдсан хэмээн тэмдэглэсэн байдаг.

6c3a9f_7638400_n_20180522035709_x974 Дэлхий дээрх зэрлэг адууны цор ганц зүйл болох тахийн унаганд нэр хайрлая

Нийслэлээс 95 км зайд орших Хустайн байгалийн цогцолборт газарт дэлхийн цор ганц зүйл зэрлэг адуу-тахийг байгальд нь амжилттай сэргээн нутагшуулж байна. Анх 1992 онд Голланд Улсын амьтны хүрээлэнгээс 15 тахь тээвэрлэгдэн ирж байсан бол 2018 оны тавдугаар сарын байдлаар 36 үржлийн сүрэг, 82 үрээ, нийт 300 гаруй буюу дэлхий дээр хамгийн олон тахьтай байгалийн цогцолборт газар болжээ.

Энэ хавар Хустайн байгалийн цогцолборт газарт унагалаад буй тахийн 20 унаганд нэр хайрлах боломжтой бөгөөд унаганд нэр хайрласнаар жил бүр хэвлэгдэн гардаг дэлхийн тахийн жагсаалт номонд орж тахийн удмын бичигт бүртгэгддэг байна. Тус газарт тахиас гадна буга, цагаан зээр, тарвага зэрэг ховордсон амьтдыг ажиглан түрэгийн үеийн хүн чулуу, хиргисүүр, дөрвөлжин булш, буган чулуу зэрэг түүх соёлын дурсгалт зүйлстэй танилцах аялал хийх боломжтой.


Зургаадугаар сарын 02,3-ны амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочилсноор Хустайн байгалийн цогцолборт газрын найрсаг хамт олон та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно гэж нийслэлийн Аялал, жуулчлалын газраас мэдээлэв.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.