Чихэвчээр чихээ цэнэглэсээр байвал “Айн” гэж л хэлдэг болно

Хөгжмөө тултал чангалаад амьдралаас тасарч, түүний гүнд нь нэвтэрдэг болохоор ЧИХЭВЧ бидний НАЙЗ. Гэхдээ чихийг тань чимээгүйгээр дүлийрүүлж байдаг хоёр иртэй, хожмын хөнөөлтэй ДАЙСАН ч байж бас  чадна. Чихэвчгүйгээр нэг ч өдөр байж чаддаггүй хүмүүс олон бий. Магадгүй энэхүү бичвэрийг минь уншин суугаа та ч бас одоо чихэвчээ зүүчихсэн сууж байж болох юм. Бал бурам амттай ч балагийг нь нууж болохгүйн адил чихэвчний хор уршгийг ч бас бид мэдэх ёстой.

Чихэвчнээс хамааралтай ЧИХГҮЙ ТОЛГОЙТУУД

ДЭМБ-ийн хийсэн судалгаагаар өнөөдөр дэлхий дээр амьдарч буй 12-35 насны 1.1 тэрбум хүн сонсголгүй болох аюул нүүрлэж, өсвөр үеийнхний 46 хувьд нь сонсгол муудах шинж тэмдэг илэрчээ. Бодит аюул залуусын дунд хамгийн их нүүрлэж байгааг энэхүү баримтаас харж болно.

Оюутан Н-ийн найзтайгаа ярьж байгааг сонсоход тэр хичээл дээрээ хүртэл чихэвч сонсдог. Чихэвч сонсохгүй бол цаг өнгөрч өгдөггүй гэнэ. Багшдаа баригдалгүй нууцаар сонсохын тулд ард сууж, үсээ задгай тавьж, шанаагаа тулж байгаа мэт дүр эсгэж элдэв арга хэрэглэнэ.  Хэрвээ чихэвчээ гэртээ мартчихвал хичээлээсээ хоцроод ч хамаагүй буцаж очоод авдаг. Дэвтэр, ном, утас, бичиг баримт биш ердөө ЧИХЭВЧ-ний төлөө эргэж хэдэн буудал газар явдаг гэхээр залуус толгойгоо  чихэвчээр ЦЭНЭГЛЭДЭГ болоо юу гэлтэй.

Мөн 15 настай сурагч Д-ийн төрсөн өдрөөрөө авахыг хүсэж байгаа бэлэг нь ЧИХЭВЧ. Аав ээж нь дэмий юм гээд оронд нь өөр бэлэг (цүнх) авч өгтөл уурлаад гэрийнхэнтэйгээ өдөржингөө юм дуугараагүй гэнэ. Үүнээс үзэхэд тэдний хувьд ямар үнэ цэнэтэй зүйл болсныг мэдэж болно.

Чихэвчний ЧИМЭЭГҮЙ АЮУЛ

Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Тэгвэл чихэвчээр дуу сонсоход 110 дБ хүрдэг нь онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцдэг байна.

 ДЭМБ-с гаргасан баримтаар 85 дБ хэмжээний чанга дээр нэг цаг чихэвчээр хөгжим сонсоход л сонсголын эрхтэн гэмтдэг болохыг тогтоосон. Жишээ нь 1994 онд Америкийн өсвөр насныхны 3.5 хувь нь сонсголгүй болсон гэх судалгаа гарч байсан бол энэ тоо 2006 он гэхэд 5 хувь хүртэл өсчээ. Чихэвч зүүж явж, байгаад осол аваарт орсон тохиолдол  монголд төдийгүй бусад оронд ч цөөнгүй бүртгэгдсэн байдаг. Японд зам хөндлөн гарахдаа чихэвчтэй явж байгаад осолд орвол тухайн хүний буруу гэж хуулинд заажээ. 

 Чихэвч огт зүүхгүй байна ч гэж юу байхав. Гэхдээ ЧИХЭВЧ ГОЁЛ БИШ

Дуу сонсоогүй явж байсан ч чихэндээ чихэвч зүүгээд явж байх дуртай гэх залуус бий. Өөрсдийгөө догь харагддаг гэж боддог байх. Эсвэл  “Мөрөөдлөөс ч илүү” кинон дээр гардагчлан “Бусдын юу гэж хэлж байгааг үл анзаарахад тусалдаг багаж” байж гэж итгэдэг байх. Ямар ч юманд давуу болон сул тал байдаг. Өөрөө мэдээд тохируулаад сонсоод явдаг бол яая гэхэв. Гэхдээ чихэвчний зориулалт гоёл биш шүү.

Чихэвчнээс хамааралтай болсноо хүлээн зөвшөөрч байвал ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА

Чих, хамар, хоолойн эмч Н.Нарангэрэлийн зөвлөж байгаагаар “Залуус ядрахаа мэдэхгүй хөгжим сонсож байна. Зав л гарвал чихэндээ нэг юм зүүж байгаа харагддаг. Хажууд чихэвчээр дуу сонсож байгаа хүүхдийн хөгжим дэргэд нь байгаа хүмүүсд царгиж сонсогдоод байхаар мэргэжлийн өвчин хөдлөөд “өөрт чинь муу шүү” гээд тэсэлгүй хэлчихдэг талтай.  Чихэвчний хөгжмийг хамгийн чангадаа 60 хувиас хэтрүүлэхгүй, нэг өдөрт 60 минут л сонсох хэрэгтэй. Чихэвч үнэхээр зүүх шаардлагатай бол богино хугацаанд сонсож болох ч тогтмол зүүгээд байвал хөгширсөн хойноо “Айн миний хүү, дуулдаггүй ээ юу гээд байгаа юм бол оо” гэж л байнга хэлдэг болох байх даа” гэв.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

headphone_boy_by_airpash Чихэвчээр чихээ цэнэглэсээр байвал "Айн" гэж л хэлдэг болно

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.