Брестийн цайзын хамгаалалт

Брестийн цайзын хамгаалалт бол орос цэргийн эх орныхоо төлөө хийсэн агуу гайхамшигт баатарлаг, хатан зориг тэсвэр тэвчээрийн туйл болон болсон түүх юм . Брест хот бол одоогийн Беларусь улсын баруун хил дээр оршин байдаг . Анх “Баатар-хот” гэдэг хэллэг 1942 онд Правда сонинд хэрэглэгдэж байгаад албан ёсоор “Баатар-хот” гэдэг хэллэгийг 1945 оны 5 сарын 1-нд Иосиф Сталин Ерөнхий командлагчийн 20-р тушаалдаа “Баатар-хот Ленинград, Сталинград, Севастополь, Одессад ёслолын буудлага үйлдэх тухай” тушаасан байдаг. 1965 оны 5 сарын 8-нд Эх орны дайн дууссаны 20 жилийн ойгоор ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоолоор “Баатар-хот” гэдэг цолыг албан ёсных болгож, Ленинград, Волгоград, Киев, Севастополь, Одессагаас гадна Москва хот, Брест цайзыг шагнасан байна. Үүний дараа 1973 оны 9 сарын 14-нд Керчь, Новороссийск, 1974 оны 6 сарын 26-нд Минск, 1976 оны 12 сарын 7-нд Тула, 1985 оны 5 сарын 6-нд Мурманск, Смоленск хотууд уг цолыг хүртсэн юм.Нацистын Герман 1941 оны 6 сарын 22-ны үүрээр ЗХУ-д довтолсоноор германы цахилгаан дайн буюу “Барбаросса ажиллагаа” эхэлсэн юм. Германы эхний довтолгооны нэг нь Белостокийн цүлхэнгийн төвд орших хилийн Брест хот болон Брестийн цайзыг эзлэх явдал байсан байна. “Барбаросса ажиллагаа”ны төлөвлөгөөгөөр германчууд 45-р явган цэргийн дивизийн хүчээр Брестийн цайзыг 30 минутын хугацаанд эзлэхээр тооцсон байжээ.

Гэнэтийн артиллерийн шуурган галд өртсөн зөвлөлтийн улаан армийн цэргүүд хүн хүч болон зэвсэг, техникийн хувьд хүнд хохирол амссан ухарч эхэлсэн байна. Гэтэл Брестийн цайзад байрлаж байсан Улаан армийн 6-р дивиз болон 42-р дивизийн ангиудын зарим хэсэг нь цайзаас ухран гарч чадалгүй бүслэгдсэн боловч хатан зоригийг үзүүлэн баатарлагаар хамгаалж эхэлсэнээр домогт Брестийн цайзын хамгаалалт эхэлжээ.

Цайзыг хамгаалагчид эхний үед нэгдсэн штаб байгуулан зохион байгуулалт бүхий 3 хэсэгт хориглолтыг хийж байсан боловч их буу, танк байхгүй, агаарын дэмжлэггүй, ар талын нөхөн хангалтгүй энэ хамгаалалтыг германчууд 6 сарын 29 гэхэд үндсэнд нь устган цайзын ихэнхи хэсгийг эзэлжээ. Үүнээс хойш тархай бутархай байдлаар нэг сар гаруй хугацаанд зөвлөлтийн цэргүүд германчуудад эсэргүүцэл үзүүлсэн ба 1941 оны 8 сарын сүүлчээр эсэргүүцлийн эцсийн цэгүүдийг германчууд Буга голоос ус татан живүүлсэн байна. Германчууд “Барбаросса ажиллагаа”г эхэлсэнээс хойш буюу 1941 оны 6 сарын 22-29 хоорондох эхний нэг долоо хоногт амссан нийт хохиролын 5 хувийг зөвхөн Брестын цайзын дэргэд авсан байна.Брестийн цайз нь 1941 оны 6 сарын 22-30 хүртэл тэссэн байна.6 сарын 30-нд тулаан шувтарсан гэж үзэх боловч хамгаалалтын зарим хэсэгт эсэргүүцэл үзүүлсээр байсан бололтой. цайзын хананд сийлсэн үгсүүд дотроос хамгийн сүүлчийн бичээс нь 7 сарын 21 гэсэн байжээ. Гэтэл хамгийн сонирхолтой нь Брестийн цайзын сүүлчийн хамгаалагч нэгэн нэргүй баатар 1942 оны 4 сард цайзын нэгэн хонгилоос олзлогдсон байна. Түүний нэр, цолыг тогтоох оролдлогууд бүтэлгүйтжээ. Германчууд Брестийн цайзыг дайрахдаа 500 кг хүнд сумаар бууддаг, 600 мм-ийн Карл хэт хүнд их бууг ашиглаж байсан Германчууд давшилтанд орохдоо урдаа олзлогдсон цэргүүд болон энгийн иргэдийг халхавч болгон дайрах хамгийн харгис аргыг Зөвлөлтийн эсрэг анх энд ашиглаж байсан.

Брестийн цайзын хамгаалалтын тухай Зөвлөлтийн тал анх 1942 оны 2 сард Орёл хотын орчимд бут цохигдсон германы дивизийн штабын бичиг баримтаас олж мэдсэн ба үүнээс өмнө Брестийн цайзын тухай огт мэдээгүй байсан. Мөн Брестийн цайзын тэнгэрт 1941 оны 6 сарын 22-ны өглөөний 10 цагийн орчимд дэслэгч Б.Рябцев өөрийн сөнөөгч онгоцоор германы онгоцыг халз мөргөн сөнөөсөн нь Оросуудын хамгийн анхны халз мөргөлт болон түүхэнд үлджээ. Брестын цайзын гарнизоны дарга нарын эхнэр болон цайзад байсан энгийн олон тооны эмэгтэйчүүд хамгаалалтанд баатарлагаар оролцсон байна.Германы армийн ахмад Иоганн Вестман 1943 оны зун Брестэд байсан бөгөөд өөрийн өдрийн тэмдэглэлд “Зарим шөнө цайзын байруудад нуугдсан оросууд биднийг бууддаг. Тэдгээр нь 5 аас илүүгүй хүн байна гэж ярьцгааж байна. Тэд нар ус, хоолгүйгээр яаж амьдарч байна вэ? Би үүнийг мэдэхгүй байна” гэж бичсэн байдаг.Германчууд Брестын цайзыг бөмбөгдөхдөө 1800 кг жинтэй хүнд бөмбөг ашиглаж байсан нь цайз бүү хэл хажууд байсан Брест хотыг доргиулж байсан байна

.Брестийн цайз дайралтанд өртөх үед Оросын 9000 цэрэг офицер байсан бөгөөд үүнээс 2000 хүн алагдаж 7000 хүн олзлогдсоны дотор 25 офицер байжээ. Харин Германы талаас уг дайралтандыг 17000 цэрэг бүхий хүчээр дайрсан бөгөөд 1000 цэрэг алагдсанаас 63 нь офицер байсан 700 хүн шархдсанаас 30 офицер шархадсан гэж үздэг Зөвлөлтийн цэргийг командлаж байсан хошууч П. М. Гаврилов, Цайзын хамгаалалтын үеэр олзлогдсон бөгөөд 1957 онд Зөвлөлт холбоот улсын баатар цолоор шагнагдсан 1979 оны 1-р сарын 26-нд нас барсан. Ахмад Иван Николаевич Зубачёв, Цайзын хамгаалалтын үеэр 1941 оны 6-р сарын 24-нд шархдаж олзлогдсон, 1944 оны 7-р сарын 21-нд Нюрнберг дэх хорих лагер өөд болсон, Хорооны комиссар Ефи́м Моисе́евич Фоми́н, 1941 оны 6-р сарын 26-нд олзлогдож урвагч нар барьж өгснөөр өөрийн удирдан хамгаалж байсан Холмсийн хаалганд буудан хороосон, 1957 оны 1-р сарын 3-нд Лениний одонгоор нэхэн шагнасан, Дэслэгч Андре́й Митрофа́нович Кижева́тов,


1941 оны 6-р сарын 29-ний өдөр өөрөө шархдсан байсан учир 17 дайчныг бүслэлт сэтлэн гарах үеэр галаар халхлан үлдэж амь үрэгдсэн, Зөвлөлт холбоот улсын баатар, түүний гэр бүл болох ээж, эхнэр, 15 настай охин, 11 настай хүү, 2 настай охиныг нь 1942 оны Хавар Германчууд буудан хороосон байна.

Брестийн цайзын хамгаалалтанд оролцсон дайчдаас хамгийн сүүлд Борис Фаерштейн 2016 оны 8-р сарын 22-нд нас баржээ. Брестийн цайзын хамгаалалтын тулаан 1941 оны 6-р сарын 22-ноос 1941 оны 8-р сар хүртэл үргэлжилсэн бөгөөд гэрч нарын мэдүүлгээр 1942 оны 4 -р сарын 12-ний өдөр хамгийн сүүлийн нэр нь тодорхойгүй хамгаалагч баригдсан байна. Ингэж тулалдаж байсан цэрэг эрсийг агуу их гэхгүй өөр юу гэх билээ , харин сүүлийн үед манайд ингэж эх орныхоо төлөө халуун амиа зориулсан дайчдыг гутаан германы түрэмгийлэгчдийг өргөж ярих нь ихсэж байгаад би хувьдаа санаа зовдог , энэхүү нэр нь тодроогүй баатар эрсийн алтан амь насаар олдсон ялалтын хүчинд монгол улсын тусгаар тогтнол баталгаажсан гэдгийг дахин дахин сануулж байна

Өлзийсайхан Өлзий: ‎

Түлхүүр үг: ,

  • WordPress
  • Facebook

10 сэтгэгдэлтэй

  1. Бжестийн цайзын хамгаалалтын тухай нэг ном уншиж байсан,нэрийг нь мартжээ,кино нь ч гэсэн гоё,үнэхээр биширмээр баатарлаг хамгаалжээ

    Хариулах
  2. Үнэхээр баатарлаг хүмүүс шүү.Олон арван дайчдын цусаар сольж авсан эх орны ьусгаар тогтнол гэдгийг залуучууд мэдээсэй

    Хариулах
  3. бүртгэлд ороогүй хүн гэж маш сайхан зохиолыг нь сургуульд байхдаа номын сангаас авч уншиж байсан сүүлд киног нь оросууд хийсэн байсан дажгүй кино болсон байна лээ агуу ард түмэндээ их зовлон амссан улс даа

    Хариулах
  4. Бүртгэлд ороогүй хүн гэдэг номыг уншиж эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй болсондоо баярладаг юм . Би ч гэсэн эх орноо үхэн хатан хамгаалж амь насаа зориулах зориг зүрхтэй болсон .

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.