Аливаа хүн асуудал бэрхшээлтэй нүүр тулгарахаараа “Гарцаагүй байдал” хэмээн бууж өгч байгаа бол “fixed mindset” буюу хайрцаглагсан сэтгэлгээтэй байгааг илтгэнэ.
Хайрцаглагдсан сэтгэлгээ хүний шийдэл гаргах санаачилга, бүтээлч байдлыг хязгаарлана. Хайрцаглагдсан сэтгэлгээтэй хүмүүс зөвхөн өөрийн дуртай, бас чаддаг зүйлийнхээ хэмжээгээр л авъяас боломжоо тодорхойлно. Шинэ юмыг сурахдаа хойрго байж өөрийн тухлаг бүсдээ л шигдэн үлддэг.

Ийм сэтгэлгээ асуудлыг явцуу хүрээнд, өөрийнхөө төсөөллөөр хардаг. Бас өөрт нь аятай тал зассан харилцаа, өөрийг нь хүндэлсэн хүрээлсэн, шүтэн биширсэн нөхцөлд автана. Ийм сэтгэлгээтэй хүмүүс мэдээж амжилтанд хүрэх ч түүнийг өөрийн эзэмшлийг, өмчийн сэтгэлзүйгээс үүдэн өрнүүлж хөгжүүлэх тал дээр удаашралтай.

Хайрцаглагдсан сэтгэлгээг таних гол арга бол хэмжүүрт сэтгэлзүй. Тийм хүмүүс өөрийгөө байнга хэмжиж, хамааралтай бөгөөд хамааралгүй зүйлстэй харьцуулж байдаг. Өөрийгөө хэмжээд ирэхээр “болохгүй юм байна” гэх гаргалгаа маш амархан бий болдог.
“Би амжилттай юу, үгүй юу?”, “Би ухаалаг харагдаж байна уу, үгүй юу?”, “Би ялагч уу, ялагдагч уу?” энэ бол хэмжүүрт сэтгэлзүй.

Харин “Growth mindset” буюу хөгжингүй сэтгэлгээ бол хүний хийсвэр хил хязгаарыг даван гарах сэтгэлийн хатуужлыг бий болгоно. Хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүс заавал авъяастай юм уу, өндөр чадвартай байхаас үл хамааран аливаад бууж өгөлгүй, шантралгүй урагшлан тэмүүлдэг.

Өөрийн чадахгүй зүйлээ хэдэн зуун удаа оролдоод ч болтугай сурахад улам бүр урам ордог. Нэгэнт асуудалд оролдлого, хичээл зүтгэл, хувийн зохион байгуулалтаар үр дүн гаргах сэтгэл зүй учраас амжилтанд хүрэх нь түгээмэл. Тэд өөрийн чадахгүй, мэдэхгүй шинэ орчинд суралцах хурдтай байдаг учраас дасан зохицох манлайлалд ч дадамтгай.

Саад бэрхшээл, бүтэлгүйтэл бол тэдэнд “яагаад”гэсэн асуултаар дохио өгч “хэрхэн чадах вэ” гэсэн ажил хэрэгч горимд шилжүүлдэг. Хөгжингүй сэтгэлгээ бол эзэндээ хэмжүүрт сэтгэлгээг бус хэрхэн сайжрах вэ гэсэн асуултыг тавьж байдаг.

Товчхондоо бол хайрцаглагдсан сэтгэлгээтэй хүмүүс алдааг өөрөөсөө биш бусдаас, аян шалтгаас эрэлхийлж улмаар хялбархан хариу олчихоод байрандаа үлддэг. Хүн муулдаг, хов эргүүлдэг.

Харин хөгжингүй сэтгэлгээтэй хүмүүс бол алдааг өөрөөсөө хайж яаж илүү сайжрах вэ? Дахин алдаа гаргахгүй байхын тулд надаас юу шалтгаалах вэ гэж асуудаг. Тэд уучлал гуйж чаддаг, бас асуудлаас түргэн ангижирч дараагийн түвшинд гардаг. (Үргэлжлэл бий)

Стэнфордын профессор, сэтгэлзүйч Carol S. Dweck-ийн
MINDSET номоос хийсэн тэмдэглэл
С.Эрдэнэболд

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн