Дани, Канадын хооронд 30 гаруй жил үргэлжилсэн “Боловсон дайн”

2018-04-19 11:481min1
dain

Ердөө л 1.3 км.кв талбайтай Ханс (Hans Island, Hansoe, lle Hans) хэмээх энэхүү арал юу ч амьдарч, ургаж болохооргүй цул чулуу боловч хоёр улсын маргааны бай болжээ. Угаасаа ч улс орнууд ширхэг чулууг ч өөр улсад өгөхгүй гэсэн зарчимтай байдаг хойно аль аль нь буулт хийхийг хүсээгүй бололтой.

Анхандаа арлыг хэн ч тоож байсангүй. Нутгийн иргэд болох инуитууд энэ арлыг мэддэг ч онцын ач холбогдол тэр болгон өгч байгаагүй аж. Харин ч нэг цул чулуу л гэж ярьдаг байсан биз ээ. 1920-иод онд Данийн экспедици ойролцоох газар нутгийг нарийн судалсны эцэст уг арлыг Гренландтай хамт өөрийнхөө Вант улсад нэгтгэж авсан байна.

Мэдээж логик нь ойлгомжтой, арал Гренландад хамаарна, харин Гренланд өдгөө Данид хамаарна. Тэгэхээр арал бол манайх гэж Данийн парламентаас шийдвэрлэжээ. 50 жилийн дараа Дани, Канад улс хоёр улсын хоорондох тэнгисийн хилийн тухай хэлэлцээрээ эхлүүлжээ.

Ингээд шударга гэрээ байгуулахын тулд компьютерээр тэнгисийг хоёр тэнцүү хувааж, хил тогтоосон байна. Компьютер ч хоёр улсын хоорондох тэнгисийн газар нутгийг тэнцүү хуваатал Ханс арлын яг голоор нь хуваагдаж таарчээ. Дани, Канадын хоорондын гэрээнд 127 хэсэг бүхий шугамыг оруулсан байна.

Харин 122, 123 дугаар хэсгийн хооронд буюу Ханс арал байрладаг хэсэгт л хоёр улс тохиролцож чадсангүй. Улстөрчдийн хооронд ийм шүүмжлэл өрнөж байгааг мэдээгүй Канадын нсфтийн компани тус арал руу мөсний бүтцийг нь судлах судалгааны багийг явуулсан байна.

Үүнийг мэдсэн хоёр улс сандралджээ. Тэд эндээс нефтийн орд олдчих ч юм бил үү? Эсвэл өөр үнэт зүйлс олдвол яах билээ? Тэгвэл зөвшилцөлд ямар асуудал нэмж үүсэх бол? Улс орнууд дахин зөвлөлөө дуудаж, арал дээр дахиж’ ямар ч судалгаа явуулахгүй байх талаар тохиролцжээ. Энэ нь маргалдаж, мэтгэлцэх ямар нэгэн зүйл гаргахгүй гэсэн санаа аж.

Гэтэл “Манай үнэт арал дээр өөр улс ирээд судалгаагаа эхлүүлчих юм биш биз?” хэмээн санаалсан Дани улс 1984 онд цэргийн хөлөг онгоцоо тусгай “элч төлөөлөгчид”-тэй хамт явуулсан байна. Цэргүүд арал дээр тугийн иш босгож, Данийн далбаагаа өлгөн “Данийн аралд тавтай морил!” гэсэн бичиг, шилтэй дани шнапс архи үлдээжээ.

Канадын баг Данийн хөршийнхөө хийсэн алхмыг мэдмэгцээ арал руу хувийн “илгээмж”-ээ явуулжээ. Тэд Данийн далбааг Канадынхаар сольж, газар дээр нь “Canadian club” хэмээх шилтэй вискигээ орхисон байна. Яг ийм байдлаар хоёр улс ээлжлэн багаа илгээж, эсрэг талынхаа үлдээсэн архийг хаяж, далбааг нь өөрийнхөө далбаагаар сольдог “боловсон дайн” 34 жил үргэлжилж байна.

Тэгэхдээ Дани, Канадын аль нь ч эрт орой хэзээ нэгэн цагт нөгөө тал нь энэ арал дээр ирж, Данийн шнапс, Канадын виски гэсэн фирмийн армиа үлдээхийг мэдсээр байж ийм үйлдлээ зогсолтгүй хийдэг аж.

Э.Мөнхзаяа

Эх сурвалж: Өглөөний сонин

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй