Д.Сугарыг “Сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу?

2018-04-19 09:221min0
04

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэргийг Лондонгийн Арбитрын шүүх хэлэлцэж, Засгийн газрыг хариуцагчаар татаад байгаа. Тэгвэл энэ хэргийг АТГ-аас шалгаж, хэд хэдэн хүнийг саатуулаад байна.

Тухайлбал хэргийн эзэн “Жаст”-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн худалдааны хэлтсийн дарга байсан Г.Амарбат, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарыг саатуулан шалгаж байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр Б.Мөнхжаргалын гэрт нэгжлэг хийж, нууц баримт олсон талаар шуугиж эхлэв.

Энэ нь “Эрдэнэт” үйлдвэрээс “Стандарт” банктай хийсэн “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ” юм. Энэ гэрээний дагуу шалгалт хийхэд хамгийн эхлээд хуулийн байгууллагад дуудагдах хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар байж магадгүй байна.

Учир нь Д.Сугар тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга буюу “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Тиймээс “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд тэр гарын үсэг зурж, эрх үүргээ өөр нэгнээр төлөөлүүлэхээр тохиролцсон байж ч мэднэ.

Хуулийн байгууллага энэ асуудлыг тогтоосон бол “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ээлжит шуугиан Д.Сугараар үргэлжлэх бололтой.

Д.СУГАР ГЭЖ ХЭН БЭ?

Тэр тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн даргаар томилогдож байв.

2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. 2004 онд УИХ-ын гишүүний сэнтийгээс буучихаад байхад нь нутаг нэгт дүү Д.Зоригт Монгол шуудан банкныхаа газрын захирлаар авч ажиллуулж байжээ.

Тэрээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан. Дарга байхдаа 41 удаа шүүхэд дуудагдаж байсан хэмээн өөрөө нэгэн ярилцлагандаа хэлсэн байдаг. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэхчлэн Д.Сугарын тухай баримтууд үргэлжилдэг.

ШАЛГУУЛАХ АСУУДЛЫГ УИХ ШИЙДНЭ

Д.Сугар одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байгаа. Энэ нь түүнд шууд хэрэг үүсгэн шалгах эрх зүйн үндэс байхгүй байна гэсэн үг. Үндсэн хуулийн 5.1-т зааснаар “Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно” хэмээн заасан байдаг.

Ер нь энэ заалт олон жил Д.Сугарыг бат хамгаалсаар ирсэн гэхэд болно. Харин одоо хамгаалах эсэх нь юу л бол. “Эрдэнэт”-ийг барьцаалан зээл авсан гэх асуудлаар “Барьцааны эрх, үүрэг шилжүүлэх тухай гэрээ”-нд түүний гарын үсэг байгаа л бол тэр энэ удаа сугарч үлдэж чадахааргүй байна.

Цэцийн гишүүд хуралдаж, шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Цэцийн гишүүд хөдөлдөггүй юм аа гэхэд ирэх тавдугаар сард Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно. Түүний дараагийн хүнийг УИХ-аас цаг алдалгүй томилж чадвал Д.Сугарыг шалгах эрх зүйн боломж нээгдэх юм. Ингэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудалд Д.Сугарыг нэн даруй шалгуулах эсэхийг УИХ-аар шийдэхээр байна.

Учир нь УИХ-аас түүний дараагийн хүнийг хэдий чинээ хурдан хүнийг томилно төдийчинээ үйл явдал хурдан үргэлжилнэ. Эрх баригч МАН-ын хувьд намынхаа лидер болох С.Баярыг хорьж шалгахад дуугараагүй юм чинь “Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд удаан хугацаанд нэр холбогдоод буй Д.Сугарыг шалгуулахад саатах зүйл үгүй л болов уу. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой гэдэг зарчим манай улсад хэр мөрдөгдөж байгаа нь Д.Сугарын хэрэг дээр харагдахаар байна.

Ш.БАТХҮҮ БА Д.СУГАР

Өнгөрсөн хугацаанд “Жаст”-ын Ш.Батхүү энэ хэрэг дээр Д.Сугарыг цээжээрээ хамгаалж ирсэн байдаг. Тэр мэдүүлэгтээ “Д.Сугар гарын үсэг зураагүй, түүний гарын үсгийг хуурамчаар зурсан” гэж өчсөн нь өчнөөн удаа давтагдсан байх. Мөн Д.Сугар ярилцлагадаа “Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудалд миний жинхэнэ гарын үсэг гарч ирвэл би хорих 461 дүгээр ангийн үүдэнд очъё” гэж их л итгэлтэйгээр хэлжээ. Ер нь Ш.Батхүү Д.Сугарыг үеийн үед хамгаалж ирсэн. Харин эдгээр өдрүүдийн дараа, олон баримт ил болсны араас тэр хамгаалсаар байж чадах болов уу.

Д.Сугар хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ш.Батхүүгийн талаар “Тэр хүнийг таних, танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт ч бий” гэсэн байдаг. Ер нь сүүлийн үед Ш.Батхүү, Д.Сугар нарын хоорондын харилцаа таарамжгүй болсон талаар ч ярьж эхэлсэн.

Д.СУГАР VS Ц.ДАВААСҮРЭН

Цэцийн гишүүн Д.Сугар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нэр төрд халдсан гэх үндэс­лэлээр шүүхэд өгсөн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байна. Ц.Даваасүрэн гишүүн Д.Сугарыг “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар болон бусад хэрэг холбогдуулан шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн.

Үүнийх нь төлөө гишүүнийг шүүхэд өгсөн байдаг. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ хүн анх 2014 оноос эхлээд ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ-т шилжсэн. АТГ “УИХ энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж, ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авч өгөөч” гэсэн саналыг тавьж байсан юм.

Ямар нэг асуудал байсан болоод хуулийн байгууллага дээрх хүсэлтийг тавьсан байж таарна. Энэ талаас нь харж шүүх дээрх шийдвэрийг гаргасан. Д.Сугар ийм олон асуудалд холбогдчихоод санаа нь зовохгүй яваад байгаа биз. Санаа нь зовохгүй байна гэдэг чинь энэ хүний мөн чанарыг харуулж байгаа.

Ийм хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Түүний Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа тавдугаар сард дуусгавар болно. Энэ үед нь би өөрөө АТГ-т асуудлыг барьж очоод шалгуулна. Прокурор энэ асуудлыг хаасан.

Яагаад асуудалд холбогдоод байхад прокурор хаагаад байгааг гайхаж байна” гэсэн байдаг. Ийнхүү Ц.Даваасүрэн гишүүн Д.Сугартай холбоотой асуудлаар байнга үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Ер нь “Эрдэнэт” тойрсон асуудлыг шалгах үйл явцыг харахад Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцээс “сугалах” цаг ойртсоор байх шиг.

Т.Батсайхан

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй