Хүүхэлдэйн киноны эрлийг зогсоосон “Чингис хаан”

2018-04-19 09:121min1
03

Бүтэлгүй муурыг чаддаг бяцхан хулганы түүх “Том Жерри”, ууртай чоныг хашраадаг сэргэлэн туулай “Ну погоди” гээд хүн бүрт хүүхэд наснаасаа үзэж өссөн, сэтгэлээс нь гардаггүй хүүхэлдэйн кино, баатар байдаг даа.

1990-ээд оны багачууд лав 6:10-тай уралдаж цүнээ чулуудаад зурагтынхаа өмнө суудаг байсан нь “Сансрыг хамгаалагч Болтрон”-той холбоотой юмдаг. Тэднээс арай дээшлэхээр “Супермэн”, “Бэтмэн”, “Хүн аалз” гээд нисдэг баатрууд нэг хэсэг моодонд орж байв.

Одоо бол “Pororo”. “Маша баавгай хоёр” зэрэг олон бүтээл давалгаалж байна. Энэ дунд монгол нэр нэг ч алга. Тэгэхээр Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад үзэж, үлгэрлэх үндэсний баатар алга байна. Бид кино урлаг хөгжиж байна, дэлхийд гарах гарц ойрхон байна, киногоор хүмүүжүүлье, хөгжүүлье гээд яриад, бичээд л байдаг.

Гэтэл балчир наснаас нь үзэж өсөх үндэсний бүтээлээ мартаад уджээ. Зөвхөн 12-оос дээш насныханд зориулсан уран сайхны кино руу л хошуураад байдаг. Үнэндээ кино үзэх соёл, ойлголтыг балчир насанд нь суулгаж байж тэд кино урлагийг жинэхэн утгаар нь ойлгож мэдрэх юм. Харин үндэсний баатаргүй хүүхдүүд маань багаасаа барууны хүүхэлдэйн киног үзсээр насанд хүрсэн хойноо яг л тийм жанрын, хийцийн киног хүсээд байдаг.

1990 ОНООС МОНГОЛЫН ХҮҮХЭЛДЭЙН КИНО УНАЛТАД ОРЖЭЭ

Манай орны хувьд хүүхэлдэйн киноны түүх нэлээд хожуу эхэлжээ. 1975 онд анх Ц.Зандраа, Б.Жадамба, Т.Отгонбаяр, Д.Балданпүрэв нар Т.Галсангийн зохиолоор “Өндөг” нэртэй анхны нэг бүлэг зурмал хүүхэлдэйн киног бүтээсэн байдаг.

Үүнээс хойш “Эрх цагаан ишиг”, “Арслан өвгөн хоёр”, “Шаазан заан”, “Болдоггүй бор өвгөн” , “Цуутын цагаагч гүү” гээд богино хэмжээний хэдхэн кино хийжээ. Үндсэндээ 1990-ээд оны шилжилтийн үед энэ салбар уналтад орсон юм. Харин өнгөрсөн жил “Мора” хэмээх бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гарсан нь унтарсан зууханд цучил нэмсэн явдал болсон.

Одоо л Монголын хүүхэлдэйн кино эргэн хөл дээрээ зогсохоор тэмцэж байна. Үүний нэг жишээ нь “Чингис хаан” хүүхэлдэйн кино юм. Бид эзэн Чингисийн удам гэж бахархаж, омогших дуртай. Дэлхий ч Чингис хааны түүх, байлдан дагуулалтыг сонирхсон хэвээр байна. Гэтэл бид төв талбай дээрээ хөшөөг нь босгож, архины шилэн дээр зургийг нь нааснаас өөрөөр гавьсангүй. Энэ үед Чингис хааны тухай шинэ бүтээл мэндэлсэн нь нүдээ олсон явдал юм.

БЭЭЖИН, ШАНХАЙ, ХОНГКОНГТ НЭЭЛТЭЭ ХИЙЖЭЭ

“Ocean Pictures” студийн бүтээл “Чингис хаан” хүүхэлдэйн киног бүтээхэд найман жилийг зарцуулжээ. Монголын кино урлагийн түүхэнд ийм урт хугацаа, хөдөлмөр зарцуулсан бүтээл одоогоор төрөөгүй. Эхний хоёр жил уран бүтээлчид Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог, Хар Зүрхний хөх нуураар жилийн дөрвөн улиралд аялж, байгалийн тогтоцын судалгаа хийжээ.

Үүний дараа жил найман сарын хугацаанд зохиолын ерөнхий судалгаа хийсэн гэнэ. Ингээд “Монголын нууц товчооны” эхний найман бүлэг буюу 1146-1206 он хүртэлх түүхэн үйл явдлыг харуулсан тус кино бүтсэн байна. Уг бүтээл “Уолт Дисней” болон бусад томоохон кино компаниудын стандартаар хийгдсэн Монголын анхны бүтээл гэдгээрээ үнэ цэнэтэй.

“Чингис хаан” хүүхэлдэйн киног үзсэн үзэгчид болон уран бүтээлчид энэ бүтээл дэлхийд Монголыг сурталчлах бүтээл болсон хэмээн ам бардам хэлж байгаа юм. Чингис хааны баатруудын уухайн дууг гаргахын тулд 400-500 цэрэг уухайлуулжээ.

Киног бүтээхэд санхүү, хөрөнгөөс эхлээд бага­гүй бэрхшээл тулгарсан бөгөөд найман жилийн хугацаанд хоёр Ерөн­хийлөгч, гурван Ерөнхий сайд, 25 УИХ-ын гишүүн болон бизнес эрхлэгчдэд хандсан ч дэмжлэг үзүүлээгүй аж. Кино багийн зүгээс Бээжин, Шанхай, Хонгконгт бүтээлээ танилцуулжээ. Үүнээс гадна дэлхийн есөн оронд уг киног нээх гэрээ байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Уран бүтээлчдийн байр суурийг хүргэе. Ерөнхий найруулагч

Б.Тэнгис: МАНАЙ КИНОГ ДИСНЕЙН БҮТЭЭЛҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛААД ҮЗ

-Бидний олон жилийн хөдөлмөр энэ бүтээлд шингэсэн. Дэлхийд Монголыг сурталчилах бүтээл болсон гэж ам бардам хэлэх байна. Хэрэв ярьж байгаа гэрээнүүд биеллээ олбол дэлхийн есөн оронд бид киногоо нээнэ. Манай кино Диснейн кино компанийн бүтээсэн “Мулан”, “Үнсгэлжин” “Frоzеn” зэрэг бүтээлүүдтэй харьцуулж үзээрэй. Дээрх кинонуудтай энэ зэрэгцэх бүтээл болсон гэдэг итгэлтэй байна. Ерөнхий продюссер

М.Ундрам: ЧИНГИС ХААН” ХҮҮХЭЛДЭЙН КИНО ХҮМҮҮСИЙН БОДЛЫГ ӨӨРЧИЛНӨ

-Бид энэ анимэйш­нийг бүтээхийн тулд нэг сая 450 мянган зураг зур­сан. Киноныхоо ажлаар гадаадын хэд хэдэн ул­сын продюссертэй уулз­сан. Тэд “Танай уран бүтээл­чид ийм анимэйшн хийдэг юм уу” гээд гайхаж хүлээж авсан. Биднийг одоо болтол морио унаад нүүдэллээд явдаг гэж боддог юм билээ. “Чингис хаан” хүүхэлдэйн кино энэ хүмүүсийн бодлыг өөрчилж, монгол залуу­чууд дэлхийн техник технологийн зах зээлд өрсөлдөх чадвартай гэдгийг харуулна.

Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар: ТҮҮХЭЭ СУДЛАХАД КИНО ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

-Бид Монголын түүхээсээ хол хөндий болжээ. Болж өгвөл барууны урлаг руу хошуурах гээд байна. Цаг үе, хөгжлөө дагаж байгаа үүнийг буруутгахгүй. Гэхдээ эхлээд өөрийнхөө түүхийг мэддэг байх нь чухал. Түүхээ судлахад кино чухал үүрэгтэй. Монголын биш дэлхийн стандарт шаардлагыг хангасан түүхэн хүүхэлдэйн кино хийнэ гэдэг хялбар зүйл биш.

“Монголын нууц товчоо”-г ухвал дахиад ч энэ хэмжээний бүтээл хийх сан бий. Уран бүтээлчид нь киногоо ингэж дүгнэсэн юм. Уналтад орсон Монголын хүүхэлдэйн киноны галыг асааж, дэлхийд эх орноо сурталчилах их үйлсэд түүчэлж буй “Чингис хаан” хүүхэлдэйн киног төрөөс дэмжээсэй. Эдгээр уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэлж, дахин уран бүтээл хийх эрч хүч, урам зориг хайрлаасай. Монголын хүүхэлдэйн киноны салбар хөгжиж байна. Монголын хүүхэлдэйн киноны эрлийг зогсоосон “Чингис хаан”-д талархая.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй