Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг АТГ-аас цагдан хориод байна.

Тэднийг ийн баривчилсан нь 2009 онд С.Баярын Засгийн газрын байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Дубайд батлалцсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотой гэх мэдээлэл түлхүү явж байна.

Өөрөөр хэлбэл, Оюутолгойтой холбоотой шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг шалгаж байна гэсэн үг.

Тэгвэл олон нийт, улс төрийн зарим хүчнүүдийн зүгээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд хамгийн “том” гарын үсгийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт зурж байсан. Тэр хаачив гэцгээж байна.

Тухайн үеийн хэвлэлүүдэд гарч байсан мэдээллийг сануулбал“…Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг аргын тооллоор 2009 оны аравдугаар сарын 6-ны, билгийн тооллын намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр байгууллаа. Монголчууд бидний ирээдүйн олон “найдвар” болсон энэхүү гэрээ хир их үр өгөөжтэй, хэнд ашигтай болсоныг цаг хугацаа харуулна буй за.

Монгол улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компианы төлөөлөгчид Оюутогойн гэрээнл гарын үсэг зурсан бөгөөд арга хэмжээг баяр ёслолын байдалтай зохион байгуулж, монголчууд талархан хүлээн авлаа.

Ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ, Засгийн газрын гишүүд, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компиануудын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, ТББ-уудын төлөөлөл гээд бусад албаны хүмүүс оролцлоо. Ёслолын арга хэмжээнд дээр нийт гурван гэрээнд гарын үсэг зурагдлаа.
Нэгдэх гэрээ буюу Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар зурсан бол хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурлаа” хэмээн бичиж байв.

Д.Зоригт Оюутолгойн хөрөнгө оруулагч буюу Рио Тинто-тай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч нь байсан байна. Харин Оюутолгойн гэрээний галыг өнөөг хүртэл өөр дээрээ авч ирсэн С.Баярцогт тус ажлын хэсгийн гишүүн буюу хоёрдугаар зэрэглэлийн байр суурьтайгаар уг гэрээнд оролцсон болж таарч байгаа юм. Мөн тэр үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, сүүлд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх нь байсан Л.Гансүх бас уг гэрээнд гарын үсэг зурж оролцсон байна.

Түүнчлэн тухайн үед Оюутолгойн гэрээний талаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригт л ярьдаг байсан. Харин Сангийн сайд С.Баярцогт сүүлд ярьдаг болсон гэх марзан маягийн ярианы цаана олон зүйл нуугдаж байгаа бололтой.

Юутай ч Оюутолгойн гэрээний хамгийн “том”гарын үсэгний эзэн нь Д.Зоригт гээд байгаа нь ортой байж таарна. Үргэлжилнэ…

Эх сурвалж: www.news1.mn

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн