“Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч, гавьяат сэтгүүлч, Бал эрхлэгчийн 2006 онд хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Зиндаа” сонинд өгсөн ярилцлагыг бид дахин нийтэлж байна.

-Танд хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа, та нарт ч гэсэн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе, мөн танай сонины уншигчдад ч бас баяр хүргэе. Яагаад гэвэл сэтгүүлчдийнх нь баяр бол уншигчдынх нь баяр байдаг учраас давхар баяр хүргэх гэсэн юм.

-Та олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрийг юу гэж ойлгож байна?

-Энэ бол мөнхийн тэмцэл. Хэвлэлийн эрх чөлөө гэж яг юу байдаг юм бэ гэдгийг тодорхойлоод хэлчихсэн нэг ч ухаантан байхгүй. Үүнийг хэлэх гэж оролдож байгаа ухаантан бол зөндөө байгаа. Эрх чөлөө гэдэг бүтэн утгаараа байдаг юм уу.

Барьж тэмтэрч болохгүй, яриад л тэрний төлөө яваад байгаа болохоос биш, анархизмаар, фашизмаар, дахиад нэг коммунист дэглэмээр дуусах юм уу, үүнийг хэн ч хэлж чадаагүй л байхгүй юу.

Сэтгүүлч бидний хувьд үгээ хэлдэг, гэхдээ үнэн бодит хэлэхийг оролддог. Яагаад гэвэл үнэн гэдэг чинь бас дахиад байхгүй. Чиний үнэн гэж байна, миннй үнэн гэж байна, дарга нарын үнэн гэж байна, эд нарын дунд нь байгаа ямар нэгэн бодитой 70, 80 хувийн бодитой үнэн рүү нь хүрдэг юм уу яадаг юм.

Тэр үнэн рүү нь тэмцсэн юм. Үг хэлэх, бичсэн юмныхаа эрх чөлөөний төлөө тэмцье, үнэн хэлснийхээ төлөө хавчигддаггүй, шахагддаггүй, биднийг шүүх рүү аваачдаггүй байхын төлөө энэ өдрийг тэмдэглэдэг байя.

-Сургуулиа төгсөөд ирж байгаа залуу сэтгүүлчдийн анхны гарааг хэрхэн бэлдэж өгдөг бол?

-Миний хувьд залуу хүн ороод ирэхэд элгэмсүү хүлээж авдаг. Би шууд л “Миний дүү маш муухай тээрэм рүү орлоо шүү, наад тээрэм чинь эргэлдээд тээрэмдсээр байгаад чамайг гурил болгоод гаргаад хаяна, чи наад тээрмийнхээ нэг рамнаас нь ч гэсэн зүүгдэж байгаад амьд гарахыг бод, хамт сууж байгаа ах, эгч нар чинь бүгдээрээ чиний өрсөлдөгч.

Би чамайг хэд хоног харна, дэмжинэ. Чамд ямар нэг гайгүй мэдрэмж байх юм бол үлдээхийн төлөө тэмцэнэ, хэрвээ сэтгүүлч болох жаахан ч гэсэн үр байна гэдгээ харуулахгүй бол өөрөө яваарай” гэж хэлдэг.

Ер нь ганцхан манайхан ч биш, хамт олон шинэ хүн хүлээж авах дургүй байдаг шүү дээ. Тиймээс тэр хүнийг би дэмжихгүй л юм бол тэсэхгүй. Зарим нь үлддэг, зарим нь явдаг.

-Харин та өөрөө магтаал, хатуу үг хэр сонсдог байв?

-Би нэг их загнуулж байгаагүй. 1977 онд Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлчийн анги төгсөөд ирэхэд манай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Дэлэг гуай “Бурхан ч ирж байгаа юм уу, буг ч ирж байгаа юм уу. Боловсролын яамныхан хүн явуулаад ав гээд л тулгачих юм, авахаас яах вэ” гээд л намайг Захидал харилцааны хэлтэст хуваарилсан.

Тэгээд анхны томилолтоо авч Налайх руу яваад тэр үеийнхээр дэлгэрэнгүй мэдээ бичээд авчирлаа. Дотроо их л сайн боллоо гэж бодсон шигээ зогсож байтал хэлтсийн эрхлэгч Д.Чимиддорж гуай уншчихаад “Чи ийм юм бичдэг юм уу” гээд өнөөхийг минь хэдэн хэсэг тасдаж ураад нэг их том хогийн савыг хөлөөрөө онгойлгоод хийчихсэн.

Тухайн үед уйлъя уйлж болдоггүй, материал маань долоо хоногийн төлөвлөгөөнд орчихсон байдаг. Дахиад бичлээ, өдөр шөнөгүй бичлээ. Тэгээд өгсөн чинь ашгүй нэг өдөр сонин дээр нийтлэгдэв. Түүнээс хойш би нэг их загнуулж байгаагүй. Харин ч бичсэн юмнаас хассан байх юм бол “Миний тийм үг байхгүй байна, хэн хассан бэ” гээд хэрүүл хийдэг болсон.

Сэтгүүл зүйн бүх төрлөөр бичиж эхэлсэн. Нэг хэсэг найруулал, сурвалжилсан тэмдэглэл бичдэг байлаа. Миний гол бичдэг төрөл бол эрэн сурвалжлах гэж яриад байгаа ч асуудал дэвшүүлсэн өгүүлэл зонхилон бичдэг байв.

СЭТГҮҮЛЧ ХҮНИЙ ТАРХИ АМРАХ УЧИРГҮЙ

-Та яагаад цаг наргүй хэцүү мэргэжлийг сонгох болсон юм бэ?

-Би хүүхэд байхын л юм бичихийн донтой байсан шиг байгаа юм. Шүлэг бичдэг, жүжиг тоглодог байлаа. Дээгүүр нисэж байгаа онгоцыг хараад нисгэгч болъё гэж бодно. Тэгээд тэр мөрөөдөлдөө хөтлөгдөөд аль нэгийг нь сонгохоор болсон юм.

Тухайн үед энэ чиглэлийн хуваарь ирээгүй учир замын инженерийн ангид орохоор болсон. Гэтэл намар нь өвдөөд сургуулиа орхичихсон. Буцаад орохдоо их сургуулийн сэтгүүлчийн ангид хуваарилагдсан. Тиймээс энэ бол миний л тавилан байсан байх.

-Сэтгүүлч хүнийг өдөр бүр шинэ амьдрал угтаж байдаг. Бичих сэдэв ч үргэлж өрнөж байх юм?

-Би заримдаа өглөөний ярианд очдог, заримдаа очдоггүй л дээ. Өглөөний ярианд очих болгондоо сэтгүүлчдээс “За өнөөдөр ямар сонин байна” гэхээр “Тэнд хэвлэлийн хурал болно, энд Ерөнхийлөгч очно гэнэ ээ” гэдэг.

Тэгэхээр нь би “Найз нар аа, Монголын амьдрал үүгээр дуусчихаж байгаа юм уу, амьдрал өрнөж, хүмүүс дурлаж, зовж, жаргаж байна. Яагаад үүнийг хардаггүй юм бэ, та нар яваач, сэтгүүлч хүн чинь хөлөөрөө хоол олж иддэг юм. Та нар тэгэхэд энд өрөөндөө утас сахиад байж байх юм.

Хүн яваад л байх юм бол өчнөөн сэдэв байна, гагцхүү сэтгүүлч хүн үргэлж сэтгэж, гярхай байх ёстой” гэж загнадаг юм. Сэтгүүлч хүний тархи амрах ёсгүй. Чи нэгэнт л энэ замаар явсан бол эргэж буцалтгүй орсон гэсэн үг.

Гэхдээ ингэж яваа чинь өөрт чинь жаргал байх ёстой, тэгснээрээ кайф авч, тэрнээсээ амьдралын жаргалаа эдэлж байж сайн сэтгүүлч болно.

Түүнээс биш эрхлэгч энэ дугаарт ийм юм хий гэсэн, би одоо яана аа гэж байгаа хүн бол зүгээр зайгаа тавиад өгчихсөн нь дээр.

Тэмдэглэлийн дэвтэргүй сэтгүүлчийг би хуралд суулгадаггүй. Уучлаарай, та дараа дэвтэртэйгээ ирээрэй гээд гаргачихдаг. Сэтгүүлч хүн цаас, үзэгнээс хэзээ ч салж болохгүй.

-Ажилтнууд тань таны юунд итгэж, өнөөдрийг хүртэл хамт яваа гэж боддог вэ?

-Монголд өнөөдөр амьдралын баталгаа алга. Тэгэхээр хүн хамгийн түрүүнд үүнийг боддог байх л даа. Төв байрны маань дэргэдэх орон сууцанд манайхаас тав зургаан хүн амьдарч байна.

Хамтарсан барилгын компанитай учраас 110 айлын орон сууц барьж байгаа. Манайхан бага цалин авдаггүй байх гэж бодож байна. Нөгөөтэйгүүр би сэтгүүлчдээ загнадаг ч гэсэн ажиллах орчинд нь анхаардаг.

Байг гэхэд ширээн дээр нь “Пентиум 4” тавиад өгчихийг хичээдэг. Мөн би үргэлж үзэгдээд, дарамтлаад байя гэж боддоггүй. Манайхан тэрийг дарамт гэж хүлээж авдаггүй байх л даа. “Заримдаа байхгүй байж байж сайн ташуурдаад өгөх ч гоё байдаг юм шүү. Дараа нь бие хөнгөрөөд явчих шиг болдог” гэж манайхан ярьцгаадаг.

Тэгэхээр бие биедээ итгэсэн дотно харьцаа байх хэрэгтэй. Ер нь Монголын сэтгүүл зүйд цаашид баримтлах гол зарчим бол сонины эзэн сонины редакцаас аль болох хол байх ёстой. Бодлого бол мэдээж байлгүй яах вэ.

Сонины цаана намын нэг хахууль авдаг этгээд авлигад авсан хэдэн төгрөгөө хэн нэг хүнд “Чи сонин гарга” гээд өгчихсөн өч төчнөөн жишээ байгаа, би жишээ дурдмааргүй байна.

Тэгээд утасдаад “Чи юу гаргаад байгаа юм бэ, яагаад заваараад байгаа юм бэ, чи наадхаа боль, сонгууль ойртож байна шүү, Чи тэрийг бичээд өгөөч, тэр бүр онгироод байгаа юм” гэх үе байдаг.

Ингээд байх юм бол сонины хөгжил цаашаа явахгүй. Үүнийг л зогсоох хэрэгтэй.

-Таныг хэвлэлийн магнат гэж хэдийнэ нэрлэж заншсан.

-Тэр хэвлэлийн магнат ч яах вэ. “Зиндаа”-д ч бай, “Монгол ньюс”-т ч бай, тэнд ажиллаж байгаа хүн тэндээс хоолоо олж идэж, гэр бүлээ тэжээж байгаа учраас тэр байгууллагадаа үнэнч байх хэрэгтэй. Энэ бол зах зээлийн бичигдээгүй хууль. Хэрвээ чи тийм биш бол “Зайл, хаалга тэр байна, хаалгаар дахиж битгий орж ирээрэй” гэж би шууд хэлдэг.

-Ингэхэд өөрийн бие даасан хэвлэл байгуулаад явах санаа яг хэдийд төрсөн бэ?

-1996 оны сонгуулиар ардчилсан хүчнийхэн олонх болсон. Тэр үед “Балдорж гэсэн улсуудыг яах вэ” гэсэн асуулт гарсан. Би дундыг барих зарчимтай. Ардчилсан хүчнийхэн намайг хувьсгалт намыг дэмжигч гэдэг.

Хувьсгалт намынхан ардчилсан хүчнийг дэмжиж байна гэдэг. Уншигчид болохоор танай сонин дээр Ерөнхийлөгчийг бичих юм гэдэг. Гэтэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь болохоор танай сонин дандаа намайг балбах юм аа гэдэг. Үнэндээ зарчим тийм л байх ёстой байхгүй юу.

Тэгээд гурав хоног хуралдаад Баабар “Балдоржийг сайн менежмент хийсэнгүй гээд халъя” гээд явуулж байсан.

Тэр үед л би манай нийгэм ямар болж байгаа билээ, чи өөрийн гэсэн байр суурьтай хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болохгүй юм бол үргэлж хэн нэгэнд туугдаж байх юм байна гэдгийг хатуу ойлгосон.

Тэгээд 1996 оны есдүгээр сарын 20-нд “Өнөөдөр” сониныг гаргаад “Монгол ньюс компанийг бий болгосон.

-Сониныхоо анхны санхүүжилтийг “Эрдэнэт”-ээс гаргасан гэдэг нь үнэн үү?

-1990-ээд оны эхэн үе бол улс орон картын системд шилжчихсэн хүнд хэцүү үе байсан. “Ардын эрх” төрийн сонин байсан учраас төр цаасаар хангадаг байлаа.

Тэгэхэд би зуун хэдэн мянган доллар “Эрдэнэт”-ээс зээлж авч байсан. Хожим талийгаачтай нийлж, “25 дугаар суваг” телевизийг байгуулсан юм.

Өөрөөр би “Эрдэнэт”-ээс нэг ч улаан мөнгө аваагүй, нэг ч төгрөгийн зэсийн наймаа хийгээгүй. Энэ талаар наснаас минь олон удаа шалгасан.

Би хувиараа 1991 оноос аялал жуулчлалын бизнес хийдэг байсан болохоор тэр мөнгөөрөө л сониноо босгосон. Хүнд өртэй байна гэдэг бол хамгийн балай эд, энэ бол миний зарчим, хүнд нэг төгрөгийн ч өр байхгүй.

Ер нь байгаа хэмжээндээ яйжганаж, өөрөө өөрийнхөө талхыг идэхийг чухалчилдаг. Талийгаачтай би хэчнээн найз байлаа ч гэсэн тэр хүний эрхэнд орохыг хүсээгүй.

-Тухайн үед учирч мэдэх эрсдэлээ та тооцоолсон уу?

-Тэр үед би залуу байсан учраас эрсдэлийг бүрэн бүтэн тооцоогүй л юм билээ. Гэхдээ би сэтгүүлч хүн, бизнесмен биш. Тэр үед Балдорж гэдэг нэр байна, хийж бүтээе гэж зорьсон. Тэгээд тусдаа гарч сонин гаргая гэхэд “Ардын эрх”-ийн 100 гаруй хүн надтай явъя гэсэн.

Би 14 хүн л авна гээд шилээд аваад гарсан. Тэгээд танай энэ байрны дөрвөн давхарт нэг өрөө түрээслээд ганцхан компьютертой, нүүрнүүдээ гаргаад шалан дээр дэвсэж уншаад, ярьж ярьж 7000 хувь гаргасан чинь хоёр хоногийн дотор л алга болсон.

Тэгэхэд л би болчих юм байна одоо ингээд л яваад өгнө гэсэн чинь тэгдэггүй юм билээ. Хэвлэлийн бизнес гэдэг бол Монголд хамгийн хатуу зах зээлтэй бизнес.

УЛСТӨРЧДӨӨС ГУЙХ ЗҮЙЛ НАДАД БАЙХГҮЙ

-Та чөлөөт хэвлэлийн орон зайг юу гэж үнэлдэг вэ?

-Монголд өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө байна уу, үгүй юү гэдэгтэй уялдуулж ярих хэрэгтэй. Нэг талаасаа Монголд хэвлэлийн эрх чөлөө байхгүй.

Бүгдийг нь эрх баригчид атгачихсан, нөгөө талаас харвал Монгол шиг хэвлэлийн эрх чөлөөтэй газар энэ ертөнцөд байхгүй. Балдорж гэдэг хүнийг алъя гэвэл 10 авгайтай, шоронгийн хулгайч, өөр юу ч гэдэг юм, муу муухайгаар дуудаад шороотой хутгаад хаячихна.

Хэрвээ хүсэхгүй бол тэр нөхөр хэдэн тэрбумаар нь авлига авчихсан ч байсан тэрийг хамгаалаад л байгаад байдаг.

Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөө байхгүй л байна. Тэгэхээр шар сонинууд энэ орон зайг ямар нэг хэмжээгээр бөглөж байгаагаараа их үүрэг гүйцэтгэж байгаа.

Гэхдээ би шар сонин гэсэн нэр томьёонд дургүй. Зарим чөлөөт хэвлэл сонгуулийн өмнө маш их худалдагддаг.

Сонгууль болохоор нэр дэвшиж байгаа хүмүүс бүгдээрээ сэтгүүлчдэд хайртай болдог. Тэгээд сонгууль дуусангуут чи чинь хэн билээ, “Зиндаа” сонин гэж юу билээ, “Өнөөдөр” сонин гэж юу билээ гэдэг л байхгүй юу.

Тэгэхээр сэтгүүлчид, эзэд нь жаахан алсын хараатай баймаар байна. Өөрөөр хэлбэл, улстөрч, сэтгүүлч хоёр хэзээ ч нэг ор хөнжилд орж болохгүй. Хэзээ ч тэр хоёрын дундаас хүүхэд төрж болохгүй. Хэрвээ төрөх юм бол тэр хүүхэд нийгмийн “тахир дутуу” хүүхэд болно.

-Сонины нийтлэл хэр амь бөхтэй, хэр үнэ цэнэтэй байна вэ?

-Хамгийн эхэнд сэтгүүлч хүн бодит үнэнийг бичдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр хүнтэй хамааралтай байгаагаас болоод Балдоржид дургүй хүн байгаа бол чи Балдоржийг нууц амрагтай гээд бичээдэхээч гэхээр эхлээд биччихээр үнэмшинэ, дараа нь гайхна, дараа нь худлаа юм байна гээд ойлгохоор сонины нэр хүнд уначихаж байгаа юм.

Тэгэхээр үүнээс хол явахгүй бол бидний нэр хүнд өдөр ирэх бүр л унаад байгаа. Бид хэдээс биш өөр хэн нэгнээс шалтгаалаад унаад байна.

-Сэтгүүлчид эрэлхийлснийхээ төлөө шүүхэд дуудагдах нь их болсон. Урилгаас илүү шүүхийн бичиг л ирдэг болсон тухай сэтгүүлчид ярьсаар байгаа?

-Монголын нийгмийн тогтолцоо тэр аяараа буруу байгаа. Би ингэж л ойлгодог. 1990 оны анхны ардчилсан Ардын их хурлаар би депутат байгаад Үндсэн хуулийг батлалцсан хүн л дээ. Тэгэхэд хаана ч байхгүй Үндсэн хуулийг баталлаа гэж бид ярьж, бичиж байсан.

Одоо хараад байхаар Монгол орон ямар засаглалтай нь тодорхой бус, тогтолцоо нь буруу байна. Тиймээс хэн ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг дагаад бүх юм замбараагүй болчихсон. Бид төрт ёсоо арай нэг өөр болгож цэгцлэх ёстой.

Тэгэхгүй бол нэг яйжгий цүнх барьчихсан, хэнээс юу салгах вэ, яаж үүнийг айлгах вэ, үйлчилгээний газраас бол яаж эндээс үнэгүй хоол идэх вэ гэдэг ч юм уу дандаа тийм “шарикууд” төрийн албаар дүүрэн байна. Би үүнийг ганцаараа хэлж байгаа юм биш, хүмүүс хэлж байна.

-Та түрүүн улс төрд орохгүй ээ гэж хэлсэн. Тэгээд хэдий болтол гаднаас нь дуугарч байх юм?

-Надад сонин хэвлэл байна. Тийшээ орох ямар ч хэрэгцээ надад байхгүй.

-Улстөрчид сонины бодлогод нөлөөлөх гэж оролддог нь нууц биш. Танд хэн нэгэн нөхөр тийм санал тавихад хэрхэн ханддаг вэ?

-Би бүх улстөрчтэй сайн, бүх улстөрчтэй муу. Миний өнөөдрийн байгаа байдал бол тэр. Хатуухан хэлэх юм бол тэд надаас айдаг. Яагаад гэвэл надад тэднээс гуйх юм байхгүй.

Би УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хэзээ ч болохгүй. Бие даасан байдлыг би Монголынхоо хэмжээнд бий болгож чадсан.

-Ц.Балдорж ямар ч улстөрчийн нөлөөнд автахгүйгээр өөрийн хана босгож чадсандаа бахархдаг уу?

-Бахархалгүй яах вэ. Энэ бол миний гол бахархал. Танай “Зиндаа” сонин ч гэсэн өөрийн гэсэн эдийн засгийн бат суурьтай болохоор хэн нэгний нөлөөнд автдаггүй байх гэж бодож байна. Хэрвээ та нар бат суурьтай болоогүй бол хүүхдэд зориулсан танин мэдэхүйн сэтгүүл гаргаад суухгүй, чадахгүй л байхгүй юу.

Тэгэхээр хэвлэл мэдээлэл хөгжихгүй байгаа биш хөгжиж байгаа. Эзэд нь л алаад байгаа юм. Хачин хөгийн хөгийн юм ярьдаг, хүнийг цусгүй алж байгаа эзэд байдаг. Тэгээд тэрүүгээрээ бахархдаг, мөнгө олж авдаг тийм улсаас бид салах л ёстой.

-Хүссэн, хүсээгүй таныг Н.Багабанди Ерөнхийлөгчийн нөлөөн дор үйл ажиллагаагаа эрхэлдэг гэж хүмүүс хардах дуртай байдаг?

-Энэ асуудлаар би нэг удаа АНУ-ын Элчин сайд Жон Дингертэй ярилцаж байсан. Ер нь америкчууд аль нэг орны дотоод хэрэгт оролцох, юм заах дуртай, дээрэнгүй улс шүү дээ.

Тэр зангаараа Монголд эрх чөлөөтэй сонин байхгүй, тэр нь та нарын өөрсдийн чинь буруу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь “Та монгол хэл мэддэг үү” гэж би тэр хүнээс асуусан.

“Үгүй ээ, надад орчуулж өгдөг” гэнэ. Та тэгвэл орчуулж өгдөг улсууддаа Багабандийг “Өнөөдөр” сонинд хэдэн удаа магтаж бичиж вэ, тэрийг тоолоод үзээрэй гэхгүй юү. Бид ажил төрлийг нь л мэдээлдэг. Одоо ч бид Энхбаярын юу хийж, яаж байна гэдгийг мэдээлдэг. Яагаад гэвэл өдөр тутмын сонины үүрэг нь энэ юм гэж би хэлсэн.

Би тэр хүнийг хүндэлдэг. Тэрнээс биш Багабанди ийм юм бич гэж надаар хэзээ ч бичүүлж байгаагүй. Би бичих ч үгүй. Өөрөө ч гэсэн улсуудад “Цаадах чинь буруу ишилсэн сүх шиг хүн. Тиймээс надаар гуйлгаад хэрэггүй ээ” гэж хэлдэг гэсэн. Харин надад нэг удаа “Ашгүй дээ, чи нэг ч гэсэн даргатай болсон нь” гэж байсан.

Манай бага охиныг хэлж байхгүй юу. Тэр бол өөрийнх нь сэтгэлийн үг гэж ойлгосон. Би түүнтэй найз болохоос нөмөр нөөлгө дор нь явна гэж хэзээ ч байхгүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн