Б.Чойжилсүрэнгийн “Хурд авто” компанийнхан татвараас зайлсхийжээ

Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтын гаалийн хяналтын талбайд ОХУ-аас Монгол руу оруулах гэж байсан “УАЗ-Фургон” загварын автомашинуудыг саатуулснаас хойш сар орчмын хугацаа өнгөрч байна. Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд авто” компани татвараас зайлсхийх гэж оролдон, тэдгээр автомашины суудлын тоог өөрчлөн гаалийн бүрдүүлэлт хийх гэж байсан талаар эх сурвалжууд хэлж байна.

Тэрбээр 2016 оны ХАСХОМ-тээ “Хурд авто” компанийг 100 хувь эзэмшдэг хэмээн бүртгүүлжээ. Алтанбулагт чухам юу болсныг энд тодруулъя. “Хурд авто” ХХК хойд хөршийн “Ульяновский автомобильный завод”-оос 70 машин авах гэрээ байгуулсан бөгөөд түүнийхээ үлдэгдэл болох 16-г нь энэ оны эхээр Монгол руу оруулах гэж байгаад гаалийнханд саатуулагдсан байна. Төрийн түшээ, Эдийн засгийн байнгын хорооны даргын эзэмшлийн компанийнхан албан ёсны эрхээ ашиглаж Монгол Улсын хууль журмыг уландаа гишгэж буйд хэргийн учир байгаа юм.

Тэднийхэн үйлдвэрлэгчээс найман суудалтай хэмээн тодорхойлсон машиныг 10 суудалтай болгож, нэмж тавиад 58 сая төгрөг төлж, онцгой албан татвар болох 52 саяас зайлсхийхийг завдсан бололтой. Ингэхдээ “Оросын тал андуурсан байна” гэх мэтээр мэдүүлжээ. Учир нь гаалиар нэвтрүүлж буй зорчигч тээврийн зориулалттай автомашин аль болох олон суудалтай байвал төлөх татвар нь бага болдгийг ашиглах гэсэн юм байх.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй шинэ Эрүүгийн хуульд зааснаар 50 сая төгрөгөөс дээш татвараа буруу тодорхойлсон бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах ёстой атал харин тэдгээр байгууллагынхан нуун дарагдуулахыг оролдож буй гэнэ. Бидний авсан мэдээллээр хууль зөрчсөн энэ үйлдлийг илрүүлсэн гаалийн байцаагчдыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтнууд өөрчилж, өөр байцаагч томилоод тэдгээр машиныг ОХУ руу буцаах гэж оролджээ.

Харин ОХУ-ын тал “Фургон”-уудыг хүлээн аваагүйгээс Алтанбулаг боомтын талбайд олон хоносон гэнэ. Сэдсэн ов мэх нь бүтэлгүйтсэн учраас суудлын тоог нь буцаан найм болгож бүрдүүлэлт хийн, онцгой албаны татварыг нь төлүүлсэн нэрээр энэ үйлдлийг дарж буй сурагтай. Нэг машиных нь татвараар тооцоо бодоод үзье. Найман суудалтай байсныг 10 болгож хоёр суудал нэмэхэд л 6.8 сая төгрөгийн татвар төлөх байснаас 50 хувь чөлөөлөгдөн 3.4 саяыг тушаадаг юм байна.

Үүнийг “Хурд авто” компанийн 2018 оны нэгдүгээр сард оруулж ирсэн, үлдэгдэл гэх 16 машинаар тооцвол улсын төсөвт орох ёстой байсан 52 сая төгрөгийн татварыг буруу тодорхойлж нуун дарагдуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 16 машин импортолсны татварт тус компани нийтдээ 108.8 сая төгрөг төлөх байсан ч суудлын тоог хоёроор нэмсний “ачаар” 58 саяыг төлсөн байгаа юм. Энэ асуудал нэгдүгээр сарын 5-нд орж ирсэн машинуудын бүрдүүлэлтийг 13-нд хийх үед болжээ.

Түүний дараа нэгдүгээр сарын 19-нд найман “Фургон” орж ирснийг нь саатуулаад буй нь дээрх зураг дээр байна. Нийтдээ 70 гаруй сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь гаалийнхны шалгалтаар нотлогдож, шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн ч Сэлэнгэ аймаг дахь Цагдаа, Прокурорын газрын ажилтнууд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэрэгсэхгүй болгосон аж. Гаалийн газрын эрх бүхий албан тушаалтан нь ч үүнд нөлөөлсөн бололтой.

Тиймээс Цагдаагийн газрын ахлах төлөөлөгч, хошууч Алтансүх, прокурор Энхтулга, Нямдэлэг, Гаалийн газрын дарга Дамдинхорол нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, МБА-ны Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, УЕПГ-ын Ёс зүйн зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагад шалгуулахаар болсон гэнэ. Түүгээр ч зогсохгүй хэдхэн хоногийн өмнө ЦЕГ-аас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт албаны шалгалт хийж энэ мэт гомдол мэдээллийг баталгаажуулан шалгахаар холбогдох хүмүүсээс нь тайлбар мэдүүлэг авсан сурагтай.

Жирийн иргэд таван хайрцаг жигнэмэг ОХУ-аас оруулж ирэхэд гаалийн бүрдүүлэлт дутуу хийсэн, худлаа мэдүүлсэн гээд торгуулж, арга хэмжээ авахуулдаг. Харин төрийн өндөр албан тушаалтны хувийн компани онц их хэмжээний татвараас зайлсхийхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой гэж хуульчилсан байтал зөрчлийн арга хэмжээ тооцож байгаа нь шударга ёсонд нийцнэ гэж үү.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

4 thoughts on “Б.Чойжилсүрэнгийн “Хурд авто” компанийнхан татвараас зайлсхийжээ

  1. зочин 2018-03-16 13:32 at 13:32

    ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭН ГЭЖ ЁСТОЙ МУУХАЙ УВС ХҮН БАЙХ ЮМ. ХҮНИЙ САНААНААС ГАРАМГҮЙ БҮХ МУУХАЙ ЗҮЙЛ ГАРНА, ШУНАЛ ГЭЖ ТОЙМГҮЙ ЛУЙВАРЧИН ЮМАА. ТОСОН БУМБЫН НУРУУГ ЗАЛГИЖ УХАЖ БАЙГАА ЛУЙВАРЧИН. МӨН АЛУУРЧИН. ХУРДЫН БАРИЛГА ДЭЭРЭЭС ОЛОН ХҮН УНАЖ ҮГҮЙ БОЛСОН, БАЛИАР ХАР МӨРТЭЙ МУУХАЙ ХҮН ШҮҮ. МӨН ОДОО УИХ-Д ДЭВШИХДЭЭ ЦАРЦААНЫ ТУСЛАМЖТАЙГААР ГАРЧ ИРСЭН ГЭЭД Л БАЙХ ЮМ. ҮХЭЭСЭЙ ДӨРВӨД ХҮН, ХҮН БИШ ГУАЙ.

    Хариулах
  2. Нэргүй 2018-03-16 13:39 at 13:39

    Чойжилсүрэн гэж эвгүй хүн дээ.к

    Хариулах
  3. зочин 2018-03-16 13:48 at 13:48

    Чойжилсүрэн Ми.Энхболдыг тэтгэж гарч ирсэн. Их л нотой нөхөр. Цаг хугацаа булхай луйварыг илчлэх тун ойртож байгаа даа.

    Хариулах
  4. зззз 2018-03-16 14:32 at 14:32

    Тэгээд нийтдээ 70 машин нь бүгдээрээ татваргүй орсон юм биш үү? Үлдсэн 16 гэхээр түрүүнд нь бусад нь орчихсон болж таарлаа.
    Яачихсан хорвоо вэ?Нэг хийвэл цөм хийчихдэг юм байна

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн