АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “ДЦС-4” компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг шалгаж эхэлсэн талаар баттай эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн шалгаж, албан өрөөнд нь болон гэрт нь нэгжлэг хийсэн. Өчигдөр АТГ-ын мөрдөгчид түүнээс тайлбар мэдүүлэг авсан гэдгийг прокурорын эх сурвалж баталлаа.

Энэ талаар “ДЦС-4” ТӨХК-ийнхнаас лавлахад “АТГ-ынхан шалгаж байгаа нь үнэн. Бидний цалинг сар бүрийн 10, 25-нд тогтмол олгодог юм. Гэтэл өнгөрсөн баасан гаригт нэгдүгээр гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар цалин буугаагүй. Учрыг лавлахад АТГ-ынхан байцаалт авч байгаагаас болж гарын үсэг зурж амжаагүй юм билээ. Чухам ямар үндэслэлээр шалгаж буйг бид мэдсэнгүй. Бас нэг албан тушаалтныг саатуулсан гэх мэдээлэл бий” гэв.

Бидний авсан мэдээллээр “ДЦС-4” компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяраас гадна “Хан хуур”, “Хаан хуур” гэх компанийн захирал Анхбаяр гэдэг хүнийг АТГ-ынхан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Харин үүнийг батлах, эсвэл үгүйсгэх хүн олдсонгүй.

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, хошууч генерал Б.Хурц зурагтын нэвтрүүлэгт оролцохдоо “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг “Хаан жимс” дээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, “ДЦС-4”-ийн захирал Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм.

Ц.Нямдорж Анхбаяр гэж хүүтэй, мөн Анхбаяр гэдэг хуурай дүүтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэй “Хан хуур”, “Хаан хуур” гэсэн компани хоёулаа Анхбаяр гэдэг захиралтай” хэмээн ярьсан. Үүнээс улбаалан шалгаж эхэлсэн гэх мэдээллийг албан бус эх сурвалжууд хэлж байна.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн