Идээний дээж архи гэх зүйл өнөөдөр монголчууд аль хэдийнэ автаж “живэх” болсныг гудамжинд гараад тав алхахад л харж болно гэхэд буруудахгүй. Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт өсч, монгол хүний сарын дундаж цалин сая төгрөг болсон гэх мэдээлэл байгаа ч иргэд тарчиг амьдарч байгааг нуух аргагүй.

Олон нийтэд эерэг дүр төрхөөрөө танигдаж, үеийнхээ залууст үлгэр дууриалал болж яваа Ч.Ганхжавхлан архи гэгч энэ ундаанд хөгшин залуугүй живж байгаад харуусчээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудастаа ингэж бичжээ. Тэрбээр ” Муулах их амархан юм аа, муусайн архичид арчаагүй юмнууд гээд хэлчихэд их л хялбар юм, төр засагт бүх бурууг тохчихоод санаа амарч болох л юм. Гэхдээ, яагаад ийм болчихов, яагаад ямар ч амьдрах итгэл урам зориг үгүй болов, яагаад ингэтлээ бид хазайчихав … Ард түмний тэмцэл ойрхон байгаа шүү гэж сүржигнэх ард түмэн маань архинд живж харагдана. Юун тэмцэх манатай ! Маш сул дорой байна … Ядруухан байна. Юу үлдэх вэ бидний үр хойчид ?” гэсэн байна. Өнөө өвөг дээдэс, эцэг эхийн сургаж захидаг “40 хүрээд дөнгөж амс” гэх үг хэдийнэ хумхын тоос болон замхарсан бололтой.

Манай улсад 21 наснаас дээш нэг сая 900 орчим хүн оршин сууж байгаагас нэг хүнд 8.5 литр архи, дарс, 47.2 литр шар айраг ногдож байгаа гэсэн судалгаа бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээлснээр улсын хэмжээнд архины үйлдвэрийн тоо буурч байгаа боловч архины худалдаа, үйлчилгээний газрын тоо хэмжээ нэмэгдсээр байгааг анхааруулсан юм. Бидний мэддэг боловч тоодоггүй энэ л асуудал өнөөдөр нийгмийн хамгийн эмзэг сэдэв болоод байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн