Монголын хөгжмийн урлагийн өнөө цагийн өнгө Б.Шарав

Б.Шарав гуайн бие сайжирч байгаа. Түрүү жил зургадугаар сарын эхээр болсон Хөгжмийн зохиолчдын холбооны хуралд сууж байсан хүн хорь гаруйхан хоногийн дараа Бээжинд хүнд, наймаг цаг үргэлжилсэн мэс засалд орсныг сонсоод цочирдож билээ. Банкин дахь арав гаруй сая төгрөгөө юань болгож аваад явсан, яаралтай мэс засалд орох гэхэд хараа гүйцэхгүй олон тоотой зардал шаардсан тухай дуулсан MCS компанийн удирдлага шуурхай арга хэмжээ авч тусалснаар анхны давааг давсан байлаа.

Энэ үед хүү Ш.Саруул нь аавынхаа биеийн байдлын тухай бичээд, цаашид химийн болон бусад эмчилгээ хийлгээд явахад гайгүй байх, тусалж дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлье гэсэн байсан юм. Мөн журмын анд Н.Жанцанноров нь эргэж очсон тухайгаа мэдээлж, “Сэтгэлийн эгшиг”, “Сэрсэн тал” хоёрын сонсогчид байхад Шарав босоод ирнэ ээ” гэснийг нь уншсан, мэдсэн хүн бүр хөгжмийн зохиолч Б.Шаравын эрүүл мэндэд санаа тавьж, туслах нь тусалж эхэлсэн билээ.

Үүнээс хойш олон сар өнгөрсөн. Хөгжмийн зохиолч Б.Шарав өдгөө эмнэлэгт цуврал эмчилгээ хийлгэж, гэртээ амарч хэвтэн, хотоос ойрхон газар агаар салхинд алхаж биеэ тэнхрүүлсээр байгаа юм. Багшийнх нь бие сайжирч байгааг дуулсан уран бүтээлчид, шавь нар нь очихгүй, эргэхгүй байж хэрхэн чадах билээ. Намраас хойш тэднийхээр хөлтэй байгаа. Сар шинээр золгож очсон нь ч олон. Б.Шарав гуай жин нэлээд хасаж, жижигхэн болсон тухайгаа “Хөнгөн, амар” гэж буй аж.

Хуучны хүний аливааг гүйцэд хийж байж санаа амардаг зан хаачих билээ. “Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжмөө симфони найрал хөгжим, Морин хуурын чуулгатай тоглуулах сан гэж уран бүтээлийн анд Ардын жүжигчин Ц.Батчулуунтай ярьж байжээ. Хоёул хамтарч ажиллах л байлаа. Хэлж ирдэггүй хөнөөлт өвчин хуурч нөхрийг нь аваад явчихад нэг хэсэгтээ ганцаардаа биз ээ. Сүүлд Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайханд энэ тухай ярихад нь маэстро даруй “Хэдүүлээ нийлээд хийе. Зөвхөн киноны хөгжим гэлтгүй нэг мөр томоохон тоглолт болгоё” гэж урам зориг нэмсэн аж. Ингээд түрүү жилийн эхээр тоглолт төлөвлөн ноот, цаас янзалж эхэлж байтал бие нь тавгүйтэж эхэлсэн байна.

Уран бүтээлчид налайж суух биш, дотоодоос хар аяндаа ундрах ид, “шид”-ийн аясаар бичиж, туурвиж, тоглож байх хойно, Улсын филармонийн уран бүтээлч хамт олон, Морин хуурын чуулгын залуусын дэмжлэгээр өдгөө хөгжмийн зохиолч сонсогчидтойгоо уулзахаар бие, сэтгэлээ бэлтгэж эхэлжээ.


Хөгжмийн зохиолч Б.Шаравын самсаа шархируулсан тансаг бүтээлүүдийг чих тавин сонсох ч энэ хүн хэн бэ гэдэг талаар хүмүүс бараг сонирхдоггүй мэт. Өөрөө ч уран бүтээл л ярина уу гэхээс элдэв юманд дургүй даруу нэгэн.

Тэрбээр Хэнтий аймгийн уугуул юм. Жаргалтхаан суманд малчин эцэг, эхийн хүү болон төрсөн. Нутагтаа бага, дунд сургууль дүүргэн, удалгүй улсын нийслэлийн иргэн болж, Багшийн сургууль хэмээх алдартай хамт олны нэгэн эд эс болсон түүхтэй. Төгөлдөр хуурын хар, цагаан даралтуудыг хатуу цаасан дээр зурж бэлтгээд, хаа яваа газраа гаргаж давтсаар, хаан хуур хөгжмөөр гаргуун тоглож сурсан хөгжмийн зохиолч байдаг гэдэг нь Б.Шарав шүү дээ. Энэ сургуулиа дүүргээд Нэгдүгээр арван жилийн сургуулийн дуу хөгжмийн багшаар гурван жил ажиллах хугацаандаа тэнд бага ангийн багш З.Түмэнжаргалтай хамтарч дуу зохиож эхэлсэн түүхтэй. Найрагч найзынхаа шүлгүүдэд “Багш та”, “Сургууль минь баяртай” дуунуудаа зохиосноос хойш тэд 40-өөд жил хамтарсан, уран бүтээлийн үй зайгүй андууд юм.

hogjmiin%20zohiolch%20sharaviin%20toglolt%20(109) Монголын хөгжмийн урлагийн өнөө цагийн өнгө Б.Шарав

Б.Шарав 1975-1983 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуульд суралцаж төгсөөд Хөгжим бүжгийн дунд сургуульд ажиллаж эхэлсэн. Тэнд багшилсаар, зохиосоор хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр олон зуун бүтээл төрүүлсэн урлаг соёлын нэрт зүтгэлтэн болсон билээ.

Уралын консерваторид сурч байхдаа зохиомжийн чиглэлийн анхны бүтээлүүдээ гаргасан. Курсийн ажлын хүрээнд I симфонио бичив. Улсын филармонийн байр төв талбайн урд байхад уг I симфонио тоглуулахдаа ах дүү нараа урьж үзүүлж л дээ. “Зөвлөлтөд том сургуульд сурч байгаа нөхөр мундаг болсон байх ёстой, хийсэн бүтээснийг нь сонсъё” гэсээр ирсэн хүмүүс өнөөх симфонийг нь ихэд “сэжигтэй” хүлээж авав. Тоосон, ойлгосон, дурласан шинж байсангүй.

Тэгэхээр нь залуу хөгжмийн зохиолч “ Юу болохгүй байв, яагаад монгол хүний бичсэн хөгжим монгол хүмүүст таалагдахгүй, чихнийх нь гадуур алдагдаад, сэтгэлийг нь шүргэх ч үгүй байв” хэмээн боджээ. Монгол хөгжмийн зохиолч юм бол монгол хүн сонсох хөгжим бичих ёстой гэж үзсэн оюутан сургуулиасаа жилийн чөлөө авч, эх орондоо судалгаа хийжээ. Монгол үндэстнийхээ соёл, өв, урлаг, тэр дундаа хөгжмийн урлагийг сайтар судалснаар монголчууд уртын дуу, морин хуур, хөөмий, бүжиг зэрэг дэлхийд хосгүй уламжлалт урлагтай юм байна, бид үүнийг орчин үеийн хөгжмийн урлагт тусгах, боловсруулах хэрэгтэйг ойлгожээ.

Түүний бодол, хүсэл, алсын хараа зөв гэдэг нь дараа жил нь бичсэн II симфониор нь нотлогдлоо. 1988 онд олон улсын хөгжмийн наадмын хүрээнд тухайн үеийн Ленинград хотын Улсын филармонийн Д.Шостаковичийн нэрэмжит концертын танхимд уг бүтээлээ тоглуулахад үзэгчид алмайран алга ташиж хүлээн авчээ. Нэртэй хөгжмийн зохиолчид, хөгжим судлаачид баяр хүргэв. Тэр тоглолтыг үзсэн монголчууд, хөгжим судлаач Н.Жанцанноров, Б.Батжаргал, хөгжмийн сургуулийн оюутан Г.Ганцэцэг нарын үзэгч хөгжмийн зохиолчоор тун ч бахархжээ. Тэр үед төрсөн мэдрэмж, хөглөгдсөн сэтгэл, эрчилсэн оюуныхаа хүчээр Б.Шарав өнөөдрийг хүртэл монгол хүний оюуны чадавхыг дэлхийд таниулсан бүтээлүүдээ туурвисаар ирсэн ч биз ээ.

Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын уран бүтээлийн дээжээс сонсгох “Их дуурьсал” тоглолтыг Улсын филармони, Морин хуурын чуулга санаачилсан бөгөөд энэ сарын 17-нд “Корпорэйт энд конвеншн сентр”-т зохион байгуулах гэж байна. Тус концертын танхимд тоглолтоо хийх боломжийг “Корпорэйт”-ийн Т.Ганболд захирал олгожээ. Тоглолтыг ДБЭТ, “Голомт” банк дэмжин ажиллаж байгаа юм. Хөгжмийн зохиолч “Өнөөдөр” сонины ярилцлага хийе гэсэн хүсэлтийг хүндэтгэж хэвлэлийн хуудсаар дамжуулан олон нийттэй уулзъя гэж байсан юм. Гэвч хүчээ нөөж байгаад тоглолтоо ирж үздэг юм уу гэхэд нь шавдуулж шахсангүй. Б.Шаравын хөгжим гайхамшигтай болох тухай мянгантаа давтаж бичээд яах билээ. Сонсох л хэрэгтэй.

“Их дуурьсал” тоглолт гурван хэсгээс бүрдэж буй. Эхлэл хэсэгт ард түмний байнга сонсож байдаг “Тэнгэрийн орон” симфони удиртгал, “Гэгээн алсад одохуй”, “Баярын уянга”, “Манан”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг бүтээлийг тоглоно. Эдгээр зохиол монголчуудын амны уншлага болсон атал заримыг нь Шаравынх гэж оноож хэлж мэддэг нь бий, үгүй нь ч бий. Тийм дотно, ардын дуу мэт болсон. Энэ хэсгийн оргил бүтээл нь морин хуур, симфони найрал хөгжмийн концерт юм. Морин хуурч Р.Амарбаяр гоцолж тоглох бөгөөд дөрөвц болон тавцын хөгтэй хоёр хуураар ээлжлэн тоглоно.

Тоглолтын хоёр дахь буюу хөгжих хэсэгт Гавьяат жүжигчин Ө.Уянга, Г.Ариунбаатар нар хөгжмийн зохиолчийн шилдэг дуунуудаас үзэгчдэд хүргэнэ. Тэд дуу, ардын дууны найруулга, ари гэсэн төрөл тус бүрт нэг нэг, өөрөөр хэлбэл, нийт зургаан бүтээл сонордуулах юм. Гоцлол дуучин Ө.Уянга хөгжмийн зохиолчийн “Бүүжидмаа” ардын дууны найруулга, “Таны төлөө дуулъя” дуу, “Чингис хаан” дуурийн Хадааны ари дуулна. Харин гоцлол дуучин Г.Ариунбаатар “Гавалмаа бүсгүй” ардын дууны найруулга, “Монголын тал нутаг” дуу, “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари дуулах юм.

“Их дуурьсал” тоглолтын төгсгөлийн буюу гол хэсэгт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы бүтээл “Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжмөөс сонордуулах юм байна. Нэрт хөгжмийн зохиолч уг киноны хөгжмийг туурвиж дуусгах үедээ студид бичүүлж, CD болгуулан хүмүүст бэлэглээд дууссан юм билээ. Одоо өөрт нь нэг ширхэг ч байдаггүй. Тоглолтыг зохион байгуулагчдад ганц цомог байгаа нь өнөөдөр алга болговол алдас болох эрдэнэ мэт болжээ. Тийм ч болохоор нь Филармонийнхон хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудыг хөрвүүлж, гар бичмэлийг нь шивж янзлах талд санаа тавьж эхэлсэн байна.

“Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжим 30 гаруй жижиг хэсгээс бүрддэг бөгөөд одоо болох тоглолтоор 14 хэсгийг нь хоёр оркестр хамтран тоглож сонсгоно. Зарим дүрслэл, зураглал хөгжмийн үргэлжлэх хугацаа хоёр минут байх жишээтэй, тийм өвөрмөц. Энэ үдэш сонордуулах бүтээлүүдийг хөгжмийн зохиолч өөрөө сонгосон бөгөөд найрал дуу, уртын дуу, хөөмийтэй хэсгүүдийг илүүтэй шилжээ. Киноны хөгжмөөс дуу бичлэгийн студиуд, телевизийнхэн янз бүрээр, ялангуяа Монголын түүхтэй холбоотой материалуудад зөвшөөрөлтэй, үгүй ашигласаар “Бөртэ хатан”, “Гэрэгэ”, “Андын дуулал”, “Дурсамж” зэрэг хэсэг нь хэдийнэ олон нийтийн танил болсон. Гэсэн ч заримыг нь Б.Шаравынх гэж мэддэггүй хэвээр.

Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга хамтран тоглож, ДБЭТ-ын найрал дуучид дуулж, дуурьсгаж, Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн өнөө цагийн, цэцэглэн мандаж буй үеийн өнгө төрхийг тодорхойлогчдын тэргүүн магнайны хөгжмийн зохиолч Б.Шаравын оюуны чадавх, сэтгэлийн галыг мэдрүүлнэ. Түүний хөгжмийг сонссон монгол хүн бүрийн сэтгэл хөдөлж, нэгийг бодож, хоёрыг тунгаадаг. “Их дуурьсал” тоглолт үүнээс илүүг үзэгчдэд хэлнэ.

Саяхан СУИС-д болсон тус их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжмийн онолын тэнхимийн хөгжмийн зохиолч багш нарын дууны бүтээлийн концертоор ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав ээж хоёр минь”-ийг дуулж, хөгжмийн зохиолчийн хүү Ш.Саруул төгөлдөр хуурт тоглосон юм.

Тэгэхэд хөтлөгч Н.Жанцанноров “Монголчууд бид “Санта лучия” гэж сурмаг дуулдаг шиг удахгүй, магадгүй 30 жилийн дараа италичууд энэ дууг өөрийн юм шиг дуулж байх вий. Үүний тулд бид өнөөдрөөс гадаадын дуучид монгол ари, романс дуулж өрсөлддөг уралдааныг эх орондоо зохион байгуулдаг болох хэрэгтэй байна. Би спонсор олсон шүү. Нэгдэж зохион байгуулах л шаардлагатай” гэж байлаа. Б.Шаравын энэ дууг өнөөдөр Ази, Европын олон орны нэр хүндтэй тайзан дээр Монголын болон гадаадын дуучид дуулсан. Олон улсын уралдаануудын шүүгчдийн хамгийн дуртай дууны нэг болсон.

Ганц энэ дуу нь биш, түүний туурвиж бүтээсэн олон зохиол дэлхийн тавцанд хэдийнэ тоглогдсон. ЮНЕСКО хамгаалалтдаа авсан нь ч бий. Энэ бүхний талаар “Их дуурьсал” тоглолтоор ярих болно.

Эх сурвалж: 

download Монголын хөгжмийн урлагийн өнөө цагийн өнгө Б.Шарав

  • WordPress
  • Facebook

2 сэтгэгдэлтэй

  1. Сайхан мэдээ. Энэ тоглолтоо үзээд бие нь улам сайхан болно. Монголчуудын сэтгэл, эх орны байгаль цаг агаар нь танд рашаан болно. урт удаан насалж хөгжмийн урлагт гяалзаж явахыг хүсье.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.