Т.Баярхүү: Эртнээс Монголчуудад дөрвөн улирлын тахилгаас өөр нийтийг хамарсан баяр ёслол гэж байгаагүй

  1. Дөрвөн цагийн улирлыг шинжихүй.

Эртнээс Монголчуудад дөрвөн улирлын тахилгаас өөр нийтийг хамарсан баяр ёслол гэж байсангүй. Энэ нь:

9 сарын 22. НАМРЫН ШИНЭЛЭЛТ. Өдөр шөнө тэнцэх тохиолдол. Хүн мал нэгэн насыг нэммүй. Жишээ нь бич жилийн хаврын төл, намар шинэ жил, тахиа жил гарсан учраас хэдүй 6 сартай ч нэгэн нас нэмж ХУРГА НЬ ТӨЛӨГ, ТУГАЛ НЬ БЯРУУ, БОТГО НЬ ТОРОМ, ИШИГ НЬ БОРЛОН, УНАГА НЬ ДААГА болдог учраас мэндийн үг нь ” төлөг сүүлтэй, даага далантай, бяруу булчинтай, тором ноостой, борлон таргатай сайхан шинэлж байна уу ? гэдэг.


12 сарын 22. ЕСӨН ЕС эхлэх хамгийн богино өдөр, хамгийн урт шөнөтэй өдөр эхлэнэ. Бүр эртдээ өвлийг өнтэй давахын тахилга байснаа ИХ ЭЗЭН ЧИНГИС хааны төрсөн өдрийн ба ХҮҮ НЬ ЦӨГЛӨН ХҮН болж мэндэлсний ТАСМАН ТАХИЛГЫН өдөр болсон.

3 сарын 22. ӨДӨР ШӨНӨ ТЭНЦЭХ. Хаврын сүү сүргийн их тахилга. Таван хошуу малын төл дэлгэрч сүү сааль ундарч эхлэсэн төдийгүй туурт амьтан гөрөөснүүд төллөсөн цагийн тахилга. ЧИНГИС хаан энэ өдөр 99 гүүний " "САЧУЛА САЧИБ" ( Сацал сацав) гэж тахилгын өчил зэрэг түүхэн сурвалжуудад, бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг.

6 сарын 22. ХАМГИЙН УРТ ӨДӨР, БОГИНО ШӨНӨ тэй өдөр. Зуны эхлэл. Ингээд дөрвөн улирлын тахилга угтахуй, хүн амьтан, ургамал, байгалын элдэв үзэгдэл тухайлан шинжих сар, өдөр зэргээр жичлэн шинжиж аж төрөл цаг үеэ зохицуулдаг байжээ. ( Монгол Зурхайн онол мэдлэг хэсгээс уншина уу?)

Хаврын өнгө шинжихүй ( Григорийн тооллын 3 сарын 22 ноос 6 сарын 22)

Хар турлиах, тогоруу тоодог эрт ирэх, зөгий үүрнээсээ эрт гарах нь урьхан хавар болохын шинж. Урд намрын дунд сарын 15 ны үдээс хойш цэлмэг тунгалаг бол ирэх хавар өдөр шөнийн тэнцэл эхнээсээ дулаан байна. Хавар нар мандар үедээ үе, үе хүрээлбэл хахир хавар болж хүн малыг сульдаана. Хар хэрээ, турлиах, цахлай гуйгалалдах нь хавсаргалах шинж гэх мэт...

Зуны өнгө шинжих( Григорийн тооллын 6 сарын 22 ноос 9 сарын 22)

Тэр жилийн зуны эх ( Григорийн тооллын 6 сарын 22 хамгийн богино шөнө урт өдөр) могой нүхнээсээ гарч ил явах, ногтруу бутанд шургах ойр ойр нисч буун өд сөдөө сэгсрэх нь хуртай зун болох шинж. Зуны анхны бороо мөндрөөр эхлэвэл хурсаг, зундаа үе үе дуутай бороо цахилгаан цахиж улмаар удаанаар шиврэх нь салхины чиг чанх хойноосоо голдуу байвал гандуу зунших, Туулай гөрөөс зэрэг хээрийн амьтад орой гуужвал сэрүүн зуны шинж гэх мэт...

Намрын өнгө шинжих ( Григорийн тооллын 9 сарын 22 ноос 12 сарын 22). Голио их шийгвэл сайхан намаржих. Хөхөө шувуу зуны эхэн сараасаа эрт дуугарвал намар урт, ногоо гандсан, Хөглөр сар ( зуны адаг буюу Григорийн 8 сарын дундаас 9 сарын дунд хүртэл) тэнгэр дуугарвал дулаан намар болно гэх мэт олон шинж тоочно.

Өвлийн улирал шинжих. ( Григорийн 12 сарын 22 ноос 3 сарын 22)

Модны навч доод талаасаа унасан мөн анхны цас эрт орсон ч өвсний толгой цантаагүй бөмбөрлөагүй бол өнтэй өвөлжих. Хэрэм модны оройд үүрээ зассан бол дулаан, хонины хүзүүний ноос халцхай тачир бол мөн өнлөг ( өнтэй) өвлийн шинж. Уулын амьтан тал руу буух, зэрлэг ан гөрөөс усанд ойрхон ирэх нь хүйтэн өвлийн, хэрэм модны оройд биш доохно мөчир дунд нуусан маягтай үүрээ засах, тарвага гэх мэт ичээний амьтад нүхний амсраа зайтай гүн түгжих, нүүдлийн шувуу эрт буцах нь хүйтэн өвөл болохын шинж. Мөн навч бүрэн унахгүй байх шинийн хоёрны сар гэдэргээ харж өеөдсөн, өдрөөр хяруу унах, хялмаа хаялах, намар орой бороо зүсрэн орох зэрэг нь хар хүйтэн өвөл ёрлох. Үнэг хярс амгалан байх, уулын бор гөрөөс намрын эхний цаснаар модны зах хамар хяр газар хэвтрээ зассан харагдвал, ухна их хойрго байх, зурам ичээлэхгүй, цагтаа ичсэн тарвага дахин гарч ирэх, нүүдлийн шувуу буцахгүй байх нь өвөл өнтэй дулаан эхлэхийн шинж. Сарлаг зэлэндээ сүжрэх, хээр хонох нь дулаан өвөлжихийн шинж гэх мэт үй олон ШИНЖ- ТЭМДЭГ- ДОХИО г ажиглан мэдсэн нь Өвлийн улиралд ихэд анхаардгийнх болой.

  1. Амьтнаар байгал шинжих ЭРДЭМ ЁС.

Таван хошуу малын бэлчээрлэх, идэшлэх, хэвтэх зэрэг байдал, ан амьтны хэвийн биш үйл хөдлөл зэргээр улирал цаг агаар, өдөр шинжих өч төчнөөн эрдэм түгээмэл. Өнгөц жишээ татваас:

Өглөө мал эрт босч бэлчих гэж үймэх нь тэнгэр сайхан байх, өглөө харахад хонь салхи сөрөн, адуу таруу бэлчсэн, үхэр энд тэнд задхай хэвтэх нь мөн сайхан өдөр болохын шинж. Энэчлэн тэмээ өөрсдөө бэлчээрт гарах, хараацай өндөрт нисэх зэрэг нь мөн л аятай таатай өдөр өнгөрөхийн шинж гэх мэт. Эдгээр шинжээс ухаарал авч дотоод аж төрлийн ухаан болгохдоо дөрвөн улирлын аль ч цагт өглөө малаа бэлчээхдээ заавал үхэр цагт бэлчээх. Энэ нь нар унийн дунд ирэх үе юм. Яагаад гэвэл зун хар чийг хатаагүй бол малын махлалтанд муу, намар шүүдэр хяруу дэгдэхээс өмнө малын дороос жиндээж хайруулах, өвөл бол цан жавар арилаагүй өөхөн тарга тураах, хаварт өдрийн наранд гэссэн шөнийн хөлдөөс хайлаагүй тул төллөх мал жилбэгүй төрөх хээл хаях гэж цээрлэнэ.

Эх сурвалж: http://www.sonin.mn/news/politics-economy/88508

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.