Хүүхдэд усан үзмийг заавал зүсч өгч байгаарай

Анжела Хендерсон бүх аав ээжүүдэд сургамж болгох үүднээс хүүгийнхээ рентген зургийг олонд дэлгэжээ.

Тэрбээр хүүдээ тохиолдсон нэгэн золгүй явдлыг Facebook хуудсараа дэлгэж, олонд анхааруулсан байна. “Эцэг эхчүүдэд анхааруулахад. Энэ рентген зураг дээр юу байгааг та нар мэдэх үү? Энэ бол миний 5 настай хүүгийн амьсгалын замд тээглэсэн усан үзэм” хэмээн бичжээ.

Яагаад ийм юм болов?

Хендерсоны тайлбарлаж байгаагаар хүүхдүүд хоолоо сайн зажилж идэхгүй байх нь элбэг. Ялангуяа тоглоом тоглохоор яарсан үедээ хоолоо зажлалгүй залгиж орхидог. Харин Хендерсоны хүүгийн амь насыг аврахын тулд ерөнхий унтуулгатай мэс засал хийхээс өөр аргагүй болжээ.

1-5 Хүүхдэд усан үзмийг заавал зүсч өгч байгаарай


Тэрбээр “Болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Багахан ч атугай эргэлзэж л байвал усан үзмийг нь бүгдийг нь жижиглэж хэрчиж өгч байгаарай” хэмээн анхааруулсан байна.

Хендерсоны бичсэн анхааруулга олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд нэлээд маргаан дэгдээж байна. Олон эцэг эхчүүд усан үзмэнд бурууг тохохыг эсэргүүцэж байгаа аж. Тухайлбал, хүүхдүүд өдрөөс өдөрт “Хоолоо сайн зажилж ид”, “Явдал дундаа бүү ид”, “iPad-аа унтрааж, идэж буй зүйлдээ анхаар” зэрэг олон заавар дундаас одоо усан үзмийг нь жижиглэж ам руу нь хийхдээ тулаа юу гэж үзэж байна.

Гэсэн ч хүүхдийн эмч нарын анхааруулж байгаагаар усан үзэм нь хүүхдийн хоолойнд бус, амьсгалын замд орчихвол үхлийн шалтгаан болох эрсдэл өндөр гэнэ.

Тиймээс Хендерсон “Үүнийг бүх насныхан мэдэж байвал ашигтай гэж бодсон юм. Интернэтэд томчууд бие биеийнхээ ам руу усан үзэм болон бусад жимс шидэж тоглож буй өчнөөн бичлэг явдаг шүү дээ. Гэтэл ийм аюултай гэдгийг мэддэггүй” гэж бичжээ.

Тэгвэл хүүхдүүдээ аюулаас хэрхэн сэргийлэх вэ?

-Юуны өмнө усан үзэм, жижиг улаан лоолийг хүүхдүүдэд хэрчиж өгч байх

-Хоолны үеэр хүүхдүүдээ ширээнд суулгаж, сайтар зажлуулж, яаруулахгүй байх

-Хахсан үед анхны тусламж хэрхэн үзүүлэх зэргийг эцэг эхчүүд заавал мэдэж байх

Зарим эмч нар усан үзмийн савлагаан дээр буруу хэрэглэсэн тохиолдолд ямар эрсдэлтэй тухай анхааруулга заавал тавьж байх хэрэгтэй гэж үздэг.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.