ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улс ажиглагчаар оролцоно

Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзсан байна

Ноён Элчин сайд Монголын ард түмний үндэсний баяр цагаан сар тохиож буйг тохиолдуулан УИХ-ын даргад баяр хүргээд, гуравдугаар сарын 18-нд болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Монгол Улсын парламентаас ажиглагч оролцуулах тухай Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нарын албан ёсны урилгыг гардуулан өгөв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд урилгын дагуу Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулахаа илэрхийлээд, хоёр орны хооронд тогтоосон уламжлалт, найрсаг харилцааг хадгалж, стратегийн түвшний харилцаагаа улам гүнзгийрүүлж, үүний дотор өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцлов.

f16a92_318f64c5-0885-4b96-a735-3f50756ea55d_x974 ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улс  ажиглагчаар оролцоно

Тэрбээр Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.Матвиенко, Төрийн думын дарга В.Володин нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх урилгатайг дахин нотлоод, айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг ноён элчин сайдаас хүслээ.

Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөсний дараа уг айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.