Бид жингээ хасна, өөхөө шатаана гэж байнга ярьдаг ч энэ үйл явц хэрхэн явагддаг талаар ямар ч ойлголтгүй байдаг.

Ихэнх хүн өөх нь ямар нэгэн энерги, эсвэл дулаан болж хувирдаг гэж үздэг. Харин зарим нь өөх нь булчингийн эд, эсвэл яс болон хувирдаг гэдэг билээ. Тэр ч битгий хэл өөхний эсийг устгах боломжгүй ч гэдэг хүмүүс бий.

Үнэндээ эдгээрийн аль ч нь зөв хариулт биш.

Шинэ Өмнөд Уэльс дэх их сургуулийн эрдэмтэд нэгэн шинэ судалгаагаараа биеийн жин хасах үед өөх хаачдаг болохыг тогтоожээ. Тэд биохимийн үндсэн мэдлэгт үндэслэсэн сонирхолтой тайлбар хийсэн байна. Хэрэг дээрээ бид илүүдэл жингээ нүүрсхүчлийн хий болгон гадагшлуулдаг ажээ. Нүүрсхүчлийн хий, ус бол бие махбод дахь өөх, нүүр усыг задалснаас үүсдэг эцсийн бүтээгдэхүүн юм. Илүүдэл нүүрс ус нь триглицерид (өөхний шинжлэх ухааны нэршил) болон хувирдаг. Харин турахын гол зорилго бол өөхөн эдэд нөөцлөгдсөн энэхүү триглицеридийг задалж, гаргах юм.

Австралийн эрдэмтэд хүн 10 кг өөхийг хайлуулахын тулд 29 кг хүчилтөрөгчөөр амьсгалж, 28 кг нүүрсхүчлийн хий, 11 кг ус гаргах шаардлагатай гэж тооцоолжээ.

Үүнээс гадна эрдэмтэд өөхний хэчнээн хувь нь хий байдлаар, хэдэн хувь нь ус байдлаар гардгийг тооцоолсон байна. 10 кг өөхний 8,4-ийг нь уушгиар гаргадаг бол дөнгөж 1,6 хувийг нь шээс болон хөлс болгож гадагшлуулдаг байна.

Тэгэхээр өөхийг задлахад амьсгалын эрхтнүүд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Гэхдээ турахын тулд байдгаараа гүнзгий амьсгал аваад гаргаад бай гэсэн үг биш. Илүүдэл амьсгалаас болж уушги хэт их агаараар дүүрч, ухаан алдах, дотор муухайрах шинж тэмдэг илэрдэг. Үүний оронд спортоор хичээллэж, хоол хүнсээ зохицуулах нь чухал ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн