Арнольд Шварценеггерийн армид алба хаасан сонирхолтой түүх

Арнольд Шварценеггер 1965 онд 18 настайдаа Австрийн армид татагдсан билээ. Арнигийн ярьснаар тэрбээр ээж аавынхаа гэрээс зугтахын тулд армид алба хаана гэж сайн дураараа элссэн гэнэ. Шварценеггерийг танкийн дивизэд хуваарилсан байна. Энд тэрбээр механикийн ойлголттой болж, танкнаас гадна мотоцикл, суудлын болон ачааны машин, тэр ч бүү хэл гинжит трактор хүртэл унаж сурчээ.

Калифорни мужийн амбан захирагч асан, терминатор Арни армид алба хааж байсан тухайгаа ийнхүү дурсаж байна.

“Нэгэн удаа би армиасаа дураараа гарч, Штуттгарт ороод, тэндээ 1965 оны Европын залуучуудын хамгийн сайхан биетэй тамирчин цолыг авч билээ. Харамсалтай нь сургалтын лагерь дээрээ иртэл намайг сахилгад хийгээд, би бүтэн өдөржин камерт суусан. Дараа нь дарга нарт миний ялсан тухай мэдээ хүрч, намайг чөлөөлсөн.

Би бүхий л ажлаа нягт нямбай гүйцэтгэдэг байсан ч янз бүрийн таагүй зүйл их тохиолддог байлаа. Механикч жолоочтойгоо шөнө, танкныхаа дэргэд хонохоос өөр аргагүй үе ч гарч байсан. Бид газарт гүн биш нүх ухаад түүн дотор хөнжлөө дэвсэж, дээгүүрээ танкаараа дарж хонож байлаа. Зэрлэг гахайнаас хамгаалах гэж л тэр шүү дээ.

Нэг удаа бид горхины дэргэд буудаллатал шөнө сэрээд дээгүүр минь юу ч байхгүй болохыг анзаарсан. Танк хааччихав аа! Өндийгөөд хартал танк маань 30 алхмын зайд байх бөгөөд урд хэсэг нь ус руу орж, их буу нь лаг шаварт булагдчихсан байсан. Би гар тормозоо татахаа мартчихсан байж л дээ. Ингээд бид 80 тоннын чирэгч дуудахаас өөр аргагүй болж, танкаа уснаас гаргах гэж хэдэн цаг болсон. Дээд орой хэсгийг нь авч, их буугаа зэвсгийн урланд цэвэрлэхээс өөр аргагүй болсон. Энэ үйлдлийнхээ төлөө хэдэн өдрийн турш сахилгад сууж билээ.

Нэг өглөө би хөдөлгүүрээ асаагаад суудлаа тохируулж байтал бага зэрэг чичирхийлж байгаа нь мэдрэгдэв. Би  ч “Тогтвортой болгохын тулд хий нэмэх хэрэгтэй байх” гэж бодлоо. Ингээд би хий нэмтэл өнөөх чичирхийлэл чинь улам нэмэгдэж байна шүү. Тэр үед л би агаарт тоос дэгдэж байгааг анзаарсан юм. Люкнээсээ гарч ирж хараад л би зөвхөн хөдөлгүүрээ халаахын оронд ухрах араандаа хийсэн болохоо мэдсэн юм. Танк ангарын хана руу дайран орж байх юм. Гэнэт ямар нэгэн хоолой хагарч, ус шүршсэнээ бензин үнэртэж байлаа. Би ч үсэрч гараад аавынхаа танил ерөнхий офицерыг хайж эхлэв. Түүнд л найдахаас өөр аргагүй гэж бодож байлаа. Өглөөхөн түүнтэй таарахад “Би танай аавтай саяхан дайралдаж, чамайг ямар сайн байгааг хэлсэн” гэж хэлж байсан юм. Би ч түүн рүү гүйж очоод:

-Ноёнтон, би бага зэрэг эвдрэл гаргачих шиг боллоо гэлээ.

Өнөөх офицер ч тун сайхан зантайгаар:

-Санаа зоволтгүй ээ. Арнольд минь юу юм бэ дээ? гэж байна.

-Та өөрөө харсан нь дээр байх даа. Тэгтэл тэр:

-Явцгаая гэлээ.

Тэр миний дал мөр рүү алгадсаар, “Зүгээр ээ” гэсээр тун сайхан ааштай дагуулаад очтол  танк хана мөргөсөн байдалтай, цэргүүд ус цацан гүйлдсэн байдалтай байхыг харав. Түүний надад хандах хандлага тэр дор нь хувирч, намайг элдэв бусаар нэрлэснээ аавд чинь хэлнэ, өмнө нь сайн гэж байсан нь худлаа байж хашгичиж өглөө. Түүний гүрээний судас хүртэл гүрэлзэж байлаа. Дараа нь тэр бага зэрэг тайвширснаа “Намайг үдийн хоолноос ирэхэд бүх зүйлийг сэргээн зассан байгаарай” гэж эрс хэлэв. Энэ бол миний шийтгэлээс гарах цорын ганц арга байсан юм. Цэргүүдээ цуглуулаад янзал гэв.

Армид бүх зүйл бэлэн байсан юм. Дивиз маань өөрийн гэсэн чулуу засагч, сантехникч, барилгын материалтай. Азаар дээвэр нь эвдрээгүй, ямар нэгэн аймшигтай зүйл болоогүй байсан. Миний танк ч гангаар хийсэн юм болохоор ямар ч эвдрэл гараагүй. Залуус миний паянг шоолон инээлдэж, бүгд л тусалсан болохоор шийтгэлийн арга хэмжээ аваагүй. Үд дунд гэхэд хоолой, ханыг сэргээж, бүх зүйл хатахыг хүлээхээс өөр аргагүй болж билээ. Энэ явдлаас болж долоо хоног тасралтгүй төмс арилгасан.

1966 онд хавар арми надад тохирохгүй, заавал явах шаардлагагүй юм байна гэсэн бодол орж ирэх болсон. Би цагаасаа өмнө халагдах рапорт өгтөл хэдэн сарын турш ямар ч хариу ирээгүй. Хаврын сүүлчээр манайх 12 цагийн шөнийн сургалт эхэлсэн юм. Шөнийн хоёр цагт рот толгодын оройд байрлалаа эзэлж, тэндээ үдлэх захирамж авлаа.

Би танилтайгаа чалчиж зогстол тэр “Саяхан М-60-ийн шинэ загвар “Паттон” хэмээх танк авсан. Дизель хөдөлгүүртэй, чинийхээс ч хурдан” гээд л сайрхаж өгөв. Би ч тэвчилгүй, үүнийг батал гээд толгодын уруу руу хар хурдаараа тэмүүллээ. Уг нь би зогсох хэрэгтэйгээ мэдэж байсан ч түрүүлсэн. Танкны маань бусад нөхөд айж, намайг зогсоорой гэж хашхирч байв. Харин би болохоор хоёр тахь танкны механикч жолооч түрүүлэхийн тулд зориуд өдөж байна гэж бодож байлаа. Толгодын уруу руу буугаад би М-60-ыг хайж эхлэв. Энэ үед л амь амьдрал нь шийдэгдэх гэж байгаа мэт танкны маань орой хэсгээс тас зуурсан нэг цэрэг байгааг анзаарсан юм. Тэрнээс гадна хоёр явган зэрэг намайг доошлох үед арын хэсэгт суусан ч өнөөх хоёр нь замдаа үсэрч буугаад, тэр л ганцаараа үлдэж л дээ.

Бид гэрлээ асаагаад толгод руу алга болсон хоёр цэргээ дайрчихгүйн тулд алгуурхан өгсөж эхэлсэн юм. Азаар хэн нь хүнд бэртээгүй байсан. Биднийг толгодын орой дээр гарч ирэх үед гурван офицер жийптэй хүлээж байлаа. Би ч тэдний өмнүүр юу ч болоогүй мэт өнгөрч, танкаа байранд нь тавьсан юм.

Ингээд люкнээсээ дөнгөж гарч иртэл гурван офицер зэрэг шахам над руу хашхирав. Би ч тэднийг хашхирч дуустал номхон зогсоод л байлаа. Ингээд хашхиралдах нь намжмагц нэг офицер нь урд ирээд намайг цоо ширтсэнээ хөхөрч эхлэв.

-Механикч жолооч Шварценеггер. Танкаа ийш нь дөхүүл дээ.

-Ойлголоо.

Би ч танкаа заасан газар нь байрлуулав. Люкнээсээ гарч ирээд л би гүн шавартай газар зогссоноо мэдлээ.

-Харин одоо механикч жолооч Шварценеггер минь, танкныхаа доогуур мөлхөөд, дээш авирч гараад, дотогш орж, буцаж гарч ирээд дахин доош мөлх. 50 удаа давтаарай гэв.

Дөрвөн цагийн дараа дуусахад би 10 килограмм шавартай холилдож, хөдөлж ч болохгүй болов. Бас 50 орчим килограмм шаврыг танкан дотроо орохдоо үлдээсэн гээд бод доо. Бааз дээрээ очоод бүгдийг нь цэвэрлэх ажил гарсан даа. Тэр офицер намайг сахилгад долоо хоног суулгасан. Тэр шийтгэл нь ч сайн зүйл болсон.

Энэ явдлаас хойш долоо хоногийн дараа намайг даргын өрөөнд дууддаг юм байна. Офицер ч инээмсэглэж, “Та энд байх нь эргэн тойронд тодорхой аюул заналхийлэл учруулж байгаа тул бид таны рапортыг хүлээн авч, хугацаанаас нь өмнө халахаар шийдлээ. Та цаашид танк сүйтгэх хэрэггүй боллоо” гэж билээ”.

Төмөр Арни олон жилийн дараа алба хааж байсан танкаа олж, худалдан аваад гэрийнхээ арын хашаанд дурсгал болгон хадгалжээ.

 

One thought on “Арнольд Шварценеггерийн армид алба хаасан сонирхолтой түүх

  1. Мх 2018-01-22 11:19 at 11:19

    сайхан дурсамж байна…

    Хариулах

Мх-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн