Баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн эмнээс илүү эрүүл мэндэд заналхийлж байна

Олон нийтийн цахим сүлжээ болон телевизээр сурталчилж байгаа бүхэн танд хэрэгтэй гэсэн үг биш. Суваг эргүүлэх тоолонд тансаг савлагаа, хаданд гарсан өндөр үнэтэй, үүнийгээ дагаад есөн шидийн ид шидтэй гэмээр ёстой л үүнийг л хэрэглэвэл арьс маань өөгүй толигор болох нь гэж бодогдохоор гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг манайхан Өмнөд Солонгос, АНУ-аас орж ирсэн хэмээн онцолдог.

Захиалгаа өгөөд худалдан авсаны дараа арьсанд тохирохгүй харшил өгөх, үр дүнгүй байх тохиолдол цөөнгүй. Гэвч мөнгөөр худалдан авсан юм чинь яая гэх вэ дээ гээд “гүрий”-гээд хэрэглэх нэгэн байхад бас огт хэрэглэхгүй атлаа хаяж чадахгүй хог болгох нь бий.  Ийм чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүн нь эмийн бүтээгдэхүүнээс илүү иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Бид өөрсдийн арьсанд тохирох, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэхээс үл хамааран гадны бүтээгдэхүүн л бол чанартай, сайн үйлчилгээтэй гэх ташаа ойлголтоосоо болж “хохирогч” болсоор байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс тусгай зөвшөөрөлгүй, хадгалах горим зөрчсөн нийт 16 нэрийн, 136.571.642 төгрөгийн эм, гоо сайхны тариа, бүтээгдэхүүнийг хураан авчээ.

Сүүлийн үед тус газарт гоо сайхны тарилга, ботокстой холбоотой гомдол цөөнгүй ирэх болсон аж. БНСУ-ын иргэн “Сurer” компанийн захирал Жон Мин Жеон бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс нейротоксинийг хууль бусаар оруулж ирж, худалдаж байжээ. Мөн иргэн Б.Умбаа Энэтхэгээс тусгай зөвшөөрөлгүй гоо сайхны дөрвөн эм оруулж ирсэн байсан зэрэг зөрчил цөөнгүй аж.

Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүнээс сонголт  хийхдээ нэгдүгээрт ямар бүтээгдэхүүн юм, хаана баталгаажсан бэ гэдгийг нь анхаарах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна. Байгалийн гаралтай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, ДЭМБ-аас сайшаагдсан, Монгол Улсад албан ёсоор бүртгэгдсэн, ЭМЯ-наас сайшаагдсан, олон улс орны эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагаас сайшаагдсан, баталгаажсан гэрчилгээтэй бүтээгдэхүүн худалдан авахыг зөвлөе. Мөн үүнийг хэрэглээд ямар нэг гаж нөлөө үүсэх эсэхийг тодруулах хэрэгтэй. Түүнчлэн нүүрэн дээр батга гарч, үс унаж салаалаад, хумс хугарч ургахгүй, арьс сөрөөд байвал аль улсаас орж ирсэн нь мэдэгдэхгүй гоо сайхны бүтээгдэхүүн авах гэж яарахаасаа өмнө эрүүл мэнддээ анхаарч эмнэлэгт хандаарай. Эдгээр шинж тэмдэг нь таны эрүүл мэндэд асуудал үүссэн гэдгийг илэрхийлдэг аж.

Хүний эрүүл мэндтэй холбоотой зүйл борлуулж байгаа, энэ талаар ярьж байгаа бол аль болох эмч хүний гараас авах нь илүү аюулгүй гэдгийг Хүүхдийн эмч, клиникийн профессор Б.Бат-Өлзий хэлж байлаа.

One thought on “Баталгаагүй гоо сайхны бүтээгдэхүүн эмнээс илүү эрүүл мэндэд заналхийлж байна

  1. зочин 2018-01-18 15:00 at 15:00

    дэмжиж бна.манайхан гаднын юм гэхээр хуйлрах юм.тэр нь монгол хүний бие, арьсны онцлог, цаг агаарт таарах эсэх нь тодорхойгүй. тэгээд хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдаж бгаа шүү дээ. өвөл нь хөлдөөд, зун нь халуунд яаж ирэх нь тодорхой шүү дээ.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн