Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Цагаан сараас өмнө махны үнэ нэмэгдэх үү – updown.mn

Цагаан сараас өмнө махны үнэ нэмэгдэх үү

Шатахууны үнэ нэмэгдэх яриа тарсан, дээр нь Сар шинийн баяр дөхсөнийг далимдуулан, ченжүүд махны үнийг өсгөчихөж. ШӨХТГ-аас шатахууны үнийн зохиомол хөөрөгдөлтэй холбоотойгоор аливаа бүтээгдэхүүний өртгийг нэмбэл, буруутай нь тогтоогдсон байгууллага, иргэнийг торгоно гэдгээ илэрхийлсэн. Гэсэн ч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх сургаар махны үнэ аль хэдийнэ өсчээ. 66.2 сая толгой малтай манай улс махаар гачигдах учиргүйг толгойтой бүхэн ойлгоно.

2017 оны арванхоёрдугаар сард гарсан мал тооллогын дүнгээр манай улс 30 сая хонь, 27 сая гаруй ямаа, 4.3 сая үхэр, дөрвөн сая адуу, 434 мянган тэмээ тоолуулжээ. 2016 оныхоос малын тоо таван саяар өссөн хэр нь махны үнэ нэмэгдээд байгааг юу гэж тайлбарлах вэ. Хөдөө, орон нутаг руу холбоо барьж махны үнэ ямар байгааг лавлахад тийм ч өсөөгүй гэж байлаа. Завхан аймгийн иргэн Г.Сэвжидмаа “Хөдөөд мах үнэд орно гэж юу байх вэ. Өнөө жил малын үнэ илүү хямдарч байна. Иргэд малаа аль болох хурдан зарахыг хичээх болсон нь өвөлжилт хүндэрсэнтэй холбоотой. Оторлох нутаг олдохгүй болохоор тэр. Саяхан болтол иргэд малаа борлуулж чадахгүй байсан. Харин Цагаан сар дөхсөн тул мах авна гэсэн зар цөөнгүй гарсан харагдсан. Тиймээс манайхны мал одоо л зарагдаж эхлээд байх шиг байна” гэсэн юм. Өвөлжилт хүндэрсэн тул малчид малаа аль болох нядалж, борлуулах сонирхолтой байгаа аж. Үүнийг нь далимдуулан ченжүүд маш хямд үнээр мах авч байгаа гэнэ.

Ченжүүд орон нутгаас гар аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй мах авч зах зээлд нийлүүлэн иргэдийг хохироодог. Гулууз дотроо жин дарахуйц чулуу, элдэв зүйл хийж хөлдөөдөг, үс ноос ихтэй мах борлуулдаг гэх шүүмжлэл тасардаггүй. Малын гоц халдварт өвчлөл ихтэй өнөө жил зарим малчин малаа устгуулахгүй хэмээн зөрүүдэлж буй дуулдсан. Тиймээс өвчтэй малын мах ченжүүдийн гараар дамжин нийслэлд орж ирэхийг үгүйсгэх аргагүй. Өвөрхангай, Хэнтий, Увс, Дорнод зэрэг аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул малчид малаа олноор нь нядалж, зах зээлд их хэмжээгээр нийлүүлж буй талаар дээрх аймгуудын ХХААГ-ын дарга ярьсан. Тухайлбал, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир “Манай малчид малаа аль болох цөөлөхийг хичээж байна. Энэ нь өвөлжилт хүндэрнэ, зуд турхан болно гэснээс үүдэлтэй болов уу. Уянга сумынхан гэхэд аймгийн Мах бэлтгэлийн үйлдвэрт 1500 сарлаг, үхэр тушаасан. Иргэд 2000 орчим бог нядалгаанд өгсөн. Өвс, тэжээлийн үнэ буурахгүй болохоор малчид хүндхэн байна” гэв. Түүнчлэн ХХААХҮЯ-наас махны хомсдолоос урьдчилан сэргийлж, нөөцийн мах ахиухан бэлтгэж буй гэнэ.

Энэ жил Засгийн газраас нөөцийн мах бэлтгэхдээ, мах бэлтгэх үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийг түшиглэн зохион байгуулах даалгавар өгчээ. Харин эдгээр аж ахуйн нэгж томоохон хөргүүр бүхий компанитай гэрээтэй байх ёстой. МХЕГ, нийслэлийн ХХААГ, Монголын мах холбоо, арилжааны банкууд хамтран нөөцийн мах бэлтгэх болон борлуулахад хяналт тавих юм байна. Малын гоц халдварт өвчин намжаагүй тул ХХААХҮЯ-наас мах бэлтгэлийн ажилд ихээхэн анхаарч буй гэнэ.

Малыг үйлдвэрийн аргаар төхөөрч, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад мах хадгалах шалгуурт 24 компани тэнцжээ. Эдгээр аж, ахуйн нэгжийн материалыг арилжааны банкуудад хүргүүлсэн байна. Банкны зээлийн хорооны шийдвэр гарч, салбарын яам шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, мах бэлтгэл үндсэндээ эхэлжээ. Мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд төрөөс 4.6 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэхээр төсөвт мөнгийг нь суулгасан аж. Салбарын яамны мэргэжилтний хэлж буйгаар аж ахуйн нэгжүүд ихээхэн хэмжээний мах нөөцөлсөн гэнэ. Тиймээс мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй гэх. Түүнчлэн малчид ч зуд болох сургаар малаа нядалж буй талаарх мэдээлэл дээрх яаманд ирсэн байна.

Аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан махыг Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотын иргэдэд зориулан 3-7 дугаар сард борлуулна. Нийт 16 мянган тонн мах нөөцлөх төлөвлөгөөтэй бөгөөд үхэр, хонины мах килограмм нь өмнөх жилийнхээс 100-200 төгрөгөөр хямд байхаар зохицуулалт хийжээ. Нийт нөөцлөх махны 40 хувьд үхэр, 40 хувьд хонь, үлдсэн нь ямааны мах байх аж. Өмнөх жил үхрийн ястай мах 5750, хонины ястай мах 5400, ямааны ястай мах 4400 төгрөгийн ханштай байсан. Энэ нь хот суурин газарт борлуулж буй ханшаас 20-30 хувь хямд үнэ байсан билээ. “Өмнөх жилүүдийнхээ илүү хямд, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэхээр ажиллаж байна” гэж салбарын яамныхан онцолсон. Мах бэлтгэхээр шалгарсан аж ахуйн нэгжүүд арилжааны банкнаас зээлсэн мөнгөө малчдын данс руу шилжүүлэх юм байна. Үүний тулд малчидтай гэрээ хийж эхэлжээ. Ченжүүдэд махны үнэ хөөрөгдөх боломж олгохгүй гэснээс ийм арга хэмжээ авсан аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ сард томоохон зах, худалдааны төвүүдэд хонины ястай махны дундаж үнэ өмнөх сараас 0.8, үхрийн ястай махны үнэ 0.4, цул махны үнэ 1.1, ямааны ястай махны үнэ 3.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Адууны ястай махны үнэд өөрчлөлт гараагүй. Үнийн дүнгээр нэг кг хонины ястай мах дунджаар 5100, үхрийн ястай мах 6475, цул мах 7800 төгрөгийн ханштай байна. Адууны ястай мах 4900, ямааны ястай мах 3435 төгрөгийн үнэтэй гэх судалгаа гарчээ. Зах зээл дээр махны бодит ханш ийм байгаа бөгөөд нийлүүлэлт их байгаа учир махны үнэ цаашид нэмэгдэх ёсгүй хэмээн холбогдох байгууллагуудаас мэдэгдэж буй.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

2 thoughts on “Цагаан сараас өмнө махны үнэ нэмэгдэх үү

  1. ОО 2018-01-18 12:18 at 12:18

    БҮХ ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ.

    Хариулах
  2. ЗОЧИН 2018-01-18 13:58 at 13:58

    төр засаг байгаа мэдэрдэг бол одоо нөөцөлсөн махаа гаргаж ард түмнээ бага үнэтэй махаар хангах ёс той?? 66 сая малтай мөртлөө 6000 аар мах авч иднэ гэдэг хэцүү бана шүү

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн