Энэ 2018 онд эмч нар амьд хүнд толгой шилжүүлэн суулгахаар төлөвлөж буй бол одон орон судлаачид саран дээр төмс тарьж, хоёр дахь дэлхийг хайна гэж амлаж байна. Үүнээс гадна сансар нь аялал жуулчлалын шинэ орон зай болох магадлалтай байгаа аж.
Мөн эмч нар хавдрын болон генетикийн өвчнийг эмчлэх үр дүнтэй эм, арга хайсаар байгаа бөгөөд робот эмч нар онош тавьдаг болох нь ээ. Энэ онд хүлээгдэж буй шинжлэх ухааны сонирхолтой үйл явдлуудыг хүргэж байна.

Толгой шилжүүлэн суулгана

Энэ оны хамгийн чухал мэдээллийн нэг бол Италийн алдарт мэдрэлийн мэс засалч Сержио Канаверо амьд хүнд толгой шилжүүлэн суулгаж чадах эсэх явдал. Тэрбээр 2015 онд л хоёр жилийн дараа энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжтой гэж байсан. Канаверо 2016 онд хархны гэмтсэн нугасыг эргэн сэргээсэн бол 2017 оны арваннэгдүгээр сард цогцсон дээр толгой шилжүүлэн суулгасан. 18 цаг үргэлжилсэн энэ мэс заслаар тэрбээр нугас болон мэдрэлийн бүх судас, цусны судсыг нийлүүлж чадсан билээ.
Түүгээр толгойгоо шилжүүлэн суулгах хамгийн анхны сайн дурын хүнээр Оросын Владимир хотын иргэн, 30 настай программист Валерий Спиридонов тодорсон бөгөөд мэс заслыг 2017 оны арванхоёрдугаар сард хийхээр төлөвлөөд байсан. Гэвч мэс заслыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, хожим нь Канаверо 2018 онд Спиридоновт бус, Хятадын нэг иргэнд мэс засал хийхээр болсноо зарласан. Учир нь Хятад улс мэс засалчийн судалгааг дэмжиж байгаа гэнэ.

Дэлхийн ихрийн эрэл болон сарны төмс, сансрын аяллын тухай

Энэ оны гуравдугаар сард Америкийн сансар судлалын төвөөс TESS буюу нарны аймгаас гадуур гарагийн эрэлд гарахаар төлөвлөжээ. Нарны аймгийн бус одонд амьдрал бүхий гараг байгааг судлах энэ ажиллагаа анхаарал их татаж байна.
Үүнээс гадна долоодугаар сарын 31-нд NASA “Parker Solar Probe” аппарат сансарт хөөргөнө. Энэ аппарат түүхэндээ анх удаа нарны титэм хэсэгт шумбан орж, зургаан сая км буюу гадаргуугаас нь хамгийн ойрын зайд ниснэ гэсэн үг. Сансрын хөлөг Цельсийн +1370 градусыг тэсвэрлэх чадвартай бөгөөд газрын цацрагийн түвшнээс 475 дахин их цацрагт ажиллана.
Мөн энэ онд Америкийн “Blue Origin” компани жуулчдыг авч сансрын тойргийн дагуу анхны нислэг үйлдэхээр болжээ. Тус компани өнгөрсөн арванхоёрдугаар сард ашигтай ачаа, манекен бүхий пуужин, “New Shepard” капсулаа амжилттай туршсан байна. “New Shepard” системийн капсул зургаан хүнийг суулгахаар тооцоолсон. Нислэг 11 минут үргэлжлэх бөгөөд дөрвөн минутад нь жингүйдлийн орчинд буюу 100 км-ийн өндөрт өнгөрөөнө гэсэн үг. Хэрвээ дараагийн туршилт амжилттай болбол энэ онд хүмүүсийг сансарт аялуулах юм.
Тэгвэл хятадууд энэ оны сүүлчээр “Чанъэ-4” сансрын аппаратаа хөөргөх гэж байна. Энэ аппарат нь түүхэндээ анх удаа сарны эсрэг талд зөөлөн газардаж, геологийн бүтцийг нь судална.
Үүнээс гадна тус хөлөгт төмсний үр, хүр хорхойн өндөг ачиж явуулахаар төлөвлөжээ. Ингээд хүр хорхойн өндөгнөөс гарсан шавж нүүрсхүчлийн хий боловсруулж, төмс фотосинтезийн үйл явцад хүчилтөрөгч гаргаж авна. Цилиндрт байрлуулсан зай нь хиймэл нарны үүрэг гүйцэтгэх юм. үүгээрээ шавж сарны орчин амьдарч болох уу гэдгийг судалж, цаашид хүн төрөлхтөн сарыг эзлэн авч болох эсэхийг мэдэх зорилготой юм байна.

Ирээдүйн анагаах ухаан өнөөдөр

Хятадад ирэх гуравдугаар сараас эхлэн Xiaoyi хэмээх анхны робот эмч албан ёсоор ажиллаж эхэлнэ. Тус робот өнгөрсөн оны сүүлчээр мэргэжлийн шалгалтаа өгч, эмчлэх эрхийн гэрчилгээгээ авсан билээ. Энэ робот хамгийн доод тал нь 360 оноо авах ёстойгоос 456 оноо авсан байна. Анхандаа энэ роботыг өвчтөний шинжилгээний мэдээллийг хурдан хийхэд зориулж бүтээсэн аж. Гэвч Xiaoyi шалгалтаа амжилттай өгч, мэдлэгээ практик ашиглаж чадна гэдгээ харуулжээ. Энэ робот эмч нарт туслахаас гадна онош тавьж, хавдрын өвчнийг эрт үед нь илрүүлж, шинэ өвчин тусах эрсдэлийг урьдчилан харах чадвартай юм байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн