30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна

Аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдтэй уулзах үеэрээ “Энэ жил Эрдэнэтийн иргэдээс Солонгост гэрээгээр ажиллах хүч гаргана” хэмээн мэдэгдсэн нь хамгийн их сонирхол татсан, хүлээлт үүсгэсэн асуулт болоод байгаа. Д.Батлут дарга энэ сарын 11-нд буюу маргааш Солонгос улсад ажиллахаар явж байгаа аж. БНСолонгос улсын Элчин сайдын яам,  Ёсү хотын зүгээс Улаанбаатар хотын хоёр дүүрэг, Орхон аймгийн иргэдээс гэрээт ажилтан авах санал гаргасан байна. Энэ саналын хүрээнд талууд эхний уулзалтыг хийж гэрээт ажилтан гаргах талаар эхний тохиролцоонд хүрч санамж бичигт гарын үсэг зуржээ.

 Тухайлбал, Ёсү хотын зүгээс манай аймгаас гэрээгээр ажиллуулах 100 иргэний хувьд солонгос хэлний зохих мэдлэгтэй,  30-50 насны, гэр бүлтэй, архи тамхи хэрэглэдэггүй зэрэг нарийн шалгуур тавьсан аж. Мөн хамгийн гол шалгуур нь эндээс очсон иргэд улирлын чанартай ажил хийх учраас гэрээний хугацаа дуусахад харлаж үлдэхгүй эргээд нутагтаа ирнэ гэдэг ар гэрийн баталгааг  гаргуулах юм байна. Энэ ажил цаашид тодорхой хугацаанд үргэлжлэх учраас эхний ээжинд Солонгос явсан 100 хүнээс нэг ч хүн хараар үлдээгүй тохиолдолд дараагийн ээлжийг хүлээн авах гэнэ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтээс явсан 100 хүнээс нэг нь харлавал, хоёр орны хооронд байгуулсан ажилтан ажиллуулах гэрээ шууд зогсох болно зэрэг хатуухан шаардлага тавьж байгаа. Харин манай аймгийн удирдлагын хувьд Эрдэнэтээс явах иргэдийг далай дээр ажиллуулахгүй байх санал гаргажээ.

Ийнхүү талууд гэрээт ажилтан гаргах эхний алхамаа баталгаажуулах улмаар ажил хэрэг болгохын тулд Солонгост очиж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна.  Эрдэнэтээс явах гэрээт ажилчид Солонгост гурван сарын хугацаатай ажиллана. Тэнд байх байрны зардлыг Солонгосын тал хариуцах юм. Цалингийн хувьд 1570 вон байх, долоо хоногт амралтын өдөртэй, гэрээ дуусаад буцах тохиолдолд зардлын 80 хувийг Солонгосын тал даана. Мөн ажилчдыг даатгалд бүрэн хамруулах заалт багтжээ.

Эх сурвалж: erdenetnews.mn

One thought on “30-50 насны 100 иргэнийг Солонгосын Ёсү хотод гэрээгээр ажиллуулна

  1. horse 2018-01-14 14:30 at 14:30

    ok

    Хариулах

horse-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн