Израилийн Ерөнхий сайдын хүү эцгийнхээ нэр хүндийг шавартай нь хутгалаа

Израилийн телевизээр Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн том хүүгийн найзуудтайгаа хийсэн яриа цацагдсаны дараа тус улсын Засгийн газрын тэргүүн хүнд байдалд оржээ. Уг бичлэгт залуу хүү хаанаас биеэ үнэлэгч авч болох тухай ярьж, түүнчлэн аавыгаа хийн гэрээг сонирхож байгаа тухай цухуйлгажээ. Энэ дуулиан нь сөрөг хүчний зүгээс саяхан авлигын хэрэгт буруутгагдаад байсан Ерөнхий сайдын нэр хүндэд дахин нөлөөлсөн байна.

Яир Нетаньяхугийн яриаг энэ сарын 9-нд Израилийн Хоёрдугаар сувгаар цацсан байна. Уг бичлэг дээр бага Нетаньяху найзуудтай ярилцах бөгөөд хаанаас биеэ үнэлэгч хөлслөх тухай асуух аж. “Ингэхэд биеэ үнэлэгчдийн газар одоо нээлттэй байгаа юу?” хэмээн Ерөнхий сайдын хүү асуужээ. Бичлэгийг Тель-Авивын нэгэн стриптиз клубын дэргэд хийжээ.

Үүнээс гадна Яир Нетаньяху нэгэн танил болох Израилийн томоохон бизнес эрхлэгч Кобин Маймоны хүүд хандаж “Манай аав танай аавд 20 тэрбумыг олох боломж өгч байхад чи надтай 400 шекелийн талаар ярих гэж дээ” хэмээн хэлэх нь сонсогдоно.

Америкийн хэвлэлүүдэд тэмдэглэснээр байгалийн хий олборлох гэрээний тухай ярьж байгаа нь энэ гэнэ. Коби Маймон нь эрчим хүчний “Isramco” компанийн хувьцаа эзэмшигч юм. Ерөнхий сайдыг шүүмжлэгчид Яир Нетаньяхугийн хэлсэн энэ үгийг авлигын шинж чанартай гэж мэдэгджээ.

Гэхдээ энэ яриа гурван жилийн өмнө болсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ талаар Нетаньяхугийн хүү өөрөө хэвлэлд мэдэгдсэн бөгөөд энэ үеэр бага зэрэг согтуу байсан гэжээ. “Шөнө болж байсан. Би ч согтчихсон байсан болохоор эмэгтэйчүүдийн тухай жигшүүртэй юм ярьжээ. Уг нь би үүнийг ярих ёсгүй байсан юм. Мэдээж бид ийм үнэлэмжтэй, ийм хүн биш” хэмээн Израилийн Ерөнхий сайдын хүү мэдэгджээ.

Харин Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэд хэдэн удаа таарч байсан болохоос хийн магнат Коби Маймоныг мэдэхгүй гээд хүүхдүүд нь хоорондоо танил гэдгийг ч мэддэггүй байсан гэж хэвлэлд мэдэгджээ.

Израилийн Ерөнхий сайдын хүү улс төрд орохгүй гэж өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан. Гэхдээ “Jerusalem Post” хэвлэлд түүнийг Ерөнхий сайдын албан бус зөвлөх гэж нэрлэжээ. Ерөнхий сайдын “Ликуд” намын гишүүд, дэмжигчид нь энэхүү дуулианы дараа Яир Нетаньяхуг энэ амралтын өдөр нам дотроо болох “тоглоомын сонгууль”-иас нэрийг нь татаагүй байна. Ийм сонгууль нь энгийн сунгаа мэт байдлаар явагдаж, Нетаньяхугийн оронд намын суудалд суух хүнийг сонгодог байна. Гэхдээ дээрх сонгууль нь албан ёсны статусгүй, сургуулилтын зарчмаар хийгддэг аж.

Үүнээс гадна Ерөнхий сайдын хүүгийн бичлэг Израилийн Засгийн газрын тэргүүний хувьд тун хүнд үед гарч ирснээрээ онцлогтой. Израилийн улс төрд олон жил тогтсон Нетаньяху саяхан сөрөг хүчнийхний бай болж, авлигын гэмт хэрэгт буруутгагдаад авсан билээ.

Өнгөрсөн сарын эхээр л гэхэд Израильд Ерөнхий сайдыг эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх дархлааг нь эсэргүүцэж, 20 мянган хүн жагсаал цуглаан хийсэн байна. Түүнчлэн Нетаньяхугийн нэр хүнд доод түвшиндээ хүрээд байгаа юм.

Нетаньяхуг авлига, хээл хахуультай холбоотой хоёр хэргээр шалгах хэрэгтэй гэнэ. Эхнийх нь “1000-ын хэрэг” нэртэй. Энэ хэрэгт Израилийн Ерөнхий сайдыг хууль бусаар хөрөнгөтэй бизнесмэнүүдээс оргилуун дарс, навчин тамхи зэрэг бэлэг авсан гэж үзэж байна. Эдгээр тансаг бэлэг барьсан нөхдийн тоонд Австралийн тэрбумтан Жеймс Пэкер, Холливудын продюсер Арнон Мильчан нар орж байна.

Хоёр дахь хэрэг нь “2000-ын хэрэг” нэртэй. Илүү ноцтой гэх энэ хэрэгт Нетаньяху “Yediot Ahronot” сонины газартай хууль бус гэрээ байгуулсан уу гэдгийг тогтоох шаардлага үүсээд байгаа юм. Израилийн тэргүүн сонинд үйл ажиллагаагаа сайнаар бичүүлснийхээ хариуд өрсөлдөөний давуу тал олгож, улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэж амласан гэнэ.

Нетаньяху өөрөө энэ бүгдийг үгүйсгэж, “Юу ч болохгүй. Яагаад гэвэл юу ч болоогүй юм чинь” хэмээн нэг бус удаа давтан хэлжээ.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.