Оросын нийслэл Москва болон хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хот Октябрийн хувьсгалын 100 жилийн ойд үзэсгэлэнгийн олон танхимаа зориулаад байна. Тухайлбал Москвагийн

А.С. Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн улсын музей, ГМИИ 

Москвагийн Пушкины музейд арваннэгдүгээр сарын 12-ныг хүртэл Хятадын алдартай зураач Цай Гоцян 1917 оны хувьсгалын ойд зориулан тусгайлан бэлтгэсэн бүтээлээ дэлгэж, өөрийгөө анх удаа Орос оронд танилцуулж байна.

Оросын орчин үеийн түүхийн музей 

Тверскийн гудамжин дахь Оросын орчин үеийн түүхийн музейд нээгдсэн “1917. Хувьсгалын тайлал” үзэсгэлэнд арванхоёрдугаар сарын 12 хүртэл дэлхийн үгээгүй ядуусын удирдагч Владимир Ленины тэмдэглэл, «Аврор» хөлөг онгоцны цонх, хувьсгалт штабын телефон утас архивын баримтууд, зуун жилийн өмнөх сурталчилгааны  зурагт хуудас гэх зэргийн 1500 үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Мөн ажил хаялтадад дуудсан заводын яндагийн дууг сонсож болно.

Оросын реалист урлагийн хүрээлэн

Александр Лабас. «Довтолгоонд» (1956)

Оросын реалист урлагийн хүрээлэнгийн танхимд арванхоёрдугаар сарын 10-ыг хүртэл 1930-аад оны авангард зургийн сод төлөөлөгч, ВХУТЕМАС-ыг төгсөгч Александр Лабасын график ба уран зургийн “Октябрь” нэртэй бүтээлүүд дэлгэгдсэн байна. ОСТ группыг үндэслэгч түүнийг 1930-аад онд “ёс төдий” хэмээн үзэж байсан юм. Александр Лабасын бүтээлийг 1960-аад оноос авч үзэж, тэр 1976 онд л анхны хувийн үзэсгэлэнгээ гаргасан байжээ. Мөн тэнд архивын гэрэл зургууд, зураачийн хувийн хэрэг зэрэг тавигджээ.

Третьяковын галерей

Третьяковын галерей мөн л Октябрийн хувьсгалаар амьсгалж, «Хэн ч биш 1917» гэсэн нэртэй үзэсгэлэнг нэгдүгээр сарын 14-ныг хүртэл ажиллуулж эхэлжээ. Энд 1917 онд бүтээгдсэн Оросын болон гадаад орнуудад хадгалагдаж байсан 147 бүтээлийг дэлгэсэн байна. Үзэсгэлэнгийн орон зайг  «Ард түмний тухай домгууд», «Хот ба хотынхон», «Эриний нүүр царай», «Энэ бодит байдлаас холд!», «Самуунт үе», «Шинэ ертөнцийн үл гүйцэгдэх үзэл», «Шагал ба еврейн асуудал» хэмээн хэд хэдэн сэдэвт хуваажээ.

Энд  Кустодиев, Михаил Нестеров, Петров-Водкин, Серебрякова нарын сүрлэг зургууд, Кандинский, Малевич, Попова, Родченко нарын хийсвэр зургууд ба бусад авангардын урсгалын зураачдын бүтээлүүд байгаа. Үзэсгэлэнгийн уран зургуудыг Третьяковкаас гадна, Русский музей, Жорж Помпидугийн төв (Парис); Тейт Модерн (Лондон); Людвигийн музей, Тель-Авивын урлагийн музей; Москва ба Санкт-Петербургийн архивууд ирүүлжээ.

Шинэ Третьяковка

Исидор Фрих-Хар, «Чапаевын гармонист Вася» (баруунд нь),  А.Е. Зеленскийн «Улаан усан цэрэг» баримлууд

Крымын вал дахь баримлын урлаг сонирхогчдын шинэ Третьяков галерейд “Хувьсгалын салхи” нэртэй баримлын үзэсгэлэн нээгдээд байна. Энэ 1918–1932 онд урлан бүтээсэн баримлууд дэлгэгджээ. Тухайлбал, Н.И. Альтманы чээж баримлууд, И.Н. Жуковын «Тэнүүлч хүүхдүүд» (1929), В.И. Мухинагийн «Салхи» (1927), А.Е. Зеленскийн «Улаан усан цэрэг» (1932–1933, боржин), В.В. Адамчевскийн «Улаан цэргийн хөрөг» (1930), И.Д. Шадрын «Алхтай ажилчин» (1936), С.Т. Коненковын « Стенька Разины толгой», А.М. Гюрджаны Карл Марксын хөшөөний төсөл зэрэг урьд өмнө олны хүртээл болж байгаагүй алдартай бүтээлүүд тавигдсан байна.

Еврейн музей ба олон ургалч үзлийн төв

 jewish-museum.ru Иссахар Бер Рыбак «Түйвээлт». 40х52. Цаас, холимог техник (1919)

Оросын еврей музей ба Шинжлэх ухааны төрөл хоорондын судалгааны төсөл хамтран хувьсгалын энэ төвд хувьсгалын  жилүүдэд Орос оронд еврейн нийгэмлэгийн соёл, улс төр, шашны  хөгжил хэрхэн өрнөж байсныг өгүүлсэн “Тус бүрт нь эрх чөлөө” ба “Нэгэн ард түмний түүх хувьсгалын жилүүдэд” нэртэй үзэсгэлэн нээжээ. Нэгдүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх үзэсгэлэнд Маркащ Шагал, Роберт Фальк, Иссахар Бер Рыбак, Эль Лисицкий нарын уран зураг, мөн гэрэл зураг, ном, театрын зарлал, музейн цуглуулга дахь  улс төрийн намуудын зураг хуудас тавигджээ. Тэдний ихэнх нь анх удаагаа олон нийтэд үзүүлж байгаа түүхүүд юм. Үүний зэрэгцээ, үзэсгэлэнгийн тусгай орон зайд хувьсгалт үйл явдлын шууд оролцогсод болох Лев Троцкий, Юлий Мартов, Марк Шагал, Вера Инбер, Семен Дубнов, Василий Шульгин нарын дуу хоолойг сонсож болох ажээ. Тэдний дууг хуучны улас, радиогоор сонсох юм.

Санкт-Петербург хот

Русский музей-Урлагийг амьдралд! 

Санкт-Петербург хотын Русский музейд арваннэгдүгээр сарын 27-ныг хүртэл сурталчилгааны шаазангийн үзэсгэлэнг нээжээ. Петроград-Ленинградад 1918-1926 онд ажиллаж байсан Чимэглэх урлагийн хүрээлэнгийн бүтээлийн уриатай, ажилчин, тариачны хөрөг зэрэг нь шинэ зөвлөлт ахуйн үүслийг харуулах бөгөөд үйл явдлыг тодруунаар дүрсэлжээ.

Эрмитаж 

Эрмитаж ч мөн 1917 оны хувьсгалын 100 жилийн ойн гол хөтөлбөрөө танилцуулав. “Өвлийн ордон ба Эрмитаж 1917 онд” нэртэй үзэсгэлэнгийн бүтээлүүд өвлийн ордны парадын танхмуудад дэлгэгдсэн байгаа. Музейн барилга байгууламж болон эзэн хааны өргөөнд зориулсан бүтээлүүд хоёрдугаар сарын 4 хүртэл олон нийтийн анхааралд байх юм. Сонирхуулахад, ханхүү Алексейн нэрэмжит хээрийн эмнэлэг 1915 онд Өвлийн ордонд нээгдэн 1917 оны аравдугаар сарын 27 хүртэл ажиллаж байсныг гэрчлэх  гэрэл зураг, баримт бичиг, дурсгалд эд зүйл дэлгэгдсэн байгаа. Мөн Николаевскийн зааланд тавигдсан үзмэрүүдэд Хоёрдугаар сарын хувьсгал, II Николай хаан ширээнээс татгалзсан, Октябрийн хувьсгалд хүртгэсэн гол үйл явдлуудын гэрч баримтууд дэлгэгджээ. Харин Концертын танхимд Эзэн хааны Эрмитаж хэрхэн Улсын музей болсон, музейн ажилтнууд 1917 оны үйл явдалд хэрхэн хандсан тухай өгүүлэх баримтууд тавигжээ.

 «Росфото» музей үзэсгэлэн

«Росфото» үзэсгэлэнг зохион байгуулагчид өмнөө Октябрийн хувьсгалын 100 жил, 1917 оны үйл явдлыг үзүүлэх зорилго тавьсангүй. Харин тэр үйл явдал Петроградын хувь заяанд хэрхэн нөлөөлснийг харуулахыг оролджээ. Энд дэлгэгдсэн “Хувьсгал ба өв” үзэсгэлэн  1920-иод он ба 1930-аад оны гэрэл зургуудаас бүтсэн байна. Эндээс хувьсгалын үйл явц хотын хувь заяаг хэрхэн өөрчилснийг харж болох ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн