Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригджээ – updown.mn

Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригджээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьснаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ. Энэхүү станцыг барих газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд өнөөдөр “Сэлбэ дэд” станцын шав тавих ёслол боллоо. Уг ёслолд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Төслийн захирал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Ерөнхий захирал М.Инду Бушан, АХБ-ны Монгол дахь суурын төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Улаанбаатар төдийгүй Монгол улсын засгийн газар, иргэдийн толгойны өвчин бол агаарын бохирдол, утааны асуудал. Үүнийг шийдэх нэг гарц бол орон сууцаар хангах, төвлөрсөн дулаанд холбох ажил юм. Азийн хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сэлбэ” дэд станцыг барих ажлыг зоригтой эхлүүлж байгаад салбарын сайдын хувьд талархаж байна. Мөн иргэд маань ч дэмжиж, тун удахгүй энэ ажлын үр шимийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг нь гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх энэ төсөл. Төслийн үр дүнд ойрын хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эрчимтэй хийж байгаа нь Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвт хот руу шилжүүлэх бодит алхам юм. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор энэ хавийн айл өрхүүдийг дулаанаар хангахаас гадна шинэ суурьшлын бүс бий болох онцлогтой. Мөн түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна. Энэ төсөл нь 320 сая ам.долларын өртөгтэй. Үүний 162 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк гаргаж байгаа. Нийслэлээс 60 сая орчмыг нь гаргана. Үлдсэн хэсгийг донор орнуудаас бий болгох юм” гэдгийг онцоллоо.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр тусгасан. Тухайлбал Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв юм. Төсөл хэрэгжиж байгаа нутаг дэвсгэрийг хотын шинэ дэд төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөг гаргахдаа хөгжлийн зорилго, зорилтыг тодорхойлон иж бүрэн судалгаа хийж бусад төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан төлөвлөжээ.

Сэлбэ дэд төвийн хүрээнд СБД-ийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 158 га талбайд төлөвлөлт хийгдсэн байна. 26.68 МВТ хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугамыг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулахад “Хүрд” ХХК болон БНХАУ-ын “Шиншианг Гонгшен бойлер” ХХК түншлэл шалгарсан аж. Уг дулааны станц болон инженерийн шугамын ажил хийгдсэнээр 6 мянга орчим өрхийн 25400 хүн төвлөрсөн дулаан хангамж бүхий сууцанд амьдрах боломж бүрдэх судалгааг Азийн хөгжлийн банк хийсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн