АТГ 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1029 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 821 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Оюуны өмч, улсын бүргэлийн ерөнхий газраас хамгийн олон мэдүүлэг хянуулахаар ирүүлжээ.

Эдгээрээс илт зөрчилтэй 2 иргэний тухай танилцуулбал:

  • Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газрын ерөнхий архитекторын ажлын албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэн Б нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагыг хангахгүй, мөн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ….. ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувь эзэмшигч, захирлаар бүртгэлтэй байгаа нь эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг  хэрэгжүүлж  ажиллах талаар Нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт хариу мэдэгдсэн.
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн иргэн Д нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх”-ийг хориглоно гэж заасныг зөрчих нөхцөл байдал тогтоогдож  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг  хэрэгжүүлж  ажиллах талаар Оюуны өмч, улсын бүргэлийн ерөнхий газарт хариу мэдэгдсэн.

Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын талаар:

Албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар хандсан нийт 100  өргөдөл, гомдол, мэдээллийг шалгаж байна. Тус хэлтэст ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь нь авч үзвэл: Албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, Албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, Ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр гаргасан талаарх асуудал дийлэнх хувийг эзэлж байна. Орхон, Баянхонгор, Дундговь аймгуудаас ирүүлсэн өргөдөл, гомдол бусад аймгуудтай харьцуулахад өндөр дүнтэй байна.

Дээр дурдсан шийдвэрлэсэн 11 өргөдлөөс зөрчилтэй байсан өргөдлийг дурдвал:

  • Баянзүрх дүүргийн … дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д нь хууль бус төлбөр хураамж авсан, өөрийн хамаарал бүхий этгээдийг  ажилд авсан ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулхад Нийтийн болон нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  11 дүгээр зүйлийн “Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт”-ыг зөрчсөн болох нь тогтоогдсон тул хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод албан бичиг хүргүүлсэн.
  • Өмнөговь аймгийн …. сумын ЕБС-н захирал А нь хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан, хууль бус үйлдлийг шалгуулах тухай гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулахад А нь хамаарал бүхий этгээдтэй хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан нь тогтоогдсон түүнд тул аймгийн Засаг даргын захирамжаар цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тооцуулсан.

Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын талаар:

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрүүл, мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.

Хяналт шалгалтаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны 7, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар тухайн байгууллагын удирдлагуудад албан бичгийг хүргүүлээд байна. Үүнд: Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга зэрэг 7 албан тушаалтан, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга зэрэг 4 албан тушаалтан.

Мэдүүлэг гаргагч нар нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон түүнд орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд мэдүүлээгүй, цалингийн орлогыг гарт олгосон дүнгээр мэдүүлэх, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, мөн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж байгууллага, хувьцааг мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн зэрэг нийтлэг зөрчлүүдийг гаргасан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн