Киргизстаны Ерөнхийлөгчийн сонгууль урьд хожид байгаагүй таагүй байдлаар дурсагдах нь. Зөвхөн тус оронд төдийгүй бүс нутгийн хэмжээнд түүхийн он тооллын хуудсанд таагүй нэрээр бичигдэхүйц үйл явдлаар дүүрэн “хар” сонгууль болж өнгөрлөө.

Хэрвээ Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд албан үүргээ гүйцэтгээд хууль ёсоор сонгогдсон төрийн тэргүүнд засгаа хүлээлгэж өгсөн бол улс орны тогтворгүй байдлыг эцэслэн дүгнэж, засгийн эрх бүхэлдээ чөлөөт тайван замаар шилжих сонгууль боллоо гэх үгс хэвлэлийн хуудаснаа зурайх байв.

Гэвч байдал эсэргээрээ сонгуулийн компанит ажил өрнөж байхад л хууль бус сурталчилгаа, дүрэм журам зөрчсөн үйл явдал ил цагаандаа гарсан. Тэд “шударга, цэвэр сонгууль явуулъя” гэсэн улстөрчид, төр болон нийгмийн зүтгэлтнүүд, эвсэл, хөдөлгөөнийхний Киргизстаны Ерөнхийлөгч, сонгуулийн ерөнхий хорооны дарга, Ерөнхий сайдад хандсан шаардлага, анхааруулгыг хүлээж аваагүй.

Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Алмазбек Атамбаяв өөрийн намынхаа нэр дэвшигч Ерөнхий сайд асан Сооранбай Жээнбековыхыг илт дэмжиж, шударга бус байдал үүсгэж байв. Уг нь Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшигч бүхэнд адилхан байдлаар хандах нь наад зах нь ёс зүйн асуудал, цаашлаад хууль ёсны үйлдэл. Ерөнхийлөгч ингэж байхад Засгийн газрын гишүүд, шашны зүтгэлтнүүдийн хийсэн сонгуулийн ил сурталчилгаа бол ёстой дүүрсэн хэрэг.

Үүнийг дагаад орон нутгийн удирдлагууд шууд болон шууд бусаар сонгуулийн сурталчилгаанд оролцсон баримт олон бий. Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр бүхий суртгалчилгааны салбарыг хуулж хаясан, сонгогчидтой хийх уулзалтыг нь санаатайгаар үймүүлж тараасан, сурталчилгааны штабыг нь хаах зэрэг эрээ цээргүй үйлдлүүдийг Сооронбай Жэнбэковын гол өрсөлдөгчид зарим район, мужийн засаг захиргааны удирдлагуудаар дамжуулан хийж байлаа. Энэ бүхэн дээрээс шидсэн чулуу гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Түүнчлэн Жогорку Кенешийн депутат Канат Исаевыг төрийн эргэлт хийх гэсэн хэмээн баривчилсан. Үүний цаад шалтгаан нь ердөө С.Жээнбековын гол өрсөлдөгч Омурбек Бабановын “Республика” намын удирдагч, Жээнбековын рейтинг, нэр хүнд олон нийтийн дунд унасантай холбоотой. Өрсөлдөгчөө “зайлуулж” өөрийн хүнээ хамгаалах тактик.

Ийм ажил зохион байгуулсан хүмүүст сонгуулийн сурталчилгааны үеэр худал мэдээлэл тараана гэдэг гарын үзүүрээр хийх ажил. Энэ нь ч илэрч байв. Нэр дэвшигч нэрээ татлаа, намууд нэгдэж, эвслээ гэх мэдээлэл борооны дараах мөөг шиг олширч байв. Нэр дэвшигчид бие биеэ заналхийлэх, сэтгүүлчдийг мөрдөн хавчих явдал ч гарсан. Төрийн ТВ телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн сувгууд сонгуулийн хуульд харш бусармаг сурталчилгаанд оролцов. Энэ бүхэн бас л дээрээс гаргасан явуулга.

Хамгийн ичгүүртэй нь энэ мэт явдлуудаас болж ажиглагчийн төлөөлөгч сонгуульд ажиглагч хийхээс татгалзсан тохиолдол гарлаа. Арга ч үгүй биз бусдын бичиг баримтаар санал өгөх, саналын хайрцагт 20, 30 саналын хуудас нэг дор хийхийг завдсан тохиолдлууд олон гарсан. Сонгуулийн комиссын гишүүн хүртэл 56 саналын хуудас оруулах гэж оролдоод баригдаж хөгөө чирсэн.

Ийм бусармаг сонгуулийг хууль ёсны сонгууль болсон гэж үзэх хүн олон нийтийн дунд алга. Тэд Сонгуулийн дахин хийж, бүх зүйлийг хууль ёсны дагуу хийхийг хүсч байна. Олон улсын ажиглагчидтай, төрийн оролцоо, тэдний нөлөөгүйгээр өөрсдийн төлөөллөө сонгохыг хүсч байна. Нэгэнт хууль бус сонгуулийн үр дүн гарсан учраас одоо энэ улс хэн нэг хүний хүслээр, зарим бүлэглэл, фракцийн нөлөөгөөр явахдаа хүрлээ. Тиймээс тэдний улс орныг замбраагүй байдалд оруулах гэсэн оролдлогод хориг тавих шаардлага гарч байна.

Х.ОЧ

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн