Өчигдөр (2017.10.18) Америкийн Мэрилэнд мужийн Харфорд тойрогт зэвсэгт этгээд гал нээж гурван хүнийг хөнөөн, хоёр хүнийг шархдуулсан хэрэг гарлаа. Мэрилэнд мужийн цагдаагийн газраас Эжвудэд лхагва гаригийн өглөө ажлын байранд болсон буудалцааны үеэр амиа алдагсдын нэр тодорхой болсон гэнэ. Тус буудалцаанаар гурван хүн амиа алдсаны нэг нь Монгол Улсын иргэн, 53 настай Түдэвийн Баярсайхан аж. Мөн 34 настай Хосе Идальго Ромеро, 48 настай Энис Мрволяк нар аж. Шархдаж, ухаангүй хүргэгдсэн хоёр хүнийг Мэрилэнд мужийн их сургуулийн хүнд гэмтлийн төвд хүргэсэн байна.

Буудалцаанд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд уг мэдээллийг яаралтай дуулгаж чадаагүй аж. Сэжигтэн болон амиа алдсан хүмүүсийн ажилладаг байсан “Advanced Granite Solutions” компанийн эзэн Бурак Кабагийн хэлснээр сэжигтэн этгээд боржин чулууны тус үйлдвэрт машинистаар ажилладаг. Харин Т.Баярсайхан, Ромеро, Мрволяк нар боржин өнгөлөгчид байсан гэнэ.

Каба Т.Баярсайхан, Ромеро, Мрволяк нарыг “хамгийн сайн хүмүүс байсан. Тэд хамт олон руугаа дуугаа ч өндөрсгөж харьцдаггүй байсан” хэмээн ярьжээ. Сэжигтэн Радей Лабиб Принсийг 10 цаг эрж сурвалжилсны эцэст лхагва гарагийн орой Делавэр мужийн Ньюаркаас саатуулсан байна. Цагдаагийнхны баталж буйгаар тэрбээр буудлага хийсэн “Advanced Granite Solutions”-д ажилладаг байсан бөгөөд буудалцаан болдог өдөр ч ажиллах ёстой байсан гэнэ. Тэобээр ямар шалтгаанаар аллага үйлдсэн болох нь тодорхойгүй байна.

Энэ хэрэг явдалтай холбогдуулан өнөөдөр (2017.10.19) Гадаад хэргийн яам хэвлэлийнхэнд мэдээлэл түгээлээ. Үүнд:

АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр америкийн иргэн хамт ажиллаж байсан 5 хүнийг буудаж, 3 нь нас барсан хэрэг гарсан. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нас барсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон болно.

Нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Гадаад харилцааны яам Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно хэмээн өгүүлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн