“Samsung” эрсэн зүйлээ олох ухаалаг түлхүүрийн оосор худалдаанд гаргана

“Samsung” компани эрсэн ямар ч зүйлээ олох боломжтой “Connect Tag” ухаалаг түлхүүрийн оосроо танилцуулахад бэлэн болжээ. Уг түлхүүрийн оосрыг цүнх, автомашины түлхүүр, хүүхдийн үүргэвч, тэжээдэг амьтныхаа хүзүүвчинд гээд хүссэн зүйлдээ зүүж, хаана байгааг нь илрүүлэх боломжтой юм. Энэ бол интернэтийн нарийн зурваст технологийн төхөөрөмж бөгөөд эрчим хүчний хэрэглээ багатай гэдгээрээ онцлогтой. Тиймээс нэг удаа цэнэглэлтээр долоо хоног ажиллана.

Шинэ бүтээл GPS, Cell ID болон Wi-Fi цэгэн координатаар тодорхойлдог WPS-ээр ажилладаг. Үүгээр өрөөнд мартсан болон гадаа байгаа эд зүйлсийнхээ байрлалыг тогтоох боломжтой. Түлхүүрийн оосрыг зөвхөн Android загварын гар утсаар удирдаж болох бөгөөд iPhone-той хосолдог эсэхийг “Samsung”-ийнхан мэдээлээгүй байна.

Connect Tag нь ромбо хэлбэртэй, 4.21 см хэмжээтэй бөгөөд 1.19 см өргөн юм. Түлхүүрийн оосрын гадна биет тоос, чийгнээс ч хамгаалагдсан гадаргуутай аж. Энэ бүтээлийг өнөөдөр, маргааш Сан-Францискогийн “Samsung Developer Conference 2017” бага хурлын үеэр үзүүлэх юм байна. Эхлээд энэхүү төхөөрөмж зөвхөн Өмнөд Солонгост худалдаанд гарах бөгөөд ойрын хугацаанд бусад зах зээлд нийлүүлэгдэх гэнэ. Шинэ бүтээлийн үнийг сүүлд зарлах юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн