Улаанбаатар/МОНЦАМЭ/ Хоёр жилийн хугацаанд 300 орчим мянган иргэн ядуусын эгнээнд шилжжээ. Үндэсний Статитистикийн Хорооноос Дэлхийн банктай хамтран Монгол Улсын ядуурлын түвшинг тодорхойлсон судалгааг олон нийтэд  өнөөдөр ил болголоо.

Дээрх хоёр байгууллага 2002 оноос хойш өрхийн орлого зарлага, амьжиргааны түвшний судалгаа болон ядуурлыг хэмжих арга зүйг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж ирснийг Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа онцолсон юм.

Энэ удаа өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны судалгааны үр дүнд үндэслэн ядуурлын түвшинг тооцжээ.

Тус судалгаагаар  2014 оны тоон үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулсан байна. Тодруулбал  Монгол Улсын ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь хүрсэн нь 2014 оноос 8 функтээр огцом нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. 2015-2016 онуудад эдийн засаг нийгэмд бий болсон сөрөг цочрол үүсэхэд 273,5 мянган иргэн эргээд ядууралд орсныг статистикчид  тодотгов. Өөрөөр хэлбэл  Монгол Улсын 3 сая хүн амын 907.5 мянга нь ядууралтай байна гэсэн үг. 2014 онд 634 мянга байсан бол сүүлийн хоёр жилд огцом өсөлт үзүүлжээ.

Эдийн засгийн хурдац саарснаас үүдэн ядуусын тоо нэмэгдснээр тайлбарлагдаж буй бөгөөд 2012-2014 онд эдийн засаг 20 хувиар өссөн бол 2015-2016 онуудад дөнгөж 3.6 хувиар л өсчээ. Түүнчлэн өнгөрсөн онд барилга, шинжлэх ухаан, техникийн салбарын үйлдвэрлэл 7.4 хувиар буурсан бөгөөд энэ үед 16.7 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэний зэрэгцээ 2015-2016 онд цалин тэтгэвэр нэмэгдээгүй нь амьжиргааны түвшинд нөлөөлжээ.

Харин хот хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулбал хөдөө орон нутагт ядуурал илүү нэмэгдсэн байна. Монгол Улсын нийт хүн амд хөдөөгийн хүн амын эзлэх хувь бага ч орон нутагт  ядуурлын түвшин 10.1 пунктээр өссөн байна. Тухайлбал, хөдөөд ядуурлын түвшин 2014 онд 2012 оноос 11.7 пунктээр буурч байсан бол  2016 онд  10.1 пунктээр өсчээ.Энэ нь эдийн засаг, нийгэм, байгаль, цаг уурын  хүндрэлийн улмаар  ядууралд орсон байна. Аймгуудын ядуурлын түвшинг авч үзвэл Увс, Орхон, Хөвсгөл, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгуудаас бусад аймгуудад ядуурлын түвшин улсын дунджаас дээгүүр гарчээ.

Мөн ядуурлыг ам бүлийн тоогоор нь авч үзвэл таван ам бүлтэй айл өрхүүд ядрууралд хамгийн их өртсөн байна. Улмаар өрхийн тэргүүлэгчийн боловсролын түвшингээр нь авч үзвэл дээд боловсролтой иргэд ядууралд өртөх нь бага байгаа бөгөөд бүрэн дунд боловсролтой иргэд ядууралд хамгийн их өртсөн аж.

2012 оноос хойш эдийн засгийн өсөлтийн хурдац саарч эхэлсэн бөгөөд улсын эдийн засгийн хүндрэл иргэдэд хэрхэн нөлөөлдгийг дээрх судалгаа харууллаа хэмээн албаныхан  онцлов.

 Эх сурвалж: http://www.montsame.mn/read/69260

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн