Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр Дэлхийн хүнсний өдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнгийн санаачилгаар дээрх эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Улсын хэмжээнд 2000 гаруй хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дээрх үйлдвэрүүд эрүүл хүнс үйлдвэрлэх, бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэгт салбарынхан төвлөрч байна.



ХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох ярихдаа, 
“Дэлхий нийт 1981 оны 10 дугаар сарын 16-наас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэж ирсэн. Энэ жил “Хүнсний аюулгүй байдал хөдөөгийн хөгжил” уриан дор тус өдрийг 108 орон тэмдэглэж байна.   Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлаар Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд тодорхой судалгаа тооцоо шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийг ХХААХҮЯ батлуулахаар ажиллаж байна. Хүнсний хангамж, шимт тэжээллэг байдал, дотооддоо 100 хувь хүнс үйлдвэрлэх боломжийг бий болгоход дээрх хөтөлбөрийн зорилго чиглэх юм. Хэдий сайн үйлдвэр байгаа ч зах зээл жижиг учир борлуулах хүрээ нь хумигдмал учир  хүнсний үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаа ашиглаж чадахгүй байгаа.  Тиймээс хүнсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн малчдын гараас хэрэглэгчийн ширээн дээр очих хүртэлх бүх дамжлагын гарал үүсэл, түүхийг илтгэх  цогц сүлжээг бий болгож программчилахаар салбарын яам ажиллаж байна. Ингэснээр хүнсний сүлжээн дэх зохистой үйлдвэрлэлийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Хэрэглэгч дэлгүүрээс QR код уншуулахад л тухайн бүтээгдэхүүний гарал үүсэл бүхий түүх нь гарч ирдэг  мэдээллийн баазыг  үүсгэх юм.  Мэргэжлийн хяналт хүнсний аюулгүй байдалд дүн шинжилгээ хийдэг байгууллага.  Тус байгууллагын шалгалтаар 1000 гаруй үйлдвэрт хяналт шалгалт хийхэд дийлэнх нь дунд эрсдэлтэй гэж гарсан. Эндээс харахад түүхий эд бэлтгэхээс эхлээд үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын шатанд зохистой зөв дадлыг бий болгох нь чухал  юм.  Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтэд хүнсний хангамж, хүртээмж,  шимт тэжээллэг байдал чухалд тооцогддог” хэмээв.

 
Эрдэм шинжилгээний бага хурлаар Хүнсний коллаген уургийг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийн талаар судалгаа хийснийг ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Тэрээр ярихдаа, “Монгол Улс 61 сая толгой малтай. Жилдээ 10,5 сая арьс шир бэлтгэдэг гэсэн тооцоо бий. Үүний 24 хувийг нэхий, арьс ширэн эдлэл хийхэд ашигладаг бол  75 хувийг гадагш нь хямд үнээр гаргаж байна. Малын арьс шир нь 90 хувийн коллаген агуулдагаараа онцлогтой. Энэ хэрээрээ импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бааз Монголд байна. Тиймээс ШУА-иас хагас үйлдвэрлэлийн цехэд үхрийн ширийг боловсруулж 50-60 хувийн коллаген уургийг гаргах туршилт хийсэн.  Коллагенийг яс, арьсны өвчтэй хүмүүс болон  хөгшрөлтийн  явцыг бууруулахад хэрэглэдэг.  25 наснаас эхлэн хөгшрөлтийн явц эхэлдэг. Энэхүү уургийг нөхөх бүтээгдэхүүнийг Монгол Улс гаднаас оруулж ирж байна. Тэгвэл бидний туршилтаар гаргаж ирсэн коллаген уураг азотынхоо хэмжээгээр импортын бүтээгдэхүүнээс илүү чанартай гэдэг нь нотлогдсон. Гадны коллаген бол үнэр амт оруулагч нэмдэг. Харин бидний гаргаж буй коллаген цэвэр гэдгээрээ ялгаатай. Эрүүл ахуй аюулгүй байдлын тухайд   хүнсний коллаген уургийн  нян, хүнд металлын тоо нь зөвшөөрөгдөх хэмжээнээс доогуур үзүүлэлттэй гарсан. Хоруу чанарын үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгээд байна. Цаашид техник эдийн засгийн үзүүлэлтийг  боловсронгуй болгох, клиникийн судалгааг хийхээр зорьж байгаа. Туршилт эцэслэгдвэл коллаген уургийг гоо сайхны бүтээгдэхүүн болон хүнсний  нэмэлт бүтээгдэхүүний орцод оруулах боломжтой” гэв.

Мөн үеэр хонины гурван шимт яснаас эрдсийн  бэлдмэл үйлдвэрлэх технологийн судалгааны илтгэлийг  Хүнсний технологийн дээд сургуулийн багш Н.Чимгээ тавьсан юм.

Тэрээр ярихдаа, “Энэ судалгаа бол  Хүнсний технологийн дээд сургуулийн багш нарын 6 жилийн хөдөлмөр юм. Монгол Улс жилдээ 5.1 сая хонин идэш иддэгээс дунджаар 38,1 мянган тонн яс гарч байгаа бөгөөд энэ үнэт зүйл хогийн цэг рүү шилжүүлдэг нь харамсалтай.  Эрдсийн агууламж өндөр бэлдмэл гарган авах шийдэл гаргаж үйлдвэрт шилжүүлэх инновацийг бий болгоход энэ судалгааны зорилго чиглэж буй юм. Судалгааны үзүүлэлтээр хонины дал борви, тойгны ясанд агуулагдаж буй эрдэс бодис хүний ясны эрдэстэй ижил гэж гарсан.  Үүнд үндэслэн бүтцийн хувьд хүний биеийн эрдэс бодисыг бүрэн нөхөх боломжтой гэдгийг тодорхойллоо. Энэ чиглэлийн гадны улсад хийсэн өндөр түвшний судалгаанууд ч бий.  Монголчууд их хэмжээний ясыг ашиглаж чадахгүй хаясаар байгаа учир үүнийг өөрчилж баялаг болгох замаар хүний эрсдсийг хонины гурван шимт яс нөхнө гэдгийг Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нар болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаараа бид нотолж байна. Хонины мах бусад махнаас илүү амин хүчил, тэжээллэг чанар нь илүү байхын зэрэгцээ яснаас нь  хүний эрдсийг нөхөх бэлдмэл гаргах  бүрэн боломжтой” гэлээ.

Ийнхүү “Хүнсний аюулгүй байдал” Эрдэм шинжилгээний бага хурлаар приобиотек бэлдмэлийн технологийн судалгаа, хатуу буудайн гурилаар зөөлөн буудайн чанарыг сайжруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Эх сурвалж: Б.ЗАЯА
Гэрэл зургийг Т.ЧИМГЭЭ
МОНЦАМЭ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн